Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

November 2024

Ц.Баатархүү: Төрийн үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байна

“Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл” төр хувийн хэвшлийн хамтарсан шийдэлтэй уулзалт өнөөдөр /2024.11.22/ болж байна. Төрөөс “Дижитал шилжилт” хийж байгаа боловч төрд буй мэдээллийг иргэн ашиглахдаа дахин лавлагаа авч, төрийн байгууллага хооронд дахин үйлчлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс төрд байгаа өгөгдлийг хиймэл оюунд суурилан эмхэтгэж, боловсруулж, иргэдэд нэг цонхоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндлөө.     ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Өнөөдөр дижитал шилжилт хийгдэж байгаа ч төрд байгаа мэдээллийг лавлагаа болгож нэхсэн хэвээр байна. Энэхүү шилжилтийн хүрээнд төрийн ямар үйлчилгээ цөөрсөн бэ гэх асуулт гарч ирнэ. Шилжилт нэрийн дор дарга нар бүр өөр өөрийн шийдлийг санал болгохоос илүү нэгдсэн өгөгдлийг ашиглан, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий бус агуулга, үр дүнд анхаарч шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байх ёстой. Нэг хүн 11 төрийн байгууллага дээр очдог биш “Дан” системээр өөрийгөө цахим орчинд таниулан төрийн үйлчилгээг авдаг байх, төрийн мэдээллийн суурь шинэчлэл хийхийн тулд цугларч байна. Хиймэл оюунд суурилсан стратегийг нэвтрүүлнэ. Ингэхдээ өгөгдлийг боловсруулах, сургах, эрэмбэлэх хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад хиймэл оюуныг ашиглахад нэгдэж, ажиллах хэрэгтэй болж байна. ЦХИХХЯ-ны хийх ёстой зүйл бол “Дижитал шилжилт”-ийг сууриар нь шийдэх. Төрийн үйлчилгээ болгоныг цахимжуулах тухай ярьж байгаа ч төрд байгаа дата мэдээллийг нэгтгэх, зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, мэргэжлийн холбоонд өгөх тухай ярьж эхлээгүй байна. Хэлбэрт баригдалгүй, асуудалд хандсан, шийдэлд төвлөрсөн, үр дүн гаргасан уулзалтыг хийхээр зорьж, энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.  Харамсалтай нь e-mongolia системээс гаргасан лавлагааг хувийн хэвшил хүлээн зөвшөөрөхгүй, тэр дундаа арилжааны банкуудын шаардлага иргэдэд хүндрэл учруулах нь бий. Иймд төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй, “ХУР”-ын системийг ашиглах нь чухал. Тодорхой хэлбэл, Иргэний үнэмлэхний лавлагааг 315 сая удаа ХУР-ын системээс татан хэрэглэсэн нь иргэдийн дунд хамгийн эрэлттэй үйлчилгээ болоод байна.  Мөн ХУР системээс Нийгмийн даатгалын даатгал, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт, шилжилт хөдөлгөөн, хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээ, жолооны үнэмлэх захиалга, эмнэлэгт цаг авах болон шинжилгээний хариу авах, автотээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх, цахим гадаад паспортын захиалгатай холбоотой гомдлууд түгээмэл иржээ.  Харин тээврийн хэрэгслийн татвар төлсөн нэхэмжлэлийн түүх, зээлийн мэдээлэл, эцэг эсвэл эхийн регистрээр хүүхдүүдийн мэдээлэл харах, нас барсны бүртгэлийн лавлагаа, оюутны цахим карт, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэг нь хамгийн ихээр тасалддаг байна. Тиймээс иргэд “ХУР” системийг түгээмэл хэрэглэдэг тул энэхүү системд хөгжүүлэлт хийж, хөрөнгө оруулах шаардлага байна. 

Ц.Баатархүү: Төрийн үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байна Read More »

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон ” хэмээн ярилаа. Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран  ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв. Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” хэмээн онцоллоо. Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж. “Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа.

