Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/

2021.01.27

Монгол Улсын харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схемийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яам болон зураг төслийн институт хамтран боловсруулж, 1970-1990 онд Монгол орныг бүрэн радиожуулах, холбооны сүлжээнд шинэ техник нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, шийдвэрлэсний дагуу ЗХУ-аас Монгол Улсын холбоог хөгжүүлэхэд 60 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийн бэлэг өгөх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Тус бэлгийн хөрөнгөөр: Хонхор дахь радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь өргөтгөл, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд урт, дунд долгионы 150 кВт-ын болон богино долгионы 12кВт-ын хүчин чадалтай иж бүрэн радио станц бүхий барилга байгууламж, Өлгий, Сайншандад богино долгионы 12 кВт хүчин чадалтай радио нэвтрүүлэгчийг тус, тус барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгоход 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Алтай, Даланзадгад, Чойбалсан, Мөрөнд байгуулсан их хүчний радио станцууд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Алтай хотод их хүчний эхний станцыг иж бүрэн барилга байгууламжийн хамтаар 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээн авчээ. Алтайн радио нэвтрүүлэх станц нь урт долгионы 150кВт хүчин чадалтай ДСВ-150 /Шторм/, 12 кВт-ын чадалтай богино долгионы Вязь-12/25 нэвтрүүлэгч тус бүр нэг иж бүрдэл, 260 метр өндөр цамхаг бүхий урт долгионы АРРТ, 60 метр өндөр цамхаг бүхий дунд долгионы АМШП, богино долгионы зенитэн антен фидер, эрчим хүч хөргөлтийн систем бүхий иж бүрэн барилга байгууламжаас бүрдэж байв. Тус радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Сайд Нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Д.Майдар, Холбооны сайд Д.Готов, МРТУХорооны дарга С.Пүрэвжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байсан бөгөөд анхны даргаар Н.Төмөхүү, ахлах инженер С.Ходрой, лабораторийн инженер Ц.Довдон, ээлжийн ахлагчаар В.Баянбаатар, М.Мягмар, Г.Дорж техникчээр Б.Баттөр, Д.Сувдаа, Д.Чогжмаа,Т.Туваан, З.Баяраа, Т.Баярмагнай гэсэн анхдагч бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Говь-Алтай аймаг дахь ДСВ-150кВт станцын антен-фидерийн систем

Радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээний салшгүй нэг хэсэг бол Монгол орны зүүн хязгаар Чойбалсан хотод байгуулагдсан их хүчний радио станц билээ. Тус бэлгийн хөрөнгө оруулалтын хоёр дахь станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр станц дээр болж, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн НТХ-ны НБД Д.Моломжамц, Холбооны сайд Д.Готов нарын зочид төлөөлөгчид оролцож нээсэн байна. Тус хөрөнгө оруулалтаар урт долгионы их хүчний ДСВ-150кВт /Шторм/, богино долгионы Вязь-12/25 кВт нэвтрүүлэх төхөөрөмжүүд, түүний антен-фидерийн систем, хөргөлт цахилгаан эрчим хүчний барилга байгууламжуудыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулав. Чойбалсангийн их хүчний радио станц ашиглалтанд орсноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж бүрдсэн. Чойбалсангийн радио станцын анхдагчаар лабораторийн инженер Владимор, ээлжийн инженер Нармандах, Гантөмөр, Баярмагнай, техникч Дорлиг, Норжинсүрэн, Энхтуяа нар ажиллаж байжээ.

Өргөн уудам нутгийн өмнө хэсэгт радио өргөн нэвтрүүлгийг найдвартай дамжуулан хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод Алтай,Чойбалсангийн радио станцын ижил төрөл хийцтэй их хүчний гурав дахь радио станцыг байгуулсан. Энэхүү станцыг 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авах ёслол болж МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд Д.Готов тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Радио станцын анхны дарга нь Д.Сумьяа, лабораторийн инженер Г.Цоодол, ээлжийн инженер Д.Гунгаа, Д.Ганбат техникч Ш.Бямбадорж, Д.Хандаа, П.Ишдорж нар анхдагчаар ажиллаж байв.

Тус бэлгийн хөрөнгийн дөрөв дэх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь цогцолбор болох богино долгионы 100 кВт-ын чадалтай ПКВ-100/Гром/, 250-кВт-ын чадалтай богино долгионы ПКВ-250/Вьюга/ нэвтрүүлэгчээс бүрдэх иж бүрэн барилга байгууламж, антен-фидерийн системээс бүрдэх цогцолбор юм.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын хоёр дахь цогцолборыг хүлээн авах ёслолын ажиллагаа 1979 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болж тухайн үеийн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Лувсанравдан, Д.Майдар, Д.Моломжамц, Т.Гомбожав, СНЗ-ийн орлонч дарга С.Лувсангомбо, Ч.Сүрэн, ЗХУ-аас тус улсад суугаа Элчин сайд А.И.Смирнов, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, Ю.Цэдэнбал, А.И.Смирнов нар тууз хайчлан шинэ цогцолборын үйл ажиллагааг нээсэн байна.

