Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

urantsetseg

Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй

Сэтгүүлчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалтыг ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс өнөөдөр /2024.11.20/ зохион байгууллаа. Сургалтаар кибер халдлагын төрөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна бодит кейс дээр суурилан сургалтыг зохион байгуулсан юм. Тодорхой хэлбэл, “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо”, “Гаалийн хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна”, эсвэл гадаадад байдаг хамаатан садны нэрийг барин мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд нь Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм. Таны утсанд дээрх байдлаар мессеж ирэх, цахим шуудангаар мэдэгдэл илгээх, линк явуулах, эсвэл сүрдүүлэх айлгах тактикийг хакерууд ашигладаг. Жишээлбэл, тухайн илгээсэн линк рүү дараад орсон тохиолдолд таны мэдээллийг бүрэн авах боломжтой гэдгийг анхаараарай. Зөвхөн линк дээр л дарсан хэмээн бодож болохгүй үүнийг дагаад нэр, овог, утасны дугаар, регистрийн дугаарыг тань мэдээд авчихна. Улмаар дээрх мессежинд итгэн, картын дугаар, нууцлалын 3 оронтой тоогоо өгсөн тохиолдолд таны дансанд мөнгөө бүгдийг авах боломжийг халдлага үйлдэгч этгээдэд олгож байна гэсэн үг. Техник технологийн эрин үед кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй юм. Дэлхий дээр энэхүү аюулаас 100 хувь хамгаалсан улс гэж үгүй. Тиймээс халдлагаас зөвхөн вирусийн програм суулгаснаар 100 хувь хамгаалагдана гэсэн үг биш. Иргэн таны оролцоо, идэвх чармайлт 95 хувийг бүрдүүлнэ гэдгийг санаарай. Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан байгууллага руу чиглэсэн рансомвэйр халдлага түгээмэл байна. “Интермэд” эмнэлэг рүү халдсан тохиолдол нь рансомвэйр халдлага юм. Энэ нь тухайн байгууллагын мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг байна. Ийм төрлийн халдлага дэлхийн 150 гаруй улсад бүртгэгджээ. Харин фишинг халдлага гэдэг иргэдийн амархан мөнгөтэй болох, азтан болох сэтгэлгээ дээр тоглолт хийн, линкээр өгөөш өгч мэдээлэл авахыг хэлнэ. Тиймээс эрсдэлтэй линк рүү дарж орохгүй байх, хувийн мэдээллээ чанд нууцлах, албан ёсны зөвшөөрөлтэй програм ашиглах нь таныг аливаа эрсдэлээс хамгаална. Халдлага, зөрчлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн 113 дугаарт хандаарай.

Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй Read More »

