Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Enkhtsolmon Enkhbayar

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ? 2022.05.03 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна. Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой. Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой. Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой. Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой. Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ? Read More »

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

ҮЙЛ ЯВДАЛ Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд 2022.05.01 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд Read More »

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв. Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн. Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Read More »

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо 2022.04.23 Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.23/ боллоо. Тус тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр  “Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдсан ирсэн. Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж ажиллах болно. Мөн бид зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирнэ. Тэр үндэсний баг нь зөвхөн өөрсдөө олон улсад өрсөлдөөд зогсохгүй дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх талаар ч мөн бодлогын төвшинд ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл тэмцээнд оролцож буй багуудад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэмцээнд Шинэ Монгол, ХААИС, МУИС, ШУТИС, Монгол Коосен ҮБХИС -аас бүрдсэн нийт 15 баг оролцож байна. Багууд өнөөдрийн хэлэлцүүлгээс эхлэн оноогоо цуглуулж эхлэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо Read More »

Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна 2022.04.18 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх 05 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа нар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Д.Сүнжид нартай өнөөдөр уулзаж, уг хуулиудыг дагаж гарах эрх зүйн актын боловсруулалтын явц, бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон асуудлууд сүүлийн үед хөндөгдөж буй учир хүний хувийн мэдээллийг хамгаалахад хоёр байгууллага нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн шинэчлэн батлагдсан хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд тэнцвэртэй, зөв мэдээлэл ойлголт өгөх, олон нийтэд таниулан сурталчлахад Комиссыг хамтран ажиллахыг тус яамнаас хүсэж, хоёр байгууллагын төлөөлөл дахин уулзаж, журмын төслийг эцэслэн боловсруулахаар тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна Read More »

Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.18 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ болон ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлал, сансрын технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл, загвар боловсруулах, хиймэл оюуны судалгааг хөгжүүлэх, салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац, технологийн экосистемийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэлд хамтарч ажиллах юм.  Энэ үеэр санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлын  төлөвлөгөөнд ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо болон ШУА-ийн Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар гарын үсэг зурлаа. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд тусгажээ. Үүнд: Сансар судлал, сансрын технологитой холбоотой эрхзүйн орчин бүрдүүлэх, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, газрын станц барьж үр дүнтэй ашиглах, гадаадын хөгжингүй орнуудын шинэ технологийг нутагшуулах, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд шаардлагатай судалгаа хийх; Сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох; Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологи дамжуулах, стандарт нэвтрүүлэх, туршилт судалгааг гүйцэтгэх, гарын авлага, технологийн заавар, зөвлөмж боловсруулах; Сансар судлал, харилцаа холбооны чиглэлийн судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хамтран ашиглах замаар өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дундын судалгааны лаборатори, мэдээллийн сан бүхий төв байгуулж салбарын хүний нөөцийг дадлагажуулан сургаж мэргэшүүлэх; Хиймэл оюун, машин сургалт, юмсын интернэтэд суурилсан бүтээгдэхүүн бий болгох, нээлттэй өгөгдлийн бодлого боловсруулах; Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын баримт бичиг, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах, салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; Судалгаа хөгжүүлэлт-Үйлдвэрлэл-Бодлого боловсруулагч нарын хамтарсан хурал, семинар, хэлэлцүүлгийг улс, олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах; Олон улсад өрсөлдөх чадвартай салбарын үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх зорилтыг хангахын тулд судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан гадаад зах зээл рүү чиглэсэн, импортыг орлох үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Сансрын технологи, өгөгдлийн шинжээч, хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох их, дээд сургуультай хамтран ажиллах; Үндэсний контент үйлдвэрлэлийн төв байгуулах болон тоон контент хөгжүүлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх; Байгууллагын дотоод дүрэм, журмын хүрээнд оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан нээлттэй солилцох, ашиглах;     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Read More »

