Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

2021.06.24

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс ирүүлсэн саналыг хэлэлцэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулан дохио хүлээн авах төхөөрөмжийг төсөл хэрэгжсэн бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өглөө. Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ тус тус ажилласан бөгөөд энэхүү төслөөр хийгдсэн онцлох ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг далайгаар буюу усан доогуур амжилттай суурилуулсан явдал юм. Далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүллээ. FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелийг ашигласан нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернетийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, улмаар гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээхэд чухал ач холбогдолтой юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Замын, хүнд суртлын,  авлигын түгжээг цахим шилжилтээр арилгана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Замын, хүнд суртлын, авлигын түгжээг цахим шилжилтээр арилгана 2022.09.09 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ удаа И-Монгол академийн бодлого, үйл ажиллагаатай танилцан, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. E-Mongolia систем нь төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулаад байгаа бөгөөд тус байгууллагын 96-н шилдэг мэргэжилтэнтэй хамтран дараах асуудлыг шийднэ. Бид тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор 300 орчим мянган тоон гарын үсэг түгээсэн боловч хэрэглээнд нэвтрэхгүй байна. Банк санхүү, баримт бичгийн баталгаажилт тоон гарын үсгээр хийгддэг цахим орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд цугласан мэдээллүүдийг иргэдэд хүртээмжтэй түгээхэд E-Mongolia системийг ашиглана. E-Business-гадны хөрөнгө оруулагчдад цахим орчинд таатай нөхцөл үүсгэн хилийн чанадаас хуулийн этгээд үүсгэн байгуулах, гэрээ хэлэлцээ хийх, хөрөнгө орууллалтын харилцаанд оролцох боломжийг олгох платформ үүсгэнэ. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай цахим үйлчилгээний соёл төрд төлөвших нь хүнд суртал, авлигал, бухимдал  буурах үндэс болно. Цахим шилжилтийг амжилттай хийсэн улс орнуудын аз жаргалын индекс нэмэгддэгийг судалгаанаас харж болох тухай дурдлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