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, Ю.Цэдэнбал дарга нээж үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, РНТС-ын ерөнхий инженер Б.Болд үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёрдугаар өргөтгөлөөр байгуулалгдсан ПКВ-250ба ПКВ-100кВ- ын богино долгионы нэвтрүүлэгч.1979 он.

Тус цогцолборын нийт өртөг нь 3700,0 мянган шилжих рубль буюу тэр үеийн 4100,0 мянган ам.долларын ханшаар үнэлэгдсэн байна. Тус цогцолборт байгуулагдсан их хүчний богино долгионы ПКВ-100кВт ба ПКВ-250кВт радио нэвтрүүлэгч ашиглалтанд орсноор “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэлний нэвтрүүлгийг Ази номхон далай, Энэтхэг-Хятадын бүс нутгуудад дамжуулан нэвтрүүлэх хүчин чадал хоёроос тав дахин нэмэгдэж гадаад нэвтрүүлгийн сонсголын чанарт эргэлт гарсан юм.

ПКВ-250 нэвтрүүлэгч  нь:

  • Ажиллах давтамжийн цараа:  3,95-26,1 мГц
  • Гаралтын чадал:  250кВт, Суурьлагдсан хүчин чадал 550кВт/цаг,
  • Нэг давтамжаас нөгөөд шилжих  хугацаа: 5 мин
  • ГУ-43Б маркийн 10ш ламп бүхий өргөн зурвасын өсгөгчтэй /давтамж бүр дээр тохиргоо хийх шаардлагагүй/
  • Эцсийн ба эцсийн өмнөх каскадын резонансын тохиргоо нь цахилгаан механик редуктороор дамжин контур болон вакуум конденсатороор зэрэг хийгддэг
  • Үндсэн ба нөөц өндөр давтамжийн өрнүүлэгчтэй
  • Ууран болон салхин хөргөлтийн системтэй
  • ГУ-61П, ГУ-68П лампын анодын хүчдэл нь тосон таслуурын системээр дайрч ФУИ буюу тристорон удирдлагын схемээр хийгдсэн/энэ нь анодын хүчдэлийг удирдах боломж олгосон/
  • Иж бүрэн УБС-ын/уравление, блокировки и сигнализаций/хамгаалалтын системтэй
  • Үйлдвэрийн ГРУБОЙ болон ТОЧНЫЙ тохируулгын системтэй гэх мэт олон технологийн дэвшилтэй нэвтрүүлэгч юм.

1979 онд ашиглалтанд орсон ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгч

ПКВ-250 нэвтрүүлэгчийг нэг давтамжаас нөгөө давтамжинд шилжүүлэн богино хугацаанд тохиргоо хийх автомат тохиргоотой, ус-ууран хөргөлтийн системтэй хийгдсэн анхны нэвтрүүлэгч байв.

1978 онд ашиглалтанд орсон ПКВ-100 кВт-ын нэвтрүүлэгч

ТЗ-2- т байрлах антены коммутатор нь ПКВ-250, ПКВ-100 нэвтрүүлэгчүүдийг СГД маркийн 126, 178, 230 градусын Азимуттай зургаан антеннд захиалагч байгууллагын заасан чиглэлд ээлжлэн залгаж нэвтрүүлгээ дамжуулан нэвтрүүлэх боломжийг олгодог цахилгаан механик үйлдлийн системтэй тухайн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж байв.

ПКВ-250 нэвтрүүлэгчийн антенны коммутатор

СГД 1 ба 2 /азимут 230/ , СГД 3 ба 4 /азимут 178/ градусын антенууд.1979 он

СГД 5 ба 6 /азимут 126/ градусын антенууд.1979 он.

“Монголын дуу хоолой” радио станцын долгион тархалтын хүрээний зураглал. /ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгчээр/