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технлогийн чадварыг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурав. Санамж бичиг байгуулсанаар талууд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн мэдлэгтэй холбоотой одоо байгаа нөхцөл, сорилтуудын талаар судалгаа хийх, тоон бичиг үсгийн ур чадварын хүрээ, түүнийг Монгол Улсад хэрэглэх боломжийн талаар харьцуулсан судалгаа хийх зэргээр хамтран ажиллана. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичигтээ дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсгийн боловсрол, инновац ба дижитал контент үйлдвэрлэл болон үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх, цахим хүртээмжийн ялгаатай байдлыг арилгаж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллахаар болж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад өрнөж буй цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, 2030 он гэхэд хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарах аж. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өөрийн “Дижитал стратеги”-ийн дагуу ядуурлыг арилгах, бүтцийн өөрчлөлтийг хурдасгах, аливаа бэрхшээл, гамшигт бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах дижитал технологийг судлан туршиж, түгээн дэлгэрүүлэх замаар уян хатан, ил тод, үр дүнтэй түншлэл бий болгохыг зорьж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Read More »

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна 2022.04.09 Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна Read More »

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд найрамдах Эстони улсын Цахим Засаглалын академи хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Эстони улсын талаас Цахим Засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нар гарын үсэг зурж, баталгаажуулав. Санамж бичиг байгуулснаар дараах чиглэлд талууд хамтран ажиллана: Үүнд Цахим Засаглалын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, түүний дотор төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах Шинэ, шинэлэг, дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд туршлага солилцох, Дижитал шилжилтийн стратеги болон цахим засаглалын зохицуулалтын загвар зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх Кибер аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхыг сайжруулах Мэдээллийн технологи, программ хангэамжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг аутсорсинг хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллахаар тохиролцов.Эстонийн Цахим Засаглалын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улсын 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Тус байгууллага нь цахим засаглал, цахим ардчилал, кибер аюулгүй байдал болон нээлттэй нийгмийн төлөө мэдлэг, чадвар, шилдэг туршлага бий болгох, түгээн дэлгэрүүлэх зориулго бүхий сургалт, судалгааны байгуулага юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Read More »

Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий

ҮЙЛ ЯВДАЛ Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий 2022.04.08 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, тус улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток Монгол Улсад айлчлах үеэр www.gogo.mn-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Дэлхий дахинд e-estonia гэгдэх болсон Эстони улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлж шагшигдах болсон бэ. Эстонийн Засгийн газар цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн нууц нь юунд оршдог вэ? -Эстонийн дижитал шилжилтийн бодлого 25 жилийн өмнөөс эхтэй. ЗХУ задарсны дараа буюу 1991 онд Эстони тусгаар улс болсон. Тухайн үед төр засагт хүн амын тоо, иргэдийн хувийн өмчийн бүртгэл гэх зэрэг ямар ч мэдээлэл байгаагүй. Иймээс хүн амын тооллогыг дахин явуулахаар болов. 1990-ээд оны эхэнд Засгийн газрын сайдууд бүгд шижигнэсэн залуус байлаа. Тухайлбал тухайн үеийн Ерөнхий сайд 33 настай байсан юм. Иймээс Засгийн газрын зүгээс цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах эрс шийдэмгий алхам хийж, тусгай хөтөлбөр боловсруулсан. Тус хөтөлбөрийн гол зорилго нь нэгдсэн мэдээллийн санг шинэчилж, цахимжуулахаас гадна төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхэх байдлыг халах, иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр иргэд төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломж бүрдсэн. 25 жилийн өмнө дижитал шилжилт, цахим засаглал гэдэг ойлголт байгаагүй ч Засгийн газар ирээдүйд цахим ертөнц эрчээ авна хэмээн итгэсэн нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн юм. -Дижитал шилжилтийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлсэн бэ? -1997 онд e-estonia хөтөлбөрийг эхлүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэцдээ дөрөөлөн 2000 оноос төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн юм. Тухайлбал, 2000 онд Засгийн газар E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх боломж бүрдсэн. Мөн E-Tax Board системийг нэвтрүүлснээр хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болсон. Өмнө нь татварын мэдээллийг цуглуулахын тулд 250 хүн нэг сар болгон ажилладаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, иргэд таван минутад татвараа мэдүүлж, татварын буцаалтаа тав хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой имэйлтэй болсон. Тус и-эйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2002 онд E-Kool буюу цахим сургуулийн үйлчилгээ, 2005 онд i-Voting үйлчилгээг нэвтрүүлж сонгуулийг цахимаар өгдөг болсон юм. Мөн E-Police, E-Health E-Court, E-Law, M-Parking /Mobile Parking/ үйлчилгээг цахимжуулсан. -Цахим шилжилт Эстонийн төрийн бүтээмж, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн вэ? -Эстонид иргэд төрийн байгууллагын үйлчилгээг уламжлалт аргаар авахын тулд ирж, очих, дараалалд зогсох гээд ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг байсан. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд гэртээ суурин компьютероор нэвтрэн орж, 30 минут л зарцуулдаг болсон. Дээр дурдсанчлан өнөөдөр Эстонид иргэн бүрийн бүх мэдээлэл нэгдсэн санд байдаг. Ингэснээр төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг бөгөөд иргэдийг бичиг баримттай хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан. Дижитал шилжилтийн хүрээнд манай улс өнөөдрийг хүртэл нэг тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар хоёр тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий. -Таны хувьд Монгол Улсад гурван жилийн өмнө айлчилж, e-Mongolia системийн эхлэлийг тавьж байсан. Тухайн үед Монголын нөхцөл байдал ямар байсан вэ? -Цахим засаглалыг хөгжүүлэхэд бодлого, стратеги, дэд бүтэц, технологи, иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван хүчин зүйл маш чухал нөлөөтэй. Гурван жилийн өмнө намайг анх ирж байхад цахим засаглал, дижитал шилжилтийг Монголын төр засгийн зүгээс дэмжиж буйг анзаарсан. Манай улсын “Цахим Засаглал”-ын академи нь дэлхийн олон улсад сургалт, семинар явуулдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд төр засгийн дэмжлэггүй бол аливаа улсад цахим шилжилт хийх хэцүү гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Монголын Засгийн газар цахим шилжилт хийх үйлсэд манлайлал үзүүлсэн нь авууштай. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахим шилжилт хийхэд цар тахлын нөхцөл байдлыг овжин ашигласан гэхэд болно. Хөл хорионы үед иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжийг нь бүрдүүлж өгсөн байсан. Өнөөдөр Монголд гар утастай, интернеттэй хүн e-Mongolia системийг ашиглах боломжтой. -E-Mongolia системийг хөгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдөр монголчуудын хамгийн их хэрэглэдэг аппликейшны нэг болсон. Монгол Улсын цахим шилжилтийн үйл явцыг хэрхэн харж байна вэ? -E-Mongolia системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт тавьж байсан. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээг нэвтрүүлсэн байна лээ. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Гэсэн хэдий ч миний ажигласнаар төрийн зарим нэг үйлчилгээг нэгтгэх, багасгах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн технологийн боловсрол маш чухал. Цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Иймээс энэ чиглэлд хамтран ажиллана гэж найдаж байна. -Эстонийн “Цахим Засаглал”-ийн академи Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ? -Дижитал боловсрол, кибер аюулгүй байдал, төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ташрамд хэлэхэд бид Монгол Улстай хамтран ажиллахад маш баяртай байгаа. Учир нь зөвхөн бид монголчуудыг цахим засаглалд шилжихэд сургаж байгаа биш Эстони улсын хувьд ч Монголын туршлагаас суралцах зүйл их бий. Манай улсад төрийн үйлчилгээг зөвхөн суурин компьютероос авах боломжтой. Харин Монгол Улсын хувьд суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж буй. Хэдэн сарын өмнө Эстонид төрийн үйлчилгээг гар утаснаас авах талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд энэ салбарт тэргүүлж буй улсын жишээгээр би Монгол Улсыг дурдсан. -Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд цахим шилжилт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ? –Мэдээж цахим шилжилт эдийн засагт маш чухал нөлөөтэй. Цахимжилт эдийн засгийг солонгоруулах нэг бас нэг боломж. Үүний тулд дээр дурдсанчлан мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг технологийн мэдлэгтэй болгох нь мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгнө. Тухайлбал мэдээлэл технологийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд арай өөр түвшинд орох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Миний ажигласнаар төр болон хувийн хэвшлээс гадна бүх салбарт IT инженерүүдийн хэрэгцээ маш их байгаа. Иймээс Монголын мэдээлэл технологийн эко орчныг сайжруулж өгөх хэрэгтэй.   Нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим шилжилт гэдэг бол удаан хугацааны үйл явц. Мөн байнгын шинэчлэлийг шаардаж байдаг. Эрх баригчдын зүгээс цахим шилжилтэд нэг

Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий Read More »