MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов

2021.04.27

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1965- 1985 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Дахын Готовын тухай нийтэлж байна. Дах овогтой Готов Сүхбаатар аймгийн Онгон суманд 1927 онд төрсөн. Түүний холбоочин болох зам нь 1942 оноос Сүхбаатар аймгийн Байшинтын холбооны салбарт үйлдвэрлэлийн ажилтнаар ажилласнаар эхэлжээ. Д.Готов гуай 1945-1949 онд Улаанбаатар хотын холбооны техникумд суралцаж төгсөөд Ушандийн нэвтрүүлэх станцад техникч, станцын даргаар дэвшин ажилласан нэгэн. Тэрбээр 1949-1953 онд радио станцын техникч, радио зангилааны дарга, 1959-1960 онд Хонхорын радио төвийн ахлах инженерээр ажиллаж байгаад 1953-1959 онд ЗХУ-ын Москва хотын цахилгаан холбооны дээд сургуульд суралцаж радио холбооны инженер болжээ. 1960-1963 онд Төрийн ордны холбооны инженер, 1963-1964 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тээвэр, холбоо хариуцсан референт, 1964 оноос Тээвэр, холбооны яамны холбоо эрхэлсэн орлогч сайдаар томилогдон ажиллаж байв. Д.Готов гуай “… 1964 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудаж, “За, чи Тээвэр, холбооны яаманд холбоо эрхэлсэн орлогч сайдаар ажиллах хэрэгтэй. Харилцаа холбоог мэргэжлийн инженерийн хувьд удирдаж, ажлыг сайжруулж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэв. Ингээд би холбоочдынхоо дунд эргэж ирсэн билээ. … Тэр үед ТХЯ-д харилцаа холбооны асуудал эрхэлсэн 4 мэргэжилтэнтэй нэг хэлтэс ажиллаж байлаа. Дан ганц энэ хэлтсийн хүчээр тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлүүлэх боломж хараахан байхгүй нь ойлгомжтой тул ахмад туршлагатай удирдах ажилтан Ж.Самбуу, С.Дамдинсүрэн нар болон ЗХУ-д сургууль төгссөн Л.Бадарч, Ш.Гандорж, Д.Дамдинсүрэн, Л.Буджав, Б.Цэд-Иш, Л.Сумъяа, З.Дүгэрсүрэн, Г.Балдандорж, Ц.Бат-Очир зэрэг хэдэн залуу инженерүүдтэй зөвлөлдөн, Холбооны яамыг бие даан байгуулах тухай санал сэдэж, уг асуудлаа нилээд тооцоо судалгаатай боловсруулж, сайд Б.Гомбосүрэн болон коллегийн гишүүдэд танилцуулан, улмаар МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж танилцуулсан нь цагаа олсон хэрэг болж, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, Холбооны яам байгуулагдсан бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр намайг Холбооны сайдаар томилсон түүхтэй юм” хэмээн өгүүлжээ. Д.Готов гуай БНМАУ-ын Харилцаа холбооны салбарт реформын шинж чанартай өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зорин “БНМАУ-ын харилцаа холбооны салбарын 1960-1990 оны хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, энэхүү бодлогын баримт бичгийг 1967 онд Холбоочдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулан, энэхүү зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэн батлуулсан түүхтэй билээ. Энэ ерөнхий схемийн хэрэгжилт 1971-1989 оны хооронд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гүйцэтгэгдсэн бөгөөд Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээ шинэчлэгдэхийн хэрээр техникийн дэвшил нэвтэрч байсан нь харилцаа холбооны чанар сайжирч, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 1965-1970 онд Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговийн чиглэлийн агаарын шугамыг 3-12-15 сувгийн өндөр үелзлийн аппаратаар нягтруулж, 3000 гаруй км шугам шинээр байгуулж, агаарын шугамын дундын өсгөх буудлын 20 барилгыг барьснаар хот хоорондын шугамын урт 16,6 хувь өсөж, нягтруулсан сувгийн тоо 4 дахин нэмэгдэж, бүх аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 24 цагийн турш байнгын телефон харилцаатай болгосноор хот хоорондын телефон ярианы хэмжээ 86,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд цахилгаан мэдээг үсэг бичигч аппаратаар дамжуулах болж морз аппаратыг бүрэн сольж дуусгажээ. 