ЗХУ-ын бэлгийн 60 сая шилжих рублийн тав дахь бүтээн байгуулалт нь орон нутаг дахь нэгдсэн сүлжээний нэг иж бүрдэл болох Мөрөнгийн радио станцыг 1981 оны 2-р сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авчээ. ЗХУ-аас бэлэглэсэн олон барилга байгууламжийн нэг болох энэхүү радио нэвтрүүлэх станцыг хүлээн авах ёслолд СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй удирдлагууд оролцож байв. Тус станц нь 150 кВт чадалтай дунд долгионы 882 кГц-ын давтамж дээр ажиллах “Шторм” маркийн станц болон богино долгионы 12 кВт-ын Вязь нэвтрүүлэгчүүдийг иж бүрэн антен-фидерийн байгууламжийн хамтаар байгуулан хүлээлгэн өгсөн байна.  Тус станцыг анх ашиглалтанд ороход даргаар Ц.Чогжмаа, ахлах инженерээр Х.Пүрэвсүрэн, лабораторийн инженерээр Д.Сосор, ээлжийн инженер Д.Шөжөөн, Ж.Жаргалсайхан, Г.Буянбадрах, Ш.Цэрэндулам, техникч Б.Чимэдцэрэн, Д.Дашпэлжид, Ү.Бэхбат, Д.Должинсүрэн, антены монтёр Д.Дорлиг, цахилгааны техникч Д.Даваасүрэн, хөргөлтийн техникч Ц.Иван нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг урт дунд болон богино долгионы гэсэн хоёр сүлжээтэй байхаар төлөвлөсөн бүх зургаан иж бүрэн их хүчний радио станцууд ашиглалтанд орсноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 95 хувь нь радиогийн найдвартай сонсголын бүсэд хамаарагдаж, манай улсын хаана ч радио өргөн нэвтрүүлгийг сонсох техник технологийн боломж бүрдсэн.

ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ ХЭНТИЙ АЙМАГТ

Төрийн үйлчилгээг операторын горимоор түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр /2023.05.25/ Хэнтий аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт нээгдсэнээр тус аймгийн 78 мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 41, орон нутагт 10, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 5 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.

55 жилийн түүхтэй Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна”

ҮЙЛ ЯВДАЛ 55 жилийн түүхтэй Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна” Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан “Хүүхдийн парк” -т дижитал ертөнц тун удахгүй “амилах” гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 8 км зам, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кинотеатр, тунгалаг уст жижиг нуур зав, Алтанхүү баатар, хүч сорих мэргэн буудах тоглоом, хийн буудлага, теннис, биллиард, футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж байв. Харин 1979 онд 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулж байв. Мөн 1981-1983 онд улсын хөрөнгө оруулалтаар ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машин, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг 124 мянган төгрөгийн үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцин, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 нийт 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж байжээ. 1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж, энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “ Түмэн эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авах үйлчлэх өрөө, дэлгүүр ,монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр, гоёл чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 2021 онд Хүүхдийн паркийг шинээр харах цаг тун удахгүй тохиох гэж байна. Тодруулбал, Хүүхдийн паркт 9-р сарын 17,18,19-ний өдрүүдэд цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болох “Digital Nation -2021” зохион байгуулагдах гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани хамтран Хүүхдийн паркт дижитал амьдралын хэв маягаар аялуулахаар бэлтгэлээ хангаад байгаа ажээ. Тус арга хэмжээг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын санаачилгаар Монголын анхны барилга дээрх 3D зураглалт үзүүлбэрийг Улаанбаатар хотын төв талбай буюу “Төв Шуудан”-гийн барилга дээр иргэд, олон нийтэд 10 хоногийн туршид толилууллаа. Монгол Улс нь 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний эхлэл болгож, “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр 5G туршилтыг хийнэ. 5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийх бөгөөд түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар зэхэж байна. Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах гэж байна. “e-Mongolia”  нь 2020 оны 10-р сарын 1-нд олон нийтэд анх танилцуулагдсан бөгөөд өдгөө 56 байгууллагын 540 үйлчилгээ нэгтгэгдэж, 1,9 сая хэрэглэгчтэй болоод байгаа ажээ. Тус систем нь шинэчлэгдсэнээр иргэд бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй болох бөгөөд гар утасны аппликейшнээсээ бичиг баримтаа үзүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Мөн иргэд тус систем рүү хялбар нэвтрэх гаргалгааг хийж байгаа ажээ. Энэ мэтчилэн олон гэнэтийн бэлэгээр дүүрэн байх “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр уламжлал ёсоор “Цахим Үндэстэн”  хэлэлцүүлэг, “Women in ICT” олон улсын болон дотоодын форум, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал зэрэг сэдэв дор салбарын цахим шилжилт хэлэлцүүлгүүд бүтэн гурван өдрийн туршид өрнөх юм. Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын томоохон арга хэмжээ “Digital Nation-2021”-т урьж байна. “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээ 09-р сарын 17, 18, 19-нд Хүүхдийн парк дээр зохион байгуулагдана.  Тодруулбал, 2021 оны 09-р сарын 17-нд өглөөний 09.00 цагт “Digital Nation-2021” арга хэмжээ үүдээ нээх бөгөөд энэ өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын хурал, Women in ICT forum хэлэлцүүлэг, тус салбарын B2B уулзалт, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болох аж. Харин албан ёсны нээлт 2021 оны 09-р сарын 17-ны 20.00 цагт болно. Share on facebook Share on twitter Бусад мэдээ