Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр /2024.09.05/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнгөрсөн сард Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим шилжилтийн ололт амжилтыг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр “GLOBAL DIGITAL DIALOGUE 2024” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч цахим орчин бол хил хязгааргүй, салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, дижитал эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Мөн Монгол Улсын Засгийн газар “Цахим Үндэстэн” уриалгыг дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тоон хуваагдлыг бууруулахад хоёр тал хамтран ажиллаж байгаа цаашид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра томилолтын хугацаа удахгүй дуусаж буйг дуулгаад шинжлэх ухаан, инновац, технологийг ашиглаж малчид хүйтэн өвлийг хохирол багатай даван туулах, хөдөө аж ахуйн салбар нь улирал үл хамааран үр өгөөжөө өгдөг байх, алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн ноён Тапан Мишра Монгол Улсыг IBC /Issue based Coalitions /-ийн хүрээнд хамтран ажиллах тэргүүлэх улсын нэгээр сонгогдсон талаар дуулгав. Ц.Баатархүү сайд алслагдсан орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах, малчдад зориулсан тусгайлсан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан ажлын хэсэг гарган, ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс ирэх 4 жилийн хугацаанд хийх ажлын талаар товч мэдээлэл өглөө.