Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

June 2023

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар Баян-Өлгий аймгийн Радио, Телевизийн Сүлжээний Газарт ажиллаа. Анх Чехословак улсын тусламжтайгаар 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтанд орж төвийн радио өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун хэсэгт дахин дамжуулж эхэлсэн түүхтэй байгууллага юм. Одоогоор Баян–Өлгий аймгийн нутаг дэвсгэрт болон Ховд, Увс аймгийн нийт 52 сум, суурин газрын хэрэглэгчдэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг болон өргөн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах, орон нутгийн казак хэлний нэвтрүүлгийг дамжуулах чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа 50-200 Вт-ын телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж, оршин суугчдыг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Баян-Өлгийн радио станцад далайн түвшнээс 4700 метрт өргөгдсөн Монгол улсын хамгийн өндөр 350 метрийн өндөр цамхаг ашигладаг онцлогтой. 2014 онд Монгол улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсан ба тус станцын радио нэвтрүүлэх станцыг орчин үеийн тоон технологиор хийгдсэн Герман улсын TRAM – 150L радио станцаар шинэчлэн сольж 2012 оны 12 сарын 12 өдөр 12 цаг 12 минутаас эхэлж анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм.

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна Read More »

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах цэгээс түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. Баян-Өлгий аймаг дахь “Хурдан” цэгийн нээлтэд : Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг эхний ээлжинд “Хурдан” цэгээс авах боломжтой бөгөөд үйлчилгээний тоог нэмэгдүүлсээр энэ ондоо 1000 хүргэх зорилготой ТЦҮЗГ-ын хамт олон ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ. Read More »

Сэлэнгэ аймагт процессын инженерчлэл хийх ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 64 тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тэдгээрийн харьяа нэгжүүд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын хэмжээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр (2023.06.19) Сэлэнгэ аймагт ажиллаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийх талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт ажлын хэсгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, ЦХХХ-ны дэд сайд, ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Батсайхан, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв” УТҮГ-ын захирал Б.Дөлгөөн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар зэрэг холбогдох албаны хүмүүс оролцон, илтгэл танилцуулж, нээлттэй санал солилцлоо. Процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Уулзалт, хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ИТХ, Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газар, Прокурор, Шүүх, аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, хууль, хүчний байгууллагууд, банк санхүү, нийгмийн салбарын болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд, Шаамар сумын ЗДТГ-ын нийт 400 гаруй төрийн албан хаагчид оролцлоо. Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэлийг хийснээр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, төрийн үйлчилгээг авах шат дамжлагын тоо багасах, төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэдэд шуурхай, хүссэн хэлбэрээр төрийн үйлчилгээг хялбар авах боломж бүрдэх, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг тэнцвэртэй зохион байгуулах, төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг үр дүнд хүрэх юм.

Сэлэнгэ аймагт процессын инженерчлэл хийх ажлыг эхлүүллээ Read More »

Эстони Улсын засгийн газрын төлөөлөл Монгол Улсын цахим шилжилтийн явцтай танилцав

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, И-Монгол Академийн захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг /2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд И-Монгол Академийн зүгээс Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа шинэчлэл болон төрийн цахим шилжилтийн үр дүн иргэд болон аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар Эстони Улсын төлөөлөгчдөд танилцуулга хийв. Мөн Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд Эстони Улсын цахим засаглалын туршлага үнэтэй хувь нэмэр болсоныг онцлон дурьдаж, талархал илэрхийллээ. Талууд цаашдаа цахим шилжилт, кибер аюулгүй байдлыг хангах болон мэдээллийн технологийн салбарийн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэх хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тус уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ханнес Хансо болон Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нар оролцлоо.

