Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

2022.05.01

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Бусад мэдээ

Цахим аймаг бодлогын зөвлөмж Төв аймгийн албан хаагчдад хүрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг Төв аймагт хэрэгжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Цахим хөгжлийн багц хуулийг танилцууллаа. Мөн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн бол Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ууганбаатар тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээлэв. Төв аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажилладаг. Эдгээр цэгүүд нь энэ оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тухайн цагаас өнөөдрийг хүртэл төрийн 3476 үйлчилгээг хүргэсэн бол зөвлөн туслах үйлчилгээг 455 иргэнд хүргэсэн байна. Мөн аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн е-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа юм.

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоуныг өнөөдөр /2023.01.26/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтын хүрээнд Кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Их Британи Улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааны гүүр болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. Мөн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоун ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээллэх болно.