Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” арга хэмжээ зүүн бүсийн аймгуудад үргэлжилж байна

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. 2024.04.15 Хэнтий аймагт 2024.04.17 Дорнод аймагт 2024.04.19 Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулагдана.

Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жил болгох зорилт тавьсан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр (2024.03.27) зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд: “Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жилийн нээлт Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo) “Цахим төв” 24/7-ийн нээлт Хүүхдийн “Итгэлтэй утас”-ны нээлт Мэдэллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 4 танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаар ахлуулсан бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.05.04) Төрийн ордонд хуралдлаа

Төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий уг ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан юм. Хурлын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Төрийн нарийн бичгийн дарга нарт болон холбогдох ажил хариуцсан хүмүүст авлигын эсрэг 5Ш ажиллагаа, Шилэн ажиллагааны хүрээнд бий болсон shilen.gov.mn платформд салбар бүрийн мэдээлэл хариуцагч нараас ирүүлж буй нээлттэй мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэт байх эсэхэд анхаарал хандуулж, нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болголоо. Мөн төрийн албаны зардал, хүнд суртлын нэг шалтгаан болсон албан бичиг солилцоог цахимаар зохион байгуулах, МУ-ын ЗГ-аас өгсөн үүргийн дагуу төрийн албан бичиг солилцооны дундын системийн ашиглалтыг төрийн албан хаагчдад хэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр цахим шийдэл ашиглан төрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хурдан шуурхай зохион байгуулах, зардал хэмнэх гэх мэт давуу талууд бодитоор үүсэх юм. Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар орон нутаг дахь мэдээлэл технологийн боловсон хүчний хомсдолтой, хүртээмжгүй байдлыг олон жилийн туршлагатай, төрийн өмчийн оролцоотой, боловсон хүчний нөөц, сургалтын бааз, суурьтай Монголын цахилгаан холбоо ХК нэгдсэн байдлаар хариуцах боломжтой талаар танилцууллаа. Шилэн ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг нээлттэй, ил тод болгох асуудалд зарим нэг хуулийн зохицуулалтыг эргэж харах шаардлагатай байгааг төрийн нарийн бичгийн дарга нар мөн хэлж байлаа. Жишээ нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийг эргэж харж мэдээллийг ил тод болгоход зөрчилдөж байгаа зарим зохицуулалтуудыг шинэчлэх шаардлага үүссэн байна гэв. Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааг төрийн нарийн бичгийн дарга нарт болон, холбогдох ажил хариуцсан хүмүүст танилцууллаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон хүргэж, хүнд суртал, зардал чирэгдэл бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл өгч уялдаа холбоог хангахад хамтарч ажиллахаар тохиролцлоо.