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ Read More »

Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа Хоккайдо их сургуулийн Сансрын даалгаврын төвийн захирал, профессор Юкихиро Такахашиг өнөөдөр (2024.11.21) хүлээн авч уулзав. Профессор Юкихиро Такахаши нь Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсад микро ангиллын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Микро буюу тандан судалгааны хиймэл дагуул нь том хиймэл дагуултай харьцуулахад бага өртөгтэй, 1-3 жилийн богино хугацаанд хөгжүүлэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэдэг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн уян хатан ажиллагаатай зэрэг олон давуу талтай юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ази номхон далайн бүсийн орнуудтай хйимэл дагуулын өгөгдлийг солилцох, удирдах, хамтран эзэмших боломжтой юм байна. Уулзалтын үеэр Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа тандан судалгааны хиймэл дагуул төслийн хүрээнд тус сургуультай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг онцолж, сансар судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Хоккайдо их сургуулийн Тандан судалгааны хиймэл дагуулын төслийг Вьетнам, Филиппин, Мьянмар, Индонез зэрэг улсад хэрэгжүүлж байна.  Тус хиймэл дагуул нь байгалийн гамшигт үзэгдлийн зураглалыг өндөр нарийвчлалтайгаар авч урьдчилан сэргийлэх, байгалийг сэргээн засварлахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо Read More »

ХУР & ДАН гэж юу вэ?

Монгол Улсад дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх гол системүүд бол “ХУР” болон “ДАН” юм. “ХУР” систем нь анх 2017 онд төрийн мэдээлэл солилцооны систем хэмээн олон нийтэд танилцуулагдаж, төрийн үйлчилгээг цахимаар авах суурь нөхцлийг бүрдүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн үйлчилгээг ТҮЦ машин эсвэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар авдаг бөгөөд тэдгээр системийн ард нь “ХУР” гэх систем ажиллаж байдаг гэсэн үг юм. Өдгөө тус систем нь 147 төрийн байгууллага, 367 хувийн хэвшлийн байгууллагын нийт 773 өгөгдлийг солилцож, үндэсний хэмжээний мэдээлэл солилцооны систем болж, өргөжин хөгжөөд байна.  Өөрөөр хэлбэл 770 гаруй цаасан лавлагааг цахимаар иргэдэд давхардсан тоогоор 2.9 тэрбум удаа амжилттай үзүүлжээ. Үйлчилгээнүүд цахимжихийн хэрээр цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг бид танилт нэвтрэлтийн “ДАН” системийн тусламжтайгаар шийдэж байгаа бөгөөд “ДАН” системийг 2018 онд иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Дээрх хоёр системийн тусламжтайгаар өнөөдөр иргэн төрийн цахим үйлчилгээг гар утас болон суурин компьютероосоо авах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар төрийн 1200 гаруй үйлчилгээ цахимжиж, “E-Mongolia” системд нэгтгэгдээд байна. Иймд төр цаашид өөрт байгаа мэдээллүүдээ иргэнээс хэзээ нэхэхээ болих вэ?, өгөгдөл, мэдээллийг хэрхэн боловсруулж, шийдвэр гаргах түвшинд ашиглах вэ? , “ХУР” болон “ДАН” системийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн хангах талаар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан үндсэн болон дэмжих системийг хариуцагч “И-Монгол академи УТҮГ” болон “Үндэсний дата төв” УТҮГ -тай хамтран Өгөгдлийн интеграци “ХУР&ДАН” шийдэл арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 22-ны Баасан гарагт зохион байгуулна.

ХУР & ДАН гэж юу вэ? Read More »

Квант компьютерт суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн  хөгжүүлэлт эрчимжиж байна

-Банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна- Хөгжингүй орнууд квант технологийг хэдийнэ хөгжүүлээд эхэлчихжээ. Абу Дабид “CyberQ: Квантын эрин үеийн аюулгүй байдал” хурал арваннэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, AWS, Google Cloud, Paloalto, CISCO, IBM зэрэг олон улсын байгууллагууд болоод технологийн “акул”-ууд цуглаж, квант компьютер, квант криптографын чиглэлээр хөгжүүлсэн системүүдээ танилцуулав. Мөн хөгжингүй болон хөгжиж буй орнууд квант технологид суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулж байгаагаа ч зарлалаа. Квант компьютер нь технологийн салбарт томоохон хувьсгал авчирч буй хамгийн давшилтэт технологийн нэг юм. Тус компьютерын тооцоолох чадвар нь кибер аюулгүй байдлын салбарт ихээхэн нөлөөлөл үзүүлэх боломжтой. Тодруулбал, Google компанийн бүтээсэн квант компьютер нь 2019 онд өнөөгийн супер компьютерийн 10,000 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх тооцооллыг ердөө гуравхан минутад тайлжээ. Квант компьютер хэрэглээнд нэвтрэх цаг хугацаа тодорхойгүй ч технологийн компаниуд кибер аюулгүй байдлын системд учирч болзошгүй сорилтуудад бэлэн байхыг эрмэлзэх болов. Олон нийтийн нууцлалын технологиуд хурдацтай хуучирч байна Өнөөдөр бидний хэрэглэж буй банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна. Энэ сорилтыг даван туулахын тулд улс орнууд пост квант нууцлалын шийдлүүдийг туршиж, хэрхэн хурдан хэрэглээнд нэвтрүүлэх талаар ажиллаж эхэллээ. Мөн өнөөдрийн харилцаа холбооны суурь систем нь квант компьютерт тэсвэртэй байхаар бүтээгдээгүй тул эмзэг байдал нэмэгдэж байна. Түүнчлэн квант компьютерын тооцооллын хурд нь мэдээллийн аюулгүй байдлын системийг шинээр өргөжүүлэхэд хүргэв. Иймд компани болон байгууллагуудын мэдээлэл хамгаалалтын стратегид шинэчлэлт хийх шаардлага үүсжээ. Хөгжиж буй орнууд 2016-2018 онуудад квант компьютер хөгжүүлэх амбицаа  зарлажээ АНУ 2018 онд Үндэсний квантын санаачилгыг баталсан. Энэ нь квант мэдээлэл дамжуулалт, харилцаа холбоо, аюулгүй байдлын шинэ технологи хөгжүүлэхэд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон томоохон төсөл аж. АНУ-ын Үндэсний стандарт ба технологийн хүрээлэн квант түлхүүр дамжуулалт, пост квант криптограф зэрэг квант аюулгүй байдлын салбар дахь стандартыг тогтоохоор ажиллаж байна. Европын Холбоо 2018 оноос эхлэн 10 жилийн хугацаатай 1 тэрбум еврогийн төсөв бүхий “Квант Флагман” төслийг эхлүүлжээ. Энэ нь Европын холбооны орнуудын квант түлхүүр дамжуулалт, мэдээллийн аюулгүй байдал, шифрлэлтийн шинэ технологиудыг хөгжүүлэхэд анхаарч байна. БНХАУ нь 2016 онд “Мициус” хэмээх квантын хиймэл дагуул хөөргөж, квант түлхүүр дамжуулалт, мэдээллийн аюулгүй байдлын судалгаа хийж эхлэв. Хиймэл дагуулын туршилтын үр дүнд Бээжин, Шанхай хотуудыг холбосон аюулгүй квант харилцаа холбооны системийг амжилттай туршиж, цаашид дэлхийн хэмжээнд ашиглахыг зорьж байна. Японы Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний хүрээлэн квант түлхүүр дамжуулалт, аюулгүй мэдээлэл дамжуулалтын чиглэлээр дэвшилтэт судалгаанууд хийж байна. Энэ нь Японы мэдээллийн технологийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, цахим халдлагын эсрэг хамгаалалттай харилцаа холбооны систем бүтээх зорилготой. Эх сурвалж: www.cyberq.ae, Стратеги судалгааны хүрээлэн

Квант компьютерт суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн  хөгжүүлэлт эрчимжиж байна Read More »

Тендерт урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх ажилд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Уг ажлын хүрээнд олон улсын стандартад нийцсэн үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь систем болон цаг баталгаажуулалтын системийг шинэчлэн нэвтрүүлнэ. Хугацаа: 2024 оны 12-р сарын 26-ний өдрийн 14:00 цагаас өмнө Дэлгэрэнгүй мэдээллийг: “Ухаалаг засаг-2” төсөл https://www.smart.gov.mn/en/2-2-3-1/ Дэлхийн банк: https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00322419 холбоосоор нэвтэрч авна уу. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс И-мэйл: procurement2@smart.gov.mn Утас: (976)-51-261268

Тендерт урьж байна Read More »

