Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Холбоочдын “Шар Ордон”

2021.04.21

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ … Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу, Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ “Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв….”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн үйлчилгээний танхимд 406 хэрэглэгчийн багтаамжтай шуудангийн хайрцгийг мебелийн үйлдвэрээр хийлгэн тавьснаас гадна нэгдүгээр давхраас хоёрдугаар давхарт шуудан гаргах өргөгч цахилгаан лифт, гадна талаас шуудан хэвлэл оруулах ТП-4 маркийн туузан дамжуулагч, ялган боловсруулах цех тасгуудын хооронд шуудангийн зүйлүүдийг зөөх туузан дамжуулагч, бичиг, захидлын марк тамгалагч ШММ- 48 маркийн машин, МВТУ-5 маркийн шуудан боогч, ППГ-64 маркийн худалдагч автомат зэрэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, радио нэвтрүүлгийн ярианы хэд хэдэн студи, хөгжмийн том студи, 15 кВт-ын чадалтай радио зангилаа, хот хоорондын холбооны шугамын нягтруулгын төв, коммутатор, цахилгаан мэдээний аппаратын заал, зай тэжээл, эрчим хүчний иж бүрэн нөөц бүхий байгууламж, хөргөлт, халаалтын цогцолбор, шугам кабелийн төгсгөлийн байгууламж, үйлчилгээний хэд хэдэн заал бүхий орчин үеийн барилга болон сүндэрлэсэн билээ. Төв шуудангийн энэ барилга нь БНМАУ-ын харилцаа холбооны салбарын анхны хөгжил байршлын схемийг хэрэгжүүлэх эхний алхам болсон байна. Тээвэр, холбооны сайдын 1960 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 434 дүгээр тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан учир 1961 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр татан буулгажээ. Төв шуудангийн барилга ашиглалтад орж, Улаанбаатар хотын шуудан, хот хоорондын болон телефон холбоо, радио узелийн албадууд нэг дор байрлах болсонтой холбогдуулан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 472 дугаар тогтоолоор эдгээр байгууллагуудыг нэгтгэж, ТХЯ-ны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулжээ. Өнөөг хүртэл энэхүү харилцаа холбооны салбарын барилга нь нийслэл хотын гэрэл, гэгээтэй газрын нэг болон сүндэрлэсээр байгаа бөгөөд харилцаа холбооны үйл ажиллагаагаа амжилттай явуулж, үе үеийнхний үйлчлүүлэх дуртай газрын нэг байсаар байсан, цаашдаа ч байсаар байх болно. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” Л.Дамдинжав” Итгэл хариуцлага” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Дундговь аймгийн салбар байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр (2023.10.06) Дундговь аймагт ажиллах хүрээндээ цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй яамны салбар байгууллагууд болох Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, Шуудан холбоо ХК, Монголын цахилгаан холбоо ХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, салбарын ажилчдын санал хүсэлтийг сонсож, ярилцлаа. Өнөөдрийн уулзалтанд Дундговь аймаг, Дорноговь аймаг, Өмнөговь аймаг, Төв аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 80 гаруй ажилтан оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, дэд бүтэц, цалин хангамжийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, холбогдох хариултуудыг авлаа.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2021.08.10 Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2021.08.10) боллоо. Танхим болон цахим хэлбэрээр болсон тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэдээлэл холбооны операторуудын ассоциац, Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Америкийн худалдааны танхим, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, МҮХАҮТанхим зэрэг байгууллагын төлөөлөл, “МУК компьютерс” ХХК, “Бат солюшинс партнерс” тэргүүтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, олон нийтийн төлөөлөл зэрэг 186 хүн оролцов. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал нээж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Төр нь иргэн бүрдээ очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн зүтгэнэ Төслүүдийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын дарга 54 дугаар захирамжаараа хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг дурдав. Ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох, хуулийн төслийг илүү сайжруулах, орхигдсон асуудал байвал нэмж тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв. Улсын Их Хурал 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон нийтлэг зохицуулалт бий ч техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийг олон сувгаар хүлээн авч, дамжуулах болсонтой холбогдуулан хувь хүний нэр төр, хувийн нууцад илтэд хууль бусаар халдах явдал цөөнгүй гарах болсныг Н.Учрал гишүүн онцоллоо. Хүний хувийн нууцад зөвхөн захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад нууцыг хамааруулахаар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тодорхойлсон нь бэрхшээл болж байгаа тул өнгөрсөн хугацаанд гарч ирсэн зөрчил, дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхээр хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа гэв. Хүн бүрийн мэдээлэл бүрэн хамгаалагдах, зөрчигдсөн бол хүлээх хариуцлага нь тодорхой байх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа хэллээ. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал сонирхсон хэн бүхэнд нээлттэй ил тод байхаар заасан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт туйлын хангалтгүй явж ирснийг тэрбээр тэмдэглэж хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлаас хууль батлан гаргах нь чухал хэдий ч түүнийг хэлбэрэлтгүй, нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулиа мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хуулийн талаарх ойлголт, хандлага иргэдийн дунд унадаг, алдагддаг нь маргаангүй зүйл юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг баталснаар төрийн байгууллагын нийтэд нээлттэй байх хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог, мэдээллийн баазыг төрийн байгууллагууд шуурхай солилцдог, түүнчлэн төсөл хөтөлбөрийг үр ашгтай хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох учиртай” гэлээ. Монгол Улсын төрийн байгууллагууд цахим харилцаанд шилжих ажиллагааг дөрвөн үе шатад хуваан авч үзэж болох талаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд дурдсан байдаг аж. Тодруулбал, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан иргэдэд хүргэх, гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, шилэн данс, нэмэгдсэн өртгийн албан татварын систем хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс үзэхэд төрийн байгууллагууд хоорондын цахим мэдээлэл солилцох дэд бүтэц боломжийн хэмжээнд хүрсэн байх бөгөөд харин мэдээллийг цахим хуудсандаа хариуцлагатай оруулах, лавлагаа мэдээллээр хангах, мэдээллийг үнэн зөв шуурхай оруулах, цахимаар өгсөн мэдээллийг бусад байгууллага албан тушаалтан цаасан баримтын адил хүлээн зөвшөөрдөг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолж байв. Мөн тэрбээр мэдээллийн технологийн эрин зуунд цахим хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын  үлгэрлэл, туулсан замналыг бид дагаж алхахдаа алдсан алдааг нь тойрч, зөв шийдлийг нь товчилж, гагцхүү Монголын нийгэм, зан заншил, хувь хүний сэтгэлгээний онцлог, нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурласан бодит шийдэл, бодит дэд бүтэц, өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко-системийг бий болгох шаардлагатай гэв. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш. Төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн гурван талт түншлэлийн үндсэн дээр бид энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг хийх болно хэмээлээ. Энэ цаг үед мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл солилцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлээгүйгээр урагшлах боломжгүй гээд “Дараагийн 100 жилд Монгол Улсын хөгжлийг тодорхойлох, эдийн засгийг солонгоруулах чухал хүчин зүйлийг хамтдаа бий болгож, цаашлаад төрийн албаны хүнд суртал, чирэгдэлийг багасгаж, монгол хүн төрийн албаа царай алддаг биш, төр нь өөрөө иргэн бүрд очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө Та бүгд маань гар бие оролцон, хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Ийнхүү хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцууллаа. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн  өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь нийтийн мэдээлэл хариуцагч байхаар төсөлд тусгасан байна. Тодруулбал, зөвхөн төр мэдээлэл хариуцагч биш гэдгийг онцолж байв. Жишээлбэл, хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрлөөр хадгалж, ашиглаж боломжтой. Төрийн болон бусад байгууллага цахим орчинд мэдээлэл солилцох, хадгалах, ашиглах, дамжуулах харилцааг зохицуулахаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар төсөлд тусгасан гэдгийг тэрбээр онцолж, тус бүрд нь тайлбарлав. Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзэх бол танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж төсөлд тодорхойлжээ. Харин хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзэх юм байна. Хувь иргэн мэдээллийнхээ эзэн байх бөгөөд

