Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Enkhtsolmon Enkhbayar

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр нь хүн тоон гарын үсэгтэй болох гэдгийг онцоллоо. Мөн оны эцэс гэхэд “e-Mongolia” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна гэсэн юм. Цахим гарын үсгийн тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, token болон ухаалаг утсанд суурилуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа Read More »

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ

Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрөл, лиценз авах, сунгах, цуцлах процесс тодорхойгүй, удаан, хүнээс хамаарсан, төрөөс лавлагаа тодорхойлолтыг заавал бичгээр, албан бичгээр хүсэлт хүргэж, хариуг нь очиж авах шаардлагатай гэх мэт төрийн үйлчилгээний уламжлалт хэлбэр нь бизнес эрхлэгчдэд зардал чирэгдэл, цаг хугацаа их зарцуулахад хүргэдэг. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “и-Монголиа академи” УТҮГ, “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ болон бусад төрийн байгууллагууд хамтран “e-Business” платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа. e-Business платформ нь компани байгуулахад шаарддаг компанийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгөө бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамга захиалгын хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдвэрлэж, бүх үйл явцыг 2 хүртэлх хоногт шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээг авахад аливаа албан бус зардал гаргахгүй, цаасан бичиг нэхэхгүй бөгөөд 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ буюу нийт 685 үйлчилгээг холбосон.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ Read More »

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох “Шилэн” ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Салбарын Улсын ерөнхий байцаагч С.Ганзориг: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн “Хаалттай”, “Хязгаарлалттай” гэж заасан мэдээллээс бусад олон нийтэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай мэдээллийг ил болгож, байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар чиглэл өгөв. Мэдээллээ үнэлж ирүүлээгүй 12 аймаг, мөн мэдээлэл ирүүлсэн ч хуулийн хэрэгжилтийн шаардлага хангаагүй, мэдээлэл дутуу 9 аймагт хугацаатай үүрэг өгч ажиллалаа. 2023.04.05

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө Read More »

E Business платформыг өнөөдөр нээж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна. ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийднэ. Бизнес эрхлэгч танд зориулав.

E Business платформыг өнөөдөр нээж байна Read More »

АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Oracle корпораци нь Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан компьютерын технологийн корпораци бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том программ хангамжийн компани болсон өгөгдлийн сангийн программ хангамж, технологи, үүлэн инженерчлэлийн системүүд болон программ хангамжийн бүтээгдэхүүн борлуулдаг корпораци юм. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Oracle корпорацийн төрийн байгууллага хариуцсан захирал Иван Тимофеев тэргүүтэй төлөөлөлтэй өнөөдөр /2023.04.05/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн олон байгууллага байдаг талаар онцлов. Уулзалтаар Oracle өгөгдлийн санг ашиглаж буй Монгол Улсын төрийн байгууллагуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон төрийн байгууллагын программ хангамжийн хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Oracle өгөгдлийн санг Үндэсний дата төв, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллагууд ашигладаг бөгөөд Үндэсний дата төв нь 2014 оноос Oracle, Exadata X4 engineered системийг төрийн мэдээллийн үндсэн болон суурь мэдээллийн сангууд дээр ашиглаж эхэлсэн. 2021 оноос эхлэн Oracle Exadata X8M-2 engineered системийг ашиглаж байна. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 06 дугаар сард зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Oracle компаний төлөөллийг оролцохыг урилаа.

АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ Read More »

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө

Хууль зүй, дотоод хэргийн яам “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, дагалдах хуулийн төслийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахим хуудастаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлсэн. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр /2023.04.04/ сэтгүүлчид болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт эрх зүйн орчинтой нь уялдуулж байгууллага бүрт төлөвшүүлж, институтчилах асуудлыг суулгах ёстой. Хуулийн хэрэгжилт батлагдсаны дараа гэж үзэж байна. Мөн хуулийн процесс нь тодорхой байх ёстой. Аливаа органик хуулиудын процессыг нь нарийвчлахгүй бол процесс дээрээ асуудлууд гардаг. Мөн шүгэл үлээх нэрийн дор бусдын нэр хүндэд халдах, хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь давхар бодох шаардлагатай. ШҮЭБТ хуулийн төслийг олон талаас нь хэлэлцэж, иргэд олон нийтийн хэлэлцүүлгээр шүүсийг нь сайн шахаж, өргөн хүрээнд зохион байгуулж, иргэдийн санал, олон улсын туршлага, онол эрх зүйн суурин дээр үндэслэж, шинжлэх ухааны үндэслэлтэй батлах болно гэдгийг онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнгөнцэцэг хэлэлцүүлгийн дэг болон оролцогчдыг танилцуулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тус хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн танилцуулга хийж, Нээлттэй нийгэм форум ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа хуулийн төсөлд өгөх санал шүүмжийг танилцуулав. Хэлэлцүүлэгт ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар шүгэл үлээгчийн эрх зүйн байдалд анхаарал тавьж, хуулийн томъёоллыг сайжруулах зорилгоор тодорхой хэдэн зүйл заалтын тухай хэлсэн саналдаа: Санал:1 Бичгээр гаргана гэдэг хязгаарлалтыг эргэж харах ёстой. Шүгэл үлээгч нийгэмд үүссэн ноцтой асуудалд анхаарал хандуулж мэдээлэх гол зорилго агуулж байгаа. Үүнийг цахим орчинд видео хэлбэрээр үзүүлж болно. Өөр бусад бүх хэлбэрийг зөвшөөрсөн байдлаар тодорхойлохгүй бол бичгээр ирээгүй гээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, шүгэл үлээгч болохгүй юм шиг ойлгогдож байна. Санал:2 Шүгэл үлээгч бол хоёр зүйл дээр анхаарлаа хандуулна 1. Би хариуцлагаас чөлөөлөгдөх үү? 2. Хамгаалагдаж чадах уу? Шүгэл үлээгч нь хамаарал бүхий этгээдийн хамт хуулийн хамгаалалтад байх ёстой. Хамгаалах гэж байгаа бол хамгаалах арга хэрэгсэл маш тодорхой байх ёстой. Хуулийн хамгаалалт үүсгэх, хууль хяналтын байгууллага илүү санаачилгатай байх, нэгэнт өөрийн амь нас, ирээдүйг эрсдэлд оруулж шүгэл үлээж байгаа энэ тохиолдолд тэр хүний өмнөөс очиж ажиллагаа хийх, санаачилгатай байх талаас нь үүргийг нь бичиж өгөхгүй бол хүсэлт гаргавал авна, шүгэл үлээсэнд тооцно, хүсэлт гаргахгүй бол хамгаалахгүй, бичгээр ирүүлэх ёстой гээд хязгаарлачхаар гол зорилгоо биелүүлэхгүй байгаа үр дагавар үүсгэчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас томъёолол дээрээ эргэж харах хэрэгтэйг дурдлаа. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Нийтийн эрүүл мэнд, Хүрээлэн буй орчин, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд үйлчлэх бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө Read More »

Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэдээлэл ил боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1. Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна. 2. Улсын хэмжээнд нийт 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлээд байна. 3. Нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт аймаг, нийслэлийн хувьд дунджаар 43.03%-тай байсан бол 47.3%, яамд дунджаар 66.09%-тай байсан бол 71.56% болж тус тус өссөн байна. 4. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон. 5. 2023 оны 3.27-ны өдөр 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрөл нээлттэй болсон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна.

Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэдээлэл ил боллоо Read More »

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс хурдан, шуурхай авах боломж бүрдлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаад 3 сар болж байна. Тус байгууллага нь өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 14 цэгт нээгээд байна. Мөн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэхээр БНСУ-ын Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австрийн Вена хотод Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Өнөөдрийн байдлаар нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 ондоо үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэнэ. Энэ ажлыг нэн яаралтай хийхэд Цахим хөгжил, харилаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ зэрэг байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, хүртээмж, тоог нэмэгдүүлж, 1000-д хүргэж иргэдэд орон зай цаг хугацаанаас үл хамаарч төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломж бүрдэнэ. Цаашид төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Монгол Улсаас хилийн чанадад дахь 47 дипломат төлөөлөгчийн газар, нийслэлийн хэмжээнд 61 цэг, 21 аймагт 4,5 дугаар саруудад ээлж дараалан нээх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Тус цэгүүд байгуулагдсанаар иргэд “ХУРДАН” гэсэн брендбүүк бүхий хаягжилттай газраас төрийн үйлчилгээг хамгийн ойроос авах боломж бүрдэх юм.

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ Read More »

“Ханбогд – Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор “ХАНБОГД – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР” форумыг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түвшинд зохион байгуулж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар форумд оролцож Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд ЦХХХЯ хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа гол ажлуудаа танилцууллаа. Үүнд: 5G нэвтрүүлж эхэлнэ Аймаг, сумаасаа төрийн 800 орчим үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “ХУРДАН” цэгээс авах боломжийг бүрдүүлнэ. Төрөөс өгч байгаа бүх зөвшөөрлийг цахимаар олгох E business системийг нэвтрүүлнэ Хүнд сурталгүй, авлигалгүй нийгмийг бүтээх цахим шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ Иргэд төрийн цахимжих боломжтой бүх үйлчилгээг цаг алдалгүй, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхэд манай яам гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэсэн юм. Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, агентлагууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, тус суманд уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлүүдийн талаар ярилцахаас гадна “ХАНБОГД 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон бий болох эдийн засгийн боломжуудын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж нээлттэй санал солилцож байна.

“Ханбогд – Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна Read More »

Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа

Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын (ахлах) байцаагчдыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарын бодлого, чиглэл, хууль эрх зүй, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах зорилгоор нэгдсэн арга хэмжээг  2023 оны 03 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Энэхүү арга  хэмжээг мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдын төрийн албан хаагчийн шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж байна. Хяналт шалгалтын арга хэлбэрийг илүү боловсронгуй болгох, хяналт шалгалтаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулж буй бэрхшээл, хүндрэлийг хөнгөвчлөх, шалгаж торгохоос илүү зөвлөн тусалж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн талархлыг хүлээсэн шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллахыг улсын байцаагчдад чиглэл болгож, амжилт хүслээ. Уг арга хэмжээний хүрээнд “Сэтгэлгээний шинэлэг арга хэрэгслүүдийг төрийн бодлогод ашиглах нь”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын болон хяналт, шалгалтын бодлого, чиглэл” гэсэн 2 үндсэн бүлэг сэдвээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж, энэ хүрээнд оролцогч байгууллагууд болох Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн прокурорын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, төслийн зөвлөхүүд илтгэл танилцуулга хийж, мэдээлэл солилцон, салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа Read More »