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны мэдээллийг сонслоо. Уг сонсголтой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондын солилцоо хэр явагдаж байгаа талаарх мэдээллийг сонслоо. Цаасаар заавал баталгаажуулах шаардлагатай байгаа нь яамд хооронд цаасан мэдээлэл солилцох үндэс суурь болоод байгаа тул үүнийг шийдвэрлэх аргыг хайж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр цаасан мэдээллийг ор тас байхгүй болгочихвол мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах байх. Саяхан кибер аюулгүй байдлын асуудал үүслээ шүү дээ. Ийм эрсдэл байгаа учраас цаасан мэдээллийг дамжуулж байгаа байх. Тийм болохоор үүнийг зогсоох нь зөв шийдэл мөн үү гэж асуумаар байна. Хоёрдугаарт, цахим гарын үсэгт манай улс шилжсэн. Гэхдээ аливаа бичиг баримтыг нотариат дээр заавал очиж цахим гарын үсгээр баталгаажуулсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх, цаашид сайжруулах ямар боломж байгаа вэ? Гуравдугаарт, кибер аюулгүй байдал дээр бид дорвитой шийдэл гаргаж ирэх цаг нь болсон. Манайх шиг далайд гарцгүй орны хувьд кибер аюулгүй байдлаа чангатгах тал дээрээ давуу байдал бий болгох боломж байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ? ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий: Нэгдүгээрт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн гол зарчмын нэг нь иргэнээс дахин мэдээлэл нэхэхгүй, цаасан болон цахим баримт бичгийг эн тэнцүү гэж үзнэ хэмээн заасан байдаг. Эн тэнцүү гэх зарчим бол хуулиараа хуульчлаад өгчихсөн, одоо хэрэгжиж байгаа зарчим юм. Гол нь Архивын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаа шинэчлээгүйн улмаас бичиг баримтаа цаасаар хадгалсаар байгаа. Хэвлэж гаргаж ирээд, тамга дараад хадгалж байгаа гэсэн үг. Та бүхнээс хүсэх гол шийдэл бол Архивын Ерөнхий газрыг нийтлэг журмаа шинэчилж, хуульдаа нийцүүлээч гэсэн шаардлагыг тавих юм. Хоёрдугаарт, цахим гарын үсгээр гэрээ хийх боломж нь үүссэн. Зөвхөн нэг удаа цахим гарын үсгээ баталгаажуулаад өөрийн биеэр очсоноос хойш гэрээ хэлцлүүд цахимаар хийгдэж болж байгаа. Цахимаар хийгдсэн гэрээнүүд цаг хэмнэж байгаагаас гадна цаасаар хийгдсэнээс илүү нууцлал нь аюулгүй гэж үзэж байгаа. Яамны зүгээс тоон гарын үсгийн техник технологийг ирэх оноос шинэчилж, олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна. Ингэснээр цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр: Нийтийн мэдээллийн тухай хуулинд бүх мэдээллийг хариуцаж, боловсруулдаг мэдээлэл хариуцагч гэсэн субъект бий. Тэгэхээр тус хуулийн 6 бүлгийн 6.2-т зааснаар мэдээлэл хариуцагч нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдан зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусад арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй гэж заасан. Мэдээлэл хариуцагч яам, төрийн байгууллагууд бол өөрийн боловсруулсан системийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг өөрсдөө хангах ёстой юм. Кибер аюулгүй байдлын хуулиар хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь ЦХИХХЯ-нд байдаг. Харин хэрэгжилтийг уялдан зохион байгуулах, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохицуулах нь Ажлын албанд харъяалагддаг. Саяхан Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, төр захиргааны байгууллагууд төсвийн болон бүтцийн зохион байгуулалтад онцгой анхаарах шаардлагатай гэсэн тогтоол гаргаад, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа.

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно Read More »

Кибер аюулгүй байдалдаа хөрөнгө оруулалт хийхгүй бол иргэдийн мэдээллийг алдсаар л байна