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг долоо хоног бүрийн Баасан гарагт хүлээн авч уулзаж байна. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн финтек компани болох Кэйрпэй, “Монгол инфинити шуудан” компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Кэйрпэй компани нь дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Carepay болон GoCare аппликейшнийг хөгжүүлж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус компани нь Монгол Улсын эрүүл мэнд төдийгүй технологийн салбарыг төлөөлөн Төв Азийн 85 стартап компанитай өрсөлдөн АНУ-ын Цахиурын хөндийд байрлах “The Silicon Valley Residency Program”-д оролцох 27 компанийн нэгээр шалгарсан Монгол Улсын анхны стартап юм. Мөн уламжлалт шуудангийн үйлчилгээг технологитэй хослуулан шуудан, хүргэлт, агуулахын үйлчилгээг иргэдийн гар утсанд санал болгож буй “Монгол инфинити шуудан” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч, уулзсан юм. “Монгол инфинити шуудан” ХХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2023 онд Дэлхийн шуудангийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн Алтан гишүүнээр албан ёсоор элсэж, үүний хүрээнд Amazon, Европын топ 150 цахим дэлгүүрийг эгнээндээ багтаасан EU ecommerce, Хятадын топ 10 хувийн хүргэлтинй компани (SF, JDcom) China Express түүнчлэн Toshiba Escher зэрэг шуудан, хүргэлт, цахим худалдааны томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Тус компанийн төлөөлөл ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд хүргэлтийн платформ болох “E-Delivery” -ийг танилцуулж, шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах чиглэлээр санал солилцлоо.