Эстони Улсын засгийн газрын төлөөлөл Монгол Улсын цахим шилжилтийн явцтай танилцав Read More »

“Кансат-2023” үндэсний VI тэмцээний шилдгүүд тодорлоо

Цахим хөгжил харилцаа холбооны яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Спэйс Академи, Монголын Сансрын Технологийн Холбоо хамтран зохион байгуулсан “КАНСАТ-2023” үндэсний VI тэмцээний дүн гарч, шилдгүүдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр (2023.06.17) Шинжлэх ухааны академид боллоо. Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд Кансат төрөлд 11 баг, Буцагч төрөлд 7 багийн оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул болон өөрөө явагч роботоороо нисэх бэлэн байдлын үзлэгийг давж хөөргөх эрхээ аван өрсөлдсөн юм. Тэмцээний шилдгүүдээр Кансат төрөлд: Тэргүүн байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “Voyager 0” баг Гутгаар байр: ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль “GIANT” баг Тусгай байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Gravity Falls” баг Буцагч төрөлд: Тэргүүн байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “PI23” баг Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “NUMSAT” баг Гутгаар байр: ШУТИС – ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг Тусгай байр: Шинэ Монгол Технологийн Коллежийн “NEW ROBO” багууд тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр: Mongolsat Networks Ивээн тэтгэгчээр: ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC

“Кансат-2023” үндэсний VI тэмцээний шилдгүүд тодорлоо Read More »

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ. Энэхүү тэмцээн нь сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг тэмцээн юм. Тэмцээнийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Энэ жилийн тэмцээн дэлхийн сансар судлалын түүхэн дэх эмэгтэй хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэж, анх удаа дунд сургуулийн баг оролцож буйгаараа онцлог болж байна. 2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа уралдуулан хийж бүтээсэн бүтээлүүд нь амжилттай хөөрч, даалгавраа амжилттай биелүүлэхийг нийт оролцогчиддоо хүсье. Оюуны хөрөнгө оруулалт бүхий том төсөл тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье гэв. Тэмцээнд кансат болон буцагч төрлийн нийт 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцож байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Mongolsat Networks ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ Read More »

Орхон аймагт Төрийн үйлчилгээний “Хурдан цэг” нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023.06.15) Орхон аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Төрийн цахим үйлчилгээний Орхон аймаг дахь хэлтсийн дарга М.Баярбаясгалан болон аймгийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Орхон аймагт нээгдсэнээр тус аймгийн 100 гаруй мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг операторын горимоор нэг дороос авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 49, орон нутагт 15, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 6 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

Орхон аймагт Төрийн үйлчилгээний “Хурдан цэг” нээгдлээ Read More »

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудыг идэвхжүүлэх зорилго бүхий “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум өнөөдөр (2023.06.15) Орхон аймгийн “Соёл урлагийн цогцолбор”-т эхэллээ. Форумд ЦХХХ-ны дэд сайд, Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар оролцож, “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавин, Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, гурван өдөр үргэлжлэх энэхүү форумын ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэж байна. Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв зэрэг 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. Форумын хүрээнд “Ухаалаг-Эрдэнэт экспо”, “Орон нутгийн цахим шилжилт” хэлэлцүүлэг, “Мэдээллийн технологийн салбарын таниулах сургалт”, “И-спортын тэмцээн” Ухаалаг-Эрдэнэт IT workshop” зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна Read More »

“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж буй “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр (2023.06.14) Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Хүүхдийг цахим орчноос хамгаалах техник, технологийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос хамгаалах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд ЦХХХЯ онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөллүүд оролцож 6 хэсэгчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс дахь цахим орчны хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаарх түргэвчилсэн үнэлгээ болон санал болгож буй цахим орчны хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны хүрээг тодорхойлоход хувь нэмэр оруулах, хэлэлцүүлгээр дамжуулан хүүхдэд аюулгүй цахим орчныг бүрдүүлэхийн чухлыг олон нийтэд ойлгуулах ач холбогдолтой юм.

“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна Read More »

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана.

Сансар судлал, сансрын технологи, хиймэл дагуул, түүнд хамаарах технологийг сонирхогч эрхэм таныг “Кансат” хиймэл дагуулыг хөөргөх уралдааныг ирж үзэхийг урьж байна. Ерөнхий зохион байгуулагч:Цахим хөгжил харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч:Шинжлэх ухааны академи“Монголын сансрын технологийн холбоо” ТББМУИСШУТИС“Спэйс” академиIT park Ерөнхий ивээн тэтгэгч:“МонголСат Нэтворкс” ХХК Ивээн тэтгэгч:“ДДэш ТВ” ХХК“Инженер Геодези” ХХК 

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана. Read More »