Өнгөрсөн долоо хоногт “Интермед” эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөн талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон. Ингэхдээ файл барьцаалагч “Рансомвэйр” хэмээх хортой кодын халдлагад өртөж, файлуудаа шифрлүүлэн ашиглах боломжгүй болжээ. Эрүүл мэндийн салбар нь хүний эмзэг мэдээллийг цуглуулж, хадгалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй онц чухал мэдээллийн дэд бүтэц. “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэдэг нь кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ бүхий байгууллагууд юм. “Рансомвэйр” халдлагын хамгийн өргөн цар хүрээнд тархсан, хамгийн их хохирол учруулсан төрөл нь WannaCry Рансомвэйр юм. Уг хортой код нь дэлхийн 150 орны эрүүл мэнд, тээвэр, үйлдвэрлэл, газрын тос, шатах, тослох материалын салбарыг хамарч маш их хэмжээний хохирлыг учруулж байжээ. Энэ төрлийн халдлага нь 1989 оноос хөгжиж, өнөөдөр улам хүчээ авч, ДЭМБ-аас анхааруулах хэмжээнд хүрээд байна. Халдлага үйлдэгч этгээдүүд манай улсын эрүүл мэндийн салбар руу довтолж, “Интермед” эмнэлэг өртөөд байгаа юм. Харамсалтай нь дээрх төрлийн хортой кодоор мэдээллийг олж авдаг үйлдэл дахин гарахгүй баталгаа алга. Учир нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүд дараагийн байгаа төлөвлөж, онилсон байдаг байна. Өнгөрсөн жил 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого хийгдэж, 4500-5000 нь амжилттай болдог аж. Улмаар нэхэх мөнгөний хэмжээ жил бүр өсөж 2023 онд дунджаар 1.85 сая байсан бол 2.73 сая ам.долларт хүрчээ. 2023 оны байдлаар дээрх халдлагад хамгийн ихээр өртсөн салбарууд нь эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд байна. Хакеруудын халдлагыг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжээд зогсохгүй хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Тодруулбал, 2020 онд Германы Дюссельдорьфын Их сургуулийн эмнэлэг халдлагын улмаас эмнэлгийн системүүд ажиллахаа больж, нэг өвчтөн амиа алджээ. Учир нь халдлагын улмаас тухайн өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүй байна. Дээрх шиг харамсалтай нөхцөлийг үүсгэхгүйн тулд аливаа байгууллага эхний ээлжинд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. Мөн энэ хүрээнд ЦХИХХЯ, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-аас хамтран “Эрүүл мэндийн байгууллагуудын кибер аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлтэй байдлыг хэрхэн үнэлэх, халдлагаас сэргийлэх арга замын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Кибер аюулгүй байдлаа хангахад дорвитой төсөв гаргаж, техник технологийн шинэчлэл хийж, төлбөртэй программуудыг ашиглаж хэвшихийг уриалав. УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан боловч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгаа нь тодорхой болжээ.

Кибер аюулгүй байдалдаа хөрөнгө оруулалт хийхгүй бол иргэдийн мэдээллийг алдсаар л байна Read More »

Саудын Араб газрын тосны хараат байдлаа бууруулах зорилгоор Хиймэл оюуны төв барина

Саудын Араб технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум долларын өртөгтэй хиймэл оюуны төв барих томоохон алхам хийлээ. Энэхүү санаачилга нь эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, хот байгуулалтын салбарт хиймэл оюуны шийдлүүдийг гаргаж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, судалгааны төвүүд, гарааны бизнесүүдийг эх орондоо татахад чиглэж байна. Үүний зэрэгцээ, Саудын Араб нь хариуцлагатай хиймэл оюуны хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээ амаллаа. Энэхүү алхам нь Вант Улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжийг олгож, Ойрхи Дорнодын дижитал орчныг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхөд чиглэжээ. Эх сурвалж: Technology Innovation

Саудын Араб газрын тосны хараат байдлаа бууруулах зорилгоор Хиймэл оюуны төв барина Read More »

“Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ”

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Харин үлдсэн газар нутагт ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байдалтай байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд 74 багт, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээ, Монгол орны алслагдсан бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс Монгол Улс 2027 онд “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.   Тэгвэл цаашид газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ нэвтрүүлэх ажил үргэлжлэх үү эсвэл үндэсний хиймэл дагуулаар асуудлыг шийдвэрлэх үү гэдэг асуултыг Мобиком корпорацийн зүгээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ тавьсан юм. Ц.Баатархүү сайдын хувьд Монгол Улс 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах асуудал цаашид үргэлжилнэ. Энэ ажилд оператор компаниуд идэвхтэй оролцохыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр, “Бүх нийтийн үүргийн сан”-ийн журмыг олон талын оролцоотойгоор шинэчлэх ажил хийгдэж байгаа, цаашид сангийн санхүүжилт, түүний зарцуулалтыг оновчтой болгох ажил хийгдэнэ гэдгийг онцлов. Мобиком корпорацийн зөвлөх Кобаяши Хироюки тус компанид одоогоор тулгамдсан асуудал байхгүй ч цаашид яамтай нягт уялдаа холбоотой ажил хүсэлтэй буйгаа уламжиллаа. Уулзалтын төгсгөлд, талууд дроны туршилтын бүс байгуулах, монгол инженерүүдийг зайнаас Япон улсад ажиллах нөхцөл бололцоог хангах, мэдээллийн технологийн мэргэжлээр боловсон хүчнийг сургасан компанид тодорхой хэмжээнд урамшуулал олгодог болох талаар санал солилцлоо.

“Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ” Read More »

Дэлхийн инновацын индекс | Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй”

“Дэлхийн инновацын индекс – 2024” тайланд Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G , цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг статистик мэдээлэл дутмаг улмаас 133 орноос 67 дугаар эрэмбэлэгджээ. Харин дунджаас доогуур орлоготой 38 орноос 7 дугаар байранд орсон бол Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази, Номхон далайн бүсийн 17 орноос 13 дугаар байранд жагссан байна. Статистик мэдээллээс харвал инновац шингээх тал дээр Монгол Улс 2023 онтой харьцуулахад даруй 5 байр ухарсан бол инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ дээр Монгол Улс 9 байр урагшилсан үзүүлэлт гарчээ. № Он Инновацын индекс – байр Инновац шингээх Инновац шингэсэн бүтээгдэхүүн 1 2020 58 65 54 2 2021 58 65 55 3 2022 71 81 64 4 2023 68 79 60 5 2024 67 84 51 Тэгвэл “Дэлхийн инновацын индекс – 2024” тайланг дараах шалгуур үзүүлэлтээр гаргасан байна. Шинжлэх ухаан ба инновацын хөрөнгө оруулалт Үүний зэрэгцээ, 5G, цахилгаан тээвэр зэрэгт Монгол Улс нь ямар нэгэн статистик мэдээллийг илгээгээгүй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын зүгээс зүгээс 5G -г Монгол Улсад нэвтрүүлэх тендерийг даруй зарлахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг болгоод буй. Түүнчлэн олон улсын статистик тайлан гаргадаг байгууллагуудтай холбогдож, статистик дата мэдээллээ илгээдэг байх үүрэг чиглэлийг өглөө.

Дэлхийн инновацын индекс | Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй” Read More »

Ц.Баатархүү: Технологийн томоохон компаниудтай хамтран ажиллана

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд өнөөдөр |2024.11.06| Ханжөү хотод байрладаг дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд Алибаба групп манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсныг онцлов. Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. “Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.

Ц.Баатархүү: Технологийн томоохон компаниудтай хамтран ажиллана Read More »

187 компанийн app устгагдах эрсдэлээс сэргийлж, баталгаажууллаа

            Google компаниас 2024 онд гаргасан журмын дагуу  “Google Play Store” дээр аппликейшн байршуулж үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж, байгууллагууд /ААНБ/ өөрсдийн “Google Developer” бүртгэлээ “D-U-N-S” дугаартайгаар шинэчлэх шаардлагатай болсон.  Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс тус дугаарыг нээлгэж чадахгүй байгаа болон “Google play Store” дээрх аппликейшн нь устгагдах эрсдэлд орсон 187 ААНБ-ын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, Google компанийн Google Android team, Government affairs and public policy (GAPP) багт хүргүүллээ. Өнөөдрийн байдлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Google компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын аппликейшныг устгахгүй байх, “DUNS” дугаар шаардахгүйгээр бүртгэлээ шинэчлэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд судалгаанд хамрагдсан байгууллагуудад дараах алхмуудыг хийхийг зөвлөж байна. Үүнд: Алхам 1: https://play.google.com/console/ холбоосоор өөрийн байгууллагын бүртгэлтэй “account”-руугаа нэвтэрч орно. Жич: Шинээр бүртгэл үүсгэхгүй.  Алхам 2: Үндсэн “home page” дээр “verify now” гэсэн товч дээр дарна. Алхам 3: Асуумжийн дагуу бөглөнө. Байгууллагынхаа гэрчилгээг хавсаргана.Алхам 4: Данс эзэмшигчийн мэдээллээ оруулаад бичиг баримтаа хавсаргана.  Ерөий заавар харах:  https://support.google.com/googleplay/android-developer/answer/14177239?hl=e Цаашид Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад “DUNS” дугаар олгуулах болон улсын хэмжээнд “DUNS” дугаарыг нээлгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Дэлгэрэнгүй танилцуулга: https://www.dnb.com/duns/duns-lookup.html 