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

 “Үүлэн тооцооллын үйлчилгээг ашиглах судалгаанд техник эдийн засгийн үнэлгээ хийх, техникийн туслалцаа үзүүлэх” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна. Зорилго: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх төрийн цахим үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар болон дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө ирүүлсэн байх ба 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад саналыг нээнэ. Саналын баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авах боломжтой.  Ухаалаг засаг-2 төсөл: https://www.smart.gov.mn/mn/2-2-6/ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1731905641157 Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс И-мэйл: procurement2@smart.gov.mn Утас: (976)-51-261268

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна Read More »

Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй

Сэтгүүлчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалтыг ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс өнөөдөр /2024.11.20/ зохион байгууллаа. Сургалтаар кибер халдлагын төрөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна бодит кейс дээр суурилан сургалтыг зохион байгуулсан юм. Тодорхой хэлбэл, “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо”, “Гаалийн хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна”, эсвэл гадаадад байдаг хамаатан садны нэрийг барин мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд нь Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм. Таны утсанд дээрх байдлаар мессеж ирэх, цахим шуудангаар мэдэгдэл илгээх, линк явуулах, эсвэл сүрдүүлэх айлгах тактикийг хакерууд ашигладаг. Жишээлбэл, тухайн илгээсэн линк рүү дараад орсон тохиолдолд таны мэдээллийг бүрэн авах боломжтой гэдгийг анхаараарай. Зөвхөн линк дээр л дарсан хэмээн бодож болохгүй үүнийг дагаад нэр, овог, утасны дугаар, регистрийн дугаарыг тань мэдээд авчихна. Улмаар дээрх мессежинд итгэн, картын дугаар, нууцлалын 3 оронтой тоогоо өгсөн тохиолдолд таны дансанд мөнгөө бүгдийг авах боломжийг халдлага үйлдэгч этгээдэд олгож байна гэсэн үг. Техник технологийн эрин үед кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй юм. Дэлхий дээр энэхүү аюулаас 100 хувь хамгаалсан улс гэж үгүй. Тиймээс халдлагаас зөвхөн вирусийн програм суулгаснаар 100 хувь хамгаалагдана гэсэн үг биш. Иргэн таны оролцоо, идэвх чармайлт 95 хувийг бүрдүүлнэ гэдгийг санаарай. Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан байгууллага руу чиглэсэн рансомвэйр халдлага түгээмэл байна. “Интермэд” эмнэлэг рүү халдсан тохиолдол нь рансомвэйр халдлага юм. Энэ нь тухайн байгууллагын мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг байна. Ийм төрлийн халдлага дэлхийн 150 гаруй улсад бүртгэгджээ. Харин фишинг халдлага гэдэг иргэдийн амархан мөнгөтэй болох, азтан болох сэтгэлгээ дээр тоглолт хийн, линкээр өгөөш өгч мэдээлэл авахыг хэлнэ. Тиймээс эрсдэлтэй линк рүү дарж орохгүй байх, хувийн мэдээллээ чанд нууцлах, албан ёсны зөвшөөрөлтэй програм ашиглах нь таныг аливаа эрсдэлээс хамгаална. Халдлага, зөрчлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн 113 дугаарт хандаарай.

Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй Read More »

