Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

2021.05.27

Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ. МУИС-ийн ПДС-ийн холбооны инженерийн ангийн төгсөлт 1972-1982 онд 10 удаа болж, холбооны инженер, холбооны инженер-эдийн засагч мэргэжлээр 250 гаруй хүн төгсжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1982 онд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгон зохион байгуулахад Радио холбооны тэнхимийг Эрчим хүчний факультетэд харьяалалтай үлдээж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байжээ. Радио холбооны тэнхим нь 1986 онд Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультеттэй нэгдэн Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) болж өргөжсөн байна. МАХН-ын 19 дүгээр их хурал 1986 онд болж БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн зорилгод холбоо хөгжүүлэх талаар тодорхойлохдоо “Мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна” гэжээ. Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) нь 1991 онд Холбооны сургалтын төв /Холбооны коллеж/-тэй нэгдэж хуучнаар Техникийн Их Сургууль (ТИС)-ийн бүрэлдэхүүнд “Мэдээллийн Техникийн Сургууль (МТС)” нэртэй сургууль байгуулагдсан. 1997 онд сургуулийн нэрийг Холбоо Мэдээллийн Техникийн сургууль болгосон бол 2001 оноос Шинжлэх Ухаан технологийн Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болжээ. ТИС-ийн Ректорын тушаалаар сургууль дээр гадаад хэлний сектортой болсон. Цахилгаан холбоо, Радио холбооны мэргэжлийн магистрын элсэлт авч эхэлснээр ахисан түвшний сургалт 1996 онд явуулж эхэлсэн байна. Холбооны салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх техник, технологийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, програм хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/ -ийг 2001 онд байгуулжээ. Түүнчлэн 2005 онд БНГУ-ын Берлин хотын ТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Мэдлэгт суурилсан програм хангамж хөгжүүлэх “Хиймэл оюуны” лабораторийг тус байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулсан. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны (University Partnership Program)” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг 468 сая воны хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулжээ. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол, Ректорын 2014 оны А/102 тоот тушаалаар МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Холбоо, Электроник, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбартайгаар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль /МХТС/- ийг шинэчлэн зохион байгуулав. Холбоо, Электроник, Компьютерийн ухаан болон Мэдээллийн технологийн салбарт бакалаврын 8, магистр 13, докторын 8 хөтөлбөртэй 103 профессор багштай (39 багш Ph.D) ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Холбооны яамны орлогч сайд Д.Гарам- Очир дурсамжаас: “ 1970-аад оны дунд үед бүх төрлийн мэдээлэл дамжуулах нэгдсэн систем единая система передачи всех выдов имформацийн тухай онол яригдаж эхэлж байсан бөгөөд миний бие дээрх сэдвээр холбооны инженерийн ангид лекц уншдаг байсан байна. Энэ системийг хэрэгжүүлэхэд: нэгд, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах аргыг (модуляци) нэг загварт оруулах, хоёрт, янз бүрийн давтамжийн зурвас эзэлдэг мэдээллийг өргөн зурвасыг дамжуулж чадах технологи нээх шаардлага тавигдаж байв. Энэ шалтгаан нь шилэн утсаар гэрлийн туяаны тусламжтай мэдээлэл дамжуулах технологи байв. Ийм технологийг анх ЗХУ-ын Басев, Прохоров гэдэг эрдэмтэд 1964 онд тэр нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ технологи 1980-аад оны дунд үеэс мэдээллийг тоон технологид дамжуулдаг аргыг өрнөдийн орнуудад нэвтэрснээр холбооны салбарт технологийн хувьсгал гарав. Урьд нь харилцаа холбооны мэдээлэл солилцох хэрэгсэл нь харилцаж байгаа холбооныхоо төрлөөс болоод, телефон аппарат, телеграфын морз болон үсгээр бичдэг аппарат, фототелеграф болон тэдгээрийн дамжуулах цахилгаан холбооны суваг, радио телевизийн нэвтрүүлгийг агаарт цахилгаан соронзон долгион болгон цацах нэвтрүүлэх төхөөрөмж ба уул нэвтрүүлгийг радио сонсох чанга яригч, хүлээн авагч, телевизор зэрэгт ялгагддаг байлаа. Гэтэл харилцаанд шинэ технологи нэвтэрснээр бүх харилцуур нь ганц компьютер болж мэдээлэл дамжуулах систем нь үндэсний болон олон улсын цахилгаан холбооны сүлжээ интернет болж хувирчээ. Одоо манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль дотроо мастер, докторантын сургалт явуулахын зэрэгцээ багш нараа гадаадад явуулж эрдмийн зэрэг хамгаалуулдаг явдал нь өсөв. Манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль Москва хотын мэдээллийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй болж оюутан солилцоогоор сургаж Оросын болон Монголын Их сургуулийн дипломтой төгсгөх хамтын ажиллагаатай болсон байна.” хэмээжээ.

