Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Other news

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

ҮЙЛ ЯВДАЛ “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов 2022.01.07 Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Маркийн эх зургийн хөшгийг нээж, шинэ маркийг толилуулах ёслолыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг давхар гүйцэтгэгч Л.Энх-Амгалан нар гүйцэтгэв. Тэд мөн Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” 1096 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг зарлалаа. Тус марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залжээ. Харин чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр “гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, засаг мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг түүний дор “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа Үндсэн хууль батлан мөрдсөн юм. 1992 онд баталсан дөрөв дэх Үндсэн хууль нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг байгуулахаа тунхаглаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, Монгол Улс өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны үндсийг бэхжүүлснээрээ онцлог юм. Монгол марканд анх БНМАУ-ыг тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны ойд зориулж, 1926 онд Монгол төрийн эрдэнийн алтан соёмбо тэмдэг бүхий шуудангийн марк гаргаснаас хойш 20 гаруй удаа төрийн соёмбо, сүлд, далбаагаар мөн 1964 онд Монгол Улсын Ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасагч” бүтээлээр “Үндсэн хуулийн 40 жил” сэдэвт марк гаргасан байдаг. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм. Боловсрол: 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэшил: 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн. Ажлын туршлага: 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.