187 компанийн app устгагдах эрсдэлээс сэргийлж, баталгаажууллаа Read More »

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна. Тодруулбал, oxford insight –аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2019 онд 172 орноос 123 дугаарт эрэмбэлэгдсэн бол 2020 онд 93 дугаарт эрэмбэлэгдэж, 30 байр урагшилж байв. Харамсалтай нь, 2020 оноос хиймэл оюуны бэлэн байдлаараа 10 байр ухарсан үзүүлэлттэй байна.  Тодруулбал, № Шалгуур 2020 2021 2022 2023 1 Засаглал 27.02 33.45 35.21 35.83 2 Технологи 26.27 27.24 26.68 27.71 3 Өгөгдөл ба Дэд бүтэц 60.09 50.90 49.76 38.99 Үүнд, өгөгдөл ба дэд бүтцийн шалгуур жил бүр буурч байгаа нь нөлөөлсөн байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамнаас ирэх 12 дугаар сард “Төрийн их өгөгдөл, хиймэл оюун” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнтэй уялдуулан “Төрийн их өгөгдөл ба Хиймэл оюун” үндэсний стратегийг боловсруулж, батлуулахаар ажиллаж  байна.

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна Read More »

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасеновичийг өнөөдөр /2024.10.28/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевийн айлчлалд манай улс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ үеэр мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв.   Тэрбээр “Казахстан Улс нь бүс нутагтаа мэдээллийн технологийн том тоглогч болон гарч ирж байна. Монголчууд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо бид дижитал эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн хиймэл оюун, сансар, дроны хуулийн төслийг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгав. Үүний зэрэгцээ, Казахстан Улс дроны туршилтыг бүсийг хэрхэн бий болгосон чиглэлээр туршлага судлах чиг хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.   Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович: Казахстан Улс нь цахим хөгжилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна. Улс үндэстэн бүр хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт амбицаа зарлалаа. Манай яам хиймэл оюуны чиглэлээр цаашид баримтлах 5 жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тун удахгүй хиймэл оюун ухааны хуулийн төслөө өргөн барина. Хиймэл оюун ухааны стратегийн хувьд өндөр хүчин чадлын компьютерыг дотоод болон гадаадад бий болгох, энэ чиглэлээр мэргэшүүлэх онлайн болон танхимын сургалтууд, хакатон зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхлээд байна. 2025 онд 300 мянган хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлэхээр зорьж байна. Мөн стартапуудад зориулсан хиймэл оюуны ухааны судалгаа шинжилгээний лаборатори бүхий кампус байгуулахаар ажиллаж байгааг дуулгалаа. Үүний зэрэгцээ, Казахстан Улсад дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг бөгөөд сансар судлалын чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Бид бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ онцлов. Казахстан улс нь НҮБ-ын Цахим засаглалын индексээр 24 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Кибер аюулгүй байдал болон инновацын индексээр мөн ахиц дэвшил гаргасан байна. Мөн 2025 онд багтаан тус улсын 20 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа зэргийг онцоллоо. Тус улс нь Азербайджан Улстай хамтран Каспийн тэнгисээр шилэн кабель дамжуулан интернэтийн урсгалыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр Ази Европыг холбосон интернэт ачааллыг 20 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Түүнчлэн Астана Хаб-д 1500 гаруй стартап компаниуд бойжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 600 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж байгаа бөгөөд 2026 онд гэхэд 1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. Астана Хаб нь Казахстан Улсын хэмжээнд 16 салбартай төдийгүй АНУ, Сингапур, Саудын Араб зэрэг улсуудад мөн өөрсдийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.   Талууд дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, өндөр түвшний айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулахаар тогтов.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна Read More »