Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021.02.22

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 19 нь аймгийн төвүүдэд, 33 нь сумдад, 4 нь бусад суурин газарт, шуудангийн 88 хайрцагтай болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 52 дугаар тогтоолоор “Шуудангаар явуулах зүйлийг журамтай болгох тухай” тогтоол гарсан нь шуудангийн хөгжил асар их нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар Замын- Үүд чиглэлийн төмөр замын дагуу орших Мааньт, Чойр, Сайншанд, Улаан- Уул, Замын- Үүд зэрэг газруудад холбооны салбарыг ээлж дараатайгаар 1955 оны 3 дугаар сарын 15- наас нээн ажиллуулжээ. БНМАУ-ын Тэргүүний холбоочдын анхдугаар зөвлөгөөнийг 1955 оны 3 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийж, ажил үйлсээрээ шалгарсан 57 холбоочин оролцсон байна. Тус зөвлөгөөнд “Харилцаа холбооны ашиглалтын байдал, түүнийг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоолын биелэлт, харилцаа холбооны одоогийн зорилтын тухай Холбооны сайд Л.Дамдинжав илтгэл тавьжээ. Илтгэлд 1954 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 1953 онтой харьцуулахад захидал бичиг 7%, сонин хэвлэл 25%, шуудангийн хүндийн жин 21% тус тус нэмэгдэж, солилцсон сонин хэвлэл, бичиг захидлын 74 % хөдөө орон нутгийг хамарч байна гэж дурьджээ. ЗХУ-ын Засгийн газраас радио нэвтрүүлгийн их хүчний төвийг Улаанбаатар хотод байгуулж туслахаар зөвшөөрснийг үндэслэн Сайд нарын Зөвлөлд радио нэвтрүүлэх төвийн зураг, төлөвлөгөөг гаргаж, судлан шинжлэх мэргэжилтнүүдийг 1956 онд багаан ирүүлэх, холбогдох бүхий л зураг, төсөв, төлөвлөгөөг ЗХУ-ын зураг төлөвлөгөөний газруудын тусламжтай хийж гүйцэтгэх, радио нэвтрүүлэх их хүчний төвийг 1958 оны эцэст ашиглалтад оруулахаар бодож, тоноглолын ажилд оруулах хүсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихыг даалгасан нь түүхэн ач холбогдолтой ажил болсон байна. Мөн энэхүү ажилд зориулан боловсон хүчинд анхааран 1957 онд ЗХУ-д 17 хүнийг их хүчний радио станцад, 5 хүнийг радиожуулалтын ажилд, мөн 10 хүнийг дагалдан сургахаар явуулах, ажилчдын оройн сургуулийг Улаанбаатар хотод байгуулах, холбооны үйлчилгээний ажилчдыг орос, хятад, франц хэл бичигт сургах дугуйланг зарим газар хичээллүүлэх, радио сонирхогчдын лавлахыг монгол хэлэнд, Эх орон -52 хүлээн авагчийн зааврыг 3000 ширхэгийг тус тус хэвлүүлэн гаргах, холбооны үйлчилгээг сурталчлах, холбоочдын цалинг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлыг Холбооны яамнаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байжээ. Манай улсын харилцаа холбоо, радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд 1957-1960 онд бариулсан Улсын радио нэвтрүүлэх төв, хүлээн авах станц, холбооны төв барилгын цогцолбор нь цар хүрээгээрээ томд тооцогддог билээ. 1957 онд Тээврийн болон Холбооны яамыг нэгтгэн зохион байгуулагдахад Тээврийн сайдаар томилогдон ажиллажээ. Л.Дамдинжав нь харилцаа холбооны салбарыг амжилттай удирдаж байснаас гадна автотээврийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулсан тул тэрээр “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цолыг хүртсэн нэгэн эрхэм байсан билээ. Эх сурвалж: Л.Дамдинжав “Итгэл хариуцлага” номноос, 2015 он Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номноос, 2011 он

Бусад мэдээ

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

ҮЙЛ ЯВДАЛ АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна 2021.12.24 Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээ АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт” -ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна. Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө 2022 оны 1 дүгээр сарын 5-ны дотор tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлж, тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хамрах хүрээ: Үйлдвэр Хөдөө, аж ахуй Газар тариалан Эрчим хүч Барилга, Тээвэр Соёл, урлаг Аялал жуулчлал Харилцаа холбоо Мэдээллийн технологи Эрүүл мэнд Финтек Банк, санхүү Уул уурхай Төслийн загварыг бөглөж ирүүлнэ үү. Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3skDXJe авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 утсаар лавлана уу. “e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд 25 болон 45 насанд хүрсэн иргэний үнэмлэхээ сунгуулах гэж буй иргэд Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах Хуулийн этгээдийн нэр авах Хуулийн этгээдийн түр данс нээх Тоон гарын үсэг авах Нийгмийн халамжийн 31 үйлчилгээнүүдийг зөвхөн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт дээр ирснээр та авах боломжтой юм. Үүний зэрэгцээ, хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцож, ялагч болох боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

ҮЙЛ ЯВДАЛ Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө. 2022.12.30 Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа. “Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ? Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан. Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу? Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.   Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл? Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм. Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм. Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ? 2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн. Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ? Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ? Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ. Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн. Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ? Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн. Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дэлхийн шуудан холбооны 27 дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна

ҮЙЛ ЯВДАЛ Дэлхийн шуудан холбооны 27 дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна 2021.08.14 Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн шуудан холбоо (ДШХ)-ны ээлжит 27 дахь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хуралд манай улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Женев дэх Элчин сайдын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК байгууллагуудын төлөөлөл цахимаар оролцож байна. Уг Их хурал нь Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд төлөвлөгдсөн хэдий ч хойшлогдож, 2021 онд “Нэг дэлхий, Нэг шуудангийн сүлжээ” уриан дор биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулсан байдлаар зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Энэ удаагийн Их хурлаар “Дэлхийн шуудан холбооны дүрэм”-д оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлахаас гадна Олон улсын товчооны Ерөнхий захирал болон Дэд захирлыг сонгох сонгууль болно. Нээлтийн үеэр ДШХ-ны Ерөнхий захирал Ноён Хуссейн цар тахлын үед шуудангийн салбар болон шуудангийн ажилчдыг магтан сайшааж, “Сүүлийн 18 сарын хугацаанд олон улсын шуудангийн салбарт гайхалтай өөрчлөлт гарсан бөгөөд зарим засгийн газар шуудангийн салбарыг чухал дэд бүтэц гэж зарласан.” талаар дурдаж, COVID-19-ийн улмаас амиа алдсан шуудангийн салбарын “баатрууд, баатрууд” -ыг нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлэв. Ковид-19 цар тахлын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдассан тул энэ удаагийн Их хурлаар шуудангийн салбарт цахим үйлчилгээний бодлого, зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Их Хурлын явцыг шууд үзэх линк: tv.upu.int Share on facebook Share on twitter Бусад мэдээ