Тус сургуулиас бэлтгэгдэн гарсан үе үеийн мянга мянган холбоочид, шууданчид, мэдээллийн технологи, электроник, радио телевизийн сүлжээний инженер техникчдийн хөдөлмөрийн үр дүнд бид дэлхий нийттэй технологийн хувьд ч үйлчилгээний хувьд ч мөр зэрэгцэн явж байгаа билээ.

Эх сурвалж: Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн түүхэн замналаас, 2002 он

Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь 

Бусад мэдээ

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

ҮЙЛ ЯВДАЛ Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно 2022.12.12 Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“ШИЛ АЖИЛЛАГАА”

4 ТУСГАЙ САН, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЛОО. “Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулав. Үүнд: • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан • Эрүүл мэндийн даатгалын сан • Ирээдүйн өв сан • Төсвийн тогтворжуулалтын сан БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВДАГГҮЙ. Тус сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг бөгөөд Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөг, үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, Радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 447,2 сая төгрөг, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92,8 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчдээс 77,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлжээ. 2009-2022 онд сангаас нийт 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулж, 2022 оны эцсийн байдлаар 6.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Дээрх 155 төсөл, хөтөлбөрийг ангилбал орон нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх 49 төсөлд 18.6 тэрбум, дэд бүтцийн 20 төсөлд 4.9 тэрбум, интернэтийн үйлчилгээ хүргэх 29 төсөлд 8.3 тэрбум, шуудангийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.8 тэрбум, телевиз, радиогийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.3 тэрбум, судалгааны 27 төсөлд 1.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. БНҮҮС-ийн санхүүжилтээр 2009-2022 онуудад хэрэгжүүлсэн дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын 330 сум, суурин газарт болон харилцаа холбооны үйлчилгээ хүрээгүй алслагдсан нийт 1639 баг байдгаас 1226 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээ, интернэт, шуудан, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээг хүргэжээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС 3,092 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2018-2022 оны хооронд дахь тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод, нээлттэй байршууллаа. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Санхүүжилт авсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллагын ямар онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг жагсаалтаар байршууллаа. Энэхүү санхүүжилт авсан байгууллагуудын 61.53% нь улсын эмнэлэг, 11.98% хувийн эмнэлэг, 10.71% сумын эрүүл мэндийн төв, 6.76% нь өрхийн эрүүл мэндийн төв, 6.69% эмийн сан, 2.18% нь рашаан сувилал, 0.16% лабораторид тус тус авчээ. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 10 төрлөөр зарцуулалтыг харуулахад хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнд давтагдсан тоогоор 1.2 сая хүнд 1.8 их наяд төгрөг, амбулаторийн үйлчилгээнд давтагдсан тоогоор 3.5 сая хүнд 741 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давтагдсан тоогоор 1.4 сая хүнд 273 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Мөн тус сангийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн 2018-2022 оны хооронд 11 банканд байршуулсан үнийн дүнг авч үзвэл 23.19% нь Төрийн санд, 14.89% нь Төрийн банканд, 14.51% нь Хаан банканд, 11.9% нь Худалдаа хөгжлийн банканд зэрэг бусад банканд хуваан байршиж байна. ИРЭЭДҮЙН ӨВ САН НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТӨВЛӨРСӨН ОРЛОГЫГ ӨНӨӨ БА ХОЙЧ ҮЕИЙНХЭНД ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛАХ ЗОРИЛГОТОЙ Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдсан ба 2017 оноос эхлэн тус санд хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрч эхэлсэн. Энэхүү сангийн зорилго нь Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Сан нь дараах эх үүсвэрээс бүрддэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв сангийн хуримтлал 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2022 онд тус сан нь 1,4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна. ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН Тус сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Тогтворжуулалтын сангийн хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тогтворжуулалтын сангаас тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийгдсэн байна. ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН 2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нэмж нээлттэй байршууллаа. ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОЛГОСОН 310,503 ГАЗАР Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд: 2000-2023 оны хооронд олгосон: Чингэлтэй дүүргийн 35,049 Баянзүрх дүүргийн 86,051 Сүхбаатар дүүргийн 51,477 Баянгол дүүргийн 10,744 2000-2021 оны хооронд олгосон: Багануур дүүргийн 10,487 2000-2020 оны хооронд олгосон: Налайх дүүргийн 32,870 2000-2010 оны хооронд олгосон: Багахангай дүүргийн 265 Хан-Уул дүүргийн 9,539 2013–2023 оны хооронд олгосон: Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

УИХ-ын Байнгын хороод Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам тэргүүтэй төлөөлөгчид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллалаа. Уулзалтад тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, түүний харьяа, салбар байгууллагын удирдлагууд оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбар болгох зорилгынхоо хүрээнд салбарын өнөөдрийн нөхцөл байдал, түүний хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар товч танилцууллаа. Тодруулбал Мөн харьяа болон салбар байгууллагын удирдлагууд үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаар байнгын хороодын гишүүдтэй нээлттэй санал солилцов. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд цахим хөгжил, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж, салбарын бүрд цахим шилжилт хийгдэж, хөгжлийн хурдасгуур болж буйг онцлоод Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг нь УИХ дээр танилцуулж, шийдвэрлэх чиглэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.