Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр /2024.08.30/ хүлээн авч уулзлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: Засгийн газар цахим эдийн засаг болон шинжлэх ухаан технологийн паркуудыг хөгжүүлэх, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг бүс нутаг төдийгүй дэлхийд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь борлуулах чиглэлд онцгойлон анхаарч байна. Цаашдаа өмнө АНУ-тай хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж буйгаа онцоллоо. Түүнчлэн төлбөр тооцооны системүүдийг нэвтрүүлэх, туршлага судлах, кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлан, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүй, эдийн засгийн таатай эко системээр дэмжсэн жишиг паркийг Монгол Улсад байгуулж, Ази тивийг холбосон төв болох зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү салбарын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй Баасан гарагт уулзаж байгаа бөгөөд уулзалтаас гарсан тодорхой саналуудыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад уламжлалаа. Тодруулбал, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед шаардлагатай чипийг борлуулах нь манай улсад хориотой байгаа тул энэ асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Засгийн газар салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, энэ чиглэлд онцгойлон анхаарч буйд талархал илэрхийж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, түүнийг дагасан кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэл нь хоёр улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл тул Монгол Улсыг дэмжиж, туршлага хуваалцах, хамтран ажиллахад таатай байна. АНУ-ын талаас манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн парк, сансар судлалын чиглэлд илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.