1975-1980 онуудад Хот хоорондын болон аймаг сумдын хооронд дахь агаарын шугамыг төмөр бетон хөлөөр бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлж, нийтдээ 3718,4 км шугам шинээр байгуулж сувгийн уртыг 3875 суваг/км-ээр нэмэгдүүлсэн. Энэ ажлын дүнд ХАА-н нэгдэл, САА-н тасаг, бригадуудын 70%-ийг холбоожуулсан байна. Увс, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг орчин үеийн хоёроос гурван давхар холбооны барилгатай болгож, Улаанбаатар хотын дүүргүүдэд АТС, үйлчилгээний танхим бүхий холбооны шинэ байшин барьж холбооны үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Даланзадгад, Есөнбулаг, Чойбалсан, Мөрөн хотуудад 150-квт-ын хүчин чадалтай өргөн нэвтрүүлгийн станцууд байгуулж Монголын радио нэвтрүүлгийг дахин дамжуулж, холын аймгуудад телефон сувгаар радио нэвтрүүлгийн программыг дамжуулдаг болсноор радио нэвтрүүлгийн сонсголыг сайжруулжээ. Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн дэвшил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхэд 1974 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 50 жилийн ой тэмдэглэхэд оролцсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Ильич Брежнев зочлох үеэр Монгол Улсад радиожуулалтын асуудлыг шийдвэрлэхээр 60 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын холбоог хөгжүүлэх ерөнхий схемийн үндсэн зорилтыг шийдвэрлэсэн байна. Энэхүү тусламжийн хүрээнд Улаанбаатар- Өлгийн хоорондох радио релейны шугамын анхны станцын суурь тавигдаж, Алтай, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улаанбаатар хотуудад их чадлын радио нэвтрүүлэх станц баригдан, ашиглалтад орж эхэлсэн байна. Шууданг Улаанбаатараас өдөр бүр бүх аймагт онгоцоор, сумдад долоо хоногт автомашинаар, сумын холбооны салбараас тусгай хуваариар багуудад шуудан хүргэдэг болгон зохион байгуулжээ. Энэ үеийн шуудан харилцаанд гарсан өөр нэг дэвшил бол шуудангийн маркийн хангамж байлаа. Өмнө нь ЗХУ-д шуудангийн маркаа хэвлүүлж зөвхөн дотоодын шуудангийн төлбөрт ашиглаж байсан бол 1958 онд шуудангийн маркийн талаар Бүгд Найрамдах Унгар Ард Улстай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шуудангийн маркийн сэдэв олширч, хэвлэлийн чанар сайжирсны зэрэгцээ гэрээний дагуу Унгар улс Монгол шуудангийн маркийг гадаадын зах зээлд борлуулж түүнийхээ орлогоос Монгол шуудангийн хэрэглээний маркийг Монголын талд үнэ төлбөргүй нийлүүлдэг болов. Д.Готов сайд “Би дэлхийн шуудангийн байгууллагын 1964 оны чуулган дээр шуудангийн маркийн ач холбогдол, үүргийн талаар олон орны төлөөлөгчдийн хэлсэн үг, санал зөвлөгөөнийг үндэслэн Монгол маркийн цаашдын хөгжлийн асуудлаар МАХН-ын Төв Хороонд танилцуулж байсан” хэмээн дурссан байдаг. 