Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

2022.03.01

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ.

Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан инновац, цахим бодлогын зорилтуудын хэрэгжилтийн байдалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд үр дүнг бодитоор хэмжих, дүн шинжилгээ хийх шаардлагатайг санууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусад мэдээ

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

ҮЙЛ ЯВДАЛ Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ 2022.05.17 Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе! Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид: Төслийн зохицуулагч Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Техникийн мэргэжилтэн Төслийн менежментийн мэргэжилтнийг тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Төслийн зохицуулагч /дахин зар/: https://drive.google.com/…/1UmIp…/view… Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1oUS0nMvt9l8xKChNLQM…/view… Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1iQKbN4QZfkKNyW41EHO…/view… Техникийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1LyEYSS9RpQXuxsFwCi0…/view… Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1DDks6Wm5x…/view… Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 103 тоот өрөө болон info@mddc.gov.mn цахим шуудангаар англи хэл дээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Намтар /CV/ Дипломын хуулбар Иргэний үнэмлэхийн лавлагаа НДШ-ийн лавлагаа Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт Ажил горилох тухай захидал Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй 1-ээс дээш ажлын байранд материалаа ирүүлж болно.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ЦХХХ- ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.03.27/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку болон холбогдох албаныхантай уулзаж, Ухаалаг засаг-2 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг – 1 төсөл амжилттай хэрэгжсэн явдалд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, хөгжүүлэх зорилготой тус төсөл нь дэд бүтцийг бэхжүүлэх хүрээнд үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэн, цахим шилжилтийн сайн туршлагыг нэвтрүүлж, цахим ур чадварыг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ухаалаг Засаг – 2 төсөл нь төрийн үйл ажиллагааг шилэн болгож, хүнд суртлыг бууруулснаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг ЦХХХ-ны сайд Н.Учрал цохон тэмдэглэв. Дэлхийн банкны Цахим хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг-2 төслийн багийн ахлагч Сиоу Чев Күэк Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжихэд Монгол улсын засгийн газрын хувь нэмэр их байсныг дурдаж, цаашид Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд илүү үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.