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны мэдээллийг сонслоо. Уг сонсголтой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондын солилцоо хэр явагдаж байгаа талаарх мэдээллийг сонслоо. Цаасаар заавал баталгаажуулах шаардлагатай байгаа нь яамд хооронд цаасан мэдээлэл солилцох үндэс суурь болоод байгаа тул үүнийг шийдвэрлэх аргыг хайж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр цаасан мэдээллийг ор тас байхгүй болгочихвол мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах байх. Саяхан кибер аюулгүй байдлын асуудал үүслээ шүү дээ. Ийм эрсдэл байгаа учраас цаасан мэдээллийг дамжуулж байгаа байх. Тийм болохоор үүнийг зогсоох нь зөв шийдэл мөн үү гэж асуумаар байна. Хоёрдугаарт, цахим гарын үсэгт манай улс шилжсэн. Гэхдээ аливаа бичиг баримтыг нотариат дээр заавал очиж цахим гарын үсгээр баталгаажуулсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх, цаашид сайжруулах ямар боломж байгаа вэ? Гуравдугаарт, кибер аюулгүй байдал дээр бид дорвитой шийдэл гаргаж ирэх цаг нь болсон. Манайх шиг далайд гарцгүй орны хувьд кибер аюулгүй байдлаа чангатгах тал дээрээ давуу байдал бий болгох боломж байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ? ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий: Нэгдүгээрт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн гол зарчмын нэг нь иргэнээс дахин мэдээлэл нэхэхгүй, цаасан болон цахим баримт бичгийг эн тэнцүү гэж үзнэ хэмээн заасан байдаг. Эн тэнцүү гэх зарчим бол хуулиараа хуульчлаад өгчихсөн, одоо хэрэгжиж байгаа зарчим юм. Гол нь Архивын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаа шинэчлээгүйн улмаас бичиг баримтаа цаасаар хадгалсаар байгаа. Хэвлэж гаргаж ирээд, тамга дараад хадгалж байгаа гэсэн үг. Та бүхнээс хүсэх гол шийдэл бол Архивын Ерөнхий газрыг нийтлэг журмаа шинэчилж, хуульдаа нийцүүлээч гэсэн шаардлагыг тавих юм. Хоёрдугаарт, цахим гарын үсгээр гэрээ хийх боломж нь үүссэн. Зөвхөн нэг удаа цахим гарын үсгээ баталгаажуулаад өөрийн биеэр очсоноос хойш гэрээ хэлцлүүд цахимаар хийгдэж болж байгаа. Цахимаар хийгдсэн гэрээнүүд цаг хэмнэж байгаагаас гадна цаасаар хийгдсэнээс илүү нууцлал нь аюулгүй гэж үзэж байгаа. Яамны зүгээс тоон гарын үсгийн техник технологийг ирэх оноос шинэчилж, олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна. Ингэснээр цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр: Нийтийн мэдээллийн тухай хуулинд бүх мэдээллийг хариуцаж, боловсруулдаг мэдээлэл хариуцагч гэсэн субъект бий. Тэгэхээр тус хуулийн 6 бүлгийн 6.2-т зааснаар мэдээлэл хариуцагч нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдан зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусад арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй гэж заасан. Мэдээлэл хариуцагч яам, төрийн байгууллагууд бол өөрийн боловсруулсан системийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг өөрсдөө хангах ёстой юм. Кибер аюулгүй байдлын хуулиар хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь ЦХИХХЯ-нд байдаг. Харин хэрэгжилтийг уялдан зохион байгуулах, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохицуулах нь Ажлын албанд харъяалагддаг. Саяхан Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, төр захиргааны байгууллагууд төсвийн болон бүтцийн зохион байгуулалтад онцгой анхаарах шаардлагатай гэсэн тогтоол гаргаад, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа.

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно Read More »

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр (2024.11.19) Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэх боломжийн талаар хөндлөө. Ц.Баатархүү сайд “ Иргэд 11-11 төвөөс гадна яам, нийслэл рүү хандаж, санал гомдлоо илэрхийлдэг биш нэг газарт хандсан бол тэрхүү гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийн талаар өнөөдөр санал солилцлоо. Бид иргэдийн хэлсэн гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулах тал дээр Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байна. Иймд бид 11 дүгээр сарын 22 өдөр төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг халах юм” хэмээн онцоллоо. Тус төвд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн нэг стандартад оруулах,  тайлан боловсруулалтад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологиудыг ашиглах тухай хөндлөө. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Үүнд шинэ технологийг нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлэлт хийдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Тиймээс хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаад ажиллаж байна” гэж ярив. ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Бат-Өлзий “Дэлхийн банктай хамтран 2025 оноос “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд 11-11 төв дээр ирсэн мэдээллийг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж, дүн шинжилгээ хийж, тухайн гомдол яагаад үүсэв, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хянах самбар дээр харуулах, хариуцсан дарга нартай шууд холбохоор ажиллаж байна. Ийм нөхцөл бүрдчихвэл Ерөнхий сайд өглөө бүр боловсруулж, эрэмбэлсэн тухайн мэдээллийг харж, сайд нартаа үүрэг чиглэл өгөх нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн онцоллоо. Харин “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдолууд олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больчихдог. Үүнийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг” хэмээн ярив. 11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Цаад учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглах юм. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьж, үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна. Тус төв нь 10 операторын орон тоотой ч найман хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад нийт 8042 иргэн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирсэн дээрх мэдээллийг боловсруулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд түлхэц болох алхамуудыг дэвшилтэд технологид суурилан хийхээр зорьж байна.

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ  Read More »