1965 онд ЗХУ-ын Холбооны яамныхантай Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэрээнд гарын үсэг зурж, телевизийн барилга байгууламж, шугам, антеныг бүрэн угсарч, 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор ашиглалтад хүлээж авах ажлыг гардан зохион байгуулсан. VI таван жилийн эцэст радио релейний шугам ашиглалтад орж эхэлснээр хот хоорондын телефон сувгийн тоог эрс нэмэгдүүлэх сайхан боломж олдсоны зэрэгцээ Радио релейний шугамын трассын дагуу сумын салбарууд хот хоорондын нэгдсэн сүлжээнд холбогдож улмаар ярианы саатал багассан байна. Сумдын нягтруулгатай сувгийн урт 1979 оны эцэст 16,5 мянган суваг/км болсон байна. Монгол Улсад дунд мэргэжлийн холбооны боловсон хүчнийг 1940 оноос бэлтгэж эхэлжээ. Холбооны салбар хөгжиж үйлчилгээний хүрээ өсөхийн хэрээр холбооны түгээмэл мэргэжлийн ажилтнууд болон дээд боловсролтой инженерүүд олноор шаардагдах болсон тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Д.Готов сайд, орлогч сайд Д.Гарам- Очирын хамт Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргуулж, 1967 онд Монгол Улсын Их Сургуулийн физик математикийн факультетад радио, холбооны инженерийн анги нээсэн бөгөөд 1960 оны сүүлчээр Монгол Улсын Их Сургуулиас Политехникийн дээд сургууль өрх тусгаарлан гарахад физик математикийн факультетын радио, холбооны ангийг Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультетын радио, холбооны тэнхим болгон өргөтгөсөн нь эдүгээ ШУТИС-ийн харьяа олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сургууль болтлоо өргөжсөн байна. Холбооны хөгжлийн хэрээр инженер техникийн ажилтнаас гадна холбооны түгээмэл мэргэжлийн ажилчид олноор шаардагдах болсон учир Холбооны яамны гадаад харилцааны хэлтсийн дарга Лодонгийн Нацагдоржийн санаачилгаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 1967-1970 оны үед холбооны түгээмэл мэргэжлийн ажилтан болох шуудан телефон телеграфын оператор (үйлчлэгч), шугам кабелийн засварчин, холбооны зай тэжээлийн мэргэжилтэн, радио хүлээн авагч, телевизорын засварчдыг бэлтгэн гаргадаг сургалтын төв байгуулжээ. Д.Готов 1979-1984 онд БНМАУ-аас ЗХУ-д суух Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаанд манай хоёр орны гадаад харилцааны олон талт ажлууд түүний дотор зорчигч болон бүх төрлийн ачаа тээвэр, улс хоорондын телефон яриа, цахилгаан мэдээ, шуудан, зам харилцааны үйлчилгээ ЗХУ-аар дамжин явагддаг тийм цаг үе байсан болохоор энэ бүхнийг зохицуулахад түүний удирдан зохион байгуулах чадвар, хүнлэг элэгсэг харилцаа нь дипломат албаны чухал үзүүлэлтийн нэг бөгөөд тэрээр БНМАУ-аас Финлянд улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдын албыг давхар хашиж байсан туршлагатай дипломатч юм. 1979-1984 онуудад манай улсын нэг жилийн өргөн хэрэгцээний барааныхаа 40%, үйлдвэр техникийн зориулалттай бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг зөвхөн ЗХУ-аас авдаг байсан байна. ЗХУ-ын 100 гаруй хотод манай орны 10,000 гаруй оюутан, аспирант, докторантуудыг сургах ажлыг Киев, Ленинград, Ташкент, Новосибирск, Иркутск хотуудад консулын төлөөлөгчөөр дамжуулан зохион байгуулж байсан байна. Д.Готовыг ЗХУ-д Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын иргэн сансарт ниссэн түүхт үйл явдал болсон юм. Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарын бэлтгэлийг бүрэн хангуулах, сурталчилгааны ажил, Оддын хотхон, Нислэгийн удирдах төв, Байконуур зэрэгт БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Радио телевизийн улсын хорооны Телевизийн дарга, хэвлэл мэдээллийн сурвалжлагчид зэрэг албаны хүмүүсийн ажиллах нөхцөлийг ханган зохион байгуулсан байна. Мөн түүний Элчин сайдаар ажиллах хугацаанд ЗХУ-ын нийслэл Москва хот Олон улсын Олимпын хорооны шийдвэрийн дагуу зуны 20-р Олимпын наадмыг зохион байгуулах ажилд онцгой анхаарал гарган тамирчдын амжилт гаргах боломжийг бүрдүүлэн ажилласан