Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа

2022.03.17

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон төдийгүй уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, банк санхүү гэх мэт бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур хүчин зүйл болон хөгжиж байна. Үүнтэй холбоотой дэлхийн хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу шилжиж байгаа ажээ. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгосон бөгөөд “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг өнөөдөр /2022.03.17/ Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Тус форумыг нээж, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зорьж, тэмүүлж байгаа иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи бөгөөд салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болсон гэдгийг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан юм. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар, монголчууд “Цахим Үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтууд хэрэгжсэнээр

  • 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95 хувь интернэт ашигладаг, хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг
  • Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал 4 дахин өсөж,
  • 5G технологийн нэвтрэлт 70 хувьд хүрч,
  • Харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.

Мөн цахим засаглалын олон улсын индекс 10 хувиар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50 хувьд хүрнэ гэж харж байгаа ажээ.

Цахим хөгжлийн хурдасгуур форумын үеэр Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөллүүд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын  орчин, дижитал эдийн засгийн хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм.

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа

“Дижитал Алматы-2024” арга хэмжээний хүрээнд (2024.02.02) өдөр Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш Сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат: Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш: Казакстан Улс төрийн байгууллагуудын хөндлөн холболт буюу интеграцыг бүрэн хийж дууссан. Иргэдэд үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг цахим платформ, нэг цэгээр үзүүлдэг. Төрийн нэгдсэн их өгөдлийг үүсгэж нэгтгэсэн учир систем хөгжүүлэлт маш хурдан, хялбар болсон талаар дурдсан юм. Мөн төв Азийн улсууд хамтран АНУ-ын Цахиурын хөндийд “Торгоны замын инновацийн төв” байгуулснаар гарааны компаниуд олон улсын зах зээлд гарах үүд хаалгыг нээж өгсөн, улмаар хамтарсан венч сан байгуулж старт-ап команиудаа дэмжих талаар өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Казахстан Улсад нэвтрүүлж туршсан системүүдийг ашиглуулах, технологи дамжуулах, хүний нөөцийг чадавхжуулах талаар хоёр яам тодорхой төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө

Хууль зүй, дотоод хэргийн яам “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, дагалдах хуулийн төслийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахим хуудастаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлсэн. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр /2023.04.04/ сэтгүүлчид болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт эрх зүйн орчинтой нь уялдуулж байгууллага бүрт төлөвшүүлж, институтчилах асуудлыг суулгах ёстой. Хуулийн хэрэгжилт батлагдсаны дараа гэж үзэж байна. Мөн хуулийн процесс нь тодорхой байх ёстой. Аливаа органик хуулиудын процессыг нь нарийвчлахгүй бол процесс дээрээ асуудлууд гардаг. Мөн шүгэл үлээх нэрийн дор бусдын нэр хүндэд халдах, хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь давхар бодох шаардлагатай. ШҮЭБТ хуулийн төслийг олон талаас нь хэлэлцэж, иргэд олон нийтийн хэлэлцүүлгээр шүүсийг нь сайн шахаж, өргөн хүрээнд зохион байгуулж, иргэдийн санал, олон улсын туршлага, онол эрх зүйн суурин дээр үндэслэж, шинжлэх ухааны үндэслэлтэй батлах болно гэдгийг онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнгөнцэцэг хэлэлцүүлгийн дэг болон оролцогчдыг танилцуулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тус хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн танилцуулга хийж, Нээлттэй нийгэм форум ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа хуулийн төсөлд өгөх санал шүүмжийг танилцуулав. Хэлэлцүүлэгт ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар шүгэл үлээгчийн эрх зүйн байдалд анхаарал тавьж, хуулийн томъёоллыг сайжруулах зорилгоор тодорхой хэдэн зүйл заалтын тухай хэлсэн саналдаа: Санал:1 Бичгээр гаргана гэдэг хязгаарлалтыг эргэж харах ёстой. Шүгэл үлээгч нийгэмд үүссэн ноцтой асуудалд анхаарал хандуулж мэдээлэх гол зорилго агуулж байгаа. Үүнийг цахим орчинд видео хэлбэрээр үзүүлж болно. Өөр бусад бүх хэлбэрийг зөвшөөрсөн байдлаар тодорхойлохгүй бол бичгээр ирээгүй гээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, шүгэл үлээгч болохгүй юм шиг ойлгогдож байна. Санал:2 Шүгэл үлээгч бол хоёр зүйл дээр анхаарлаа хандуулна 1. Би хариуцлагаас чөлөөлөгдөх үү? 2. Хамгаалагдаж чадах уу? Шүгэл үлээгч нь хамаарал бүхий этгээдийн хамт хуулийн хамгаалалтад байх ёстой. Хамгаалах гэж байгаа бол хамгаалах арга хэрэгсэл маш тодорхой байх ёстой. Хуулийн хамгаалалт үүсгэх, хууль хяналтын байгууллага илүү санаачилгатай байх, нэгэнт өөрийн амь нас, ирээдүйг эрсдэлд оруулж шүгэл үлээж байгаа энэ тохиолдолд тэр хүний өмнөөс очиж ажиллагаа хийх, санаачилгатай байх талаас нь үүргийг нь бичиж өгөхгүй бол хүсэлт гаргавал авна, шүгэл үлээсэнд тооцно, хүсэлт гаргахгүй бол хамгаалахгүй, бичгээр ирүүлэх ёстой гээд хязгаарлачхаар гол зорилгоо биелүүлэхгүй байгаа үр дагавар үүсгэчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас томъёолол дээрээ эргэж харах хэрэгтэйг дурдлаа. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Нийтийн эрүүл мэнд, Хүрээлэн буй орчин, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд үйлчлэх бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төрийн байгууллагын нэгдсэн www.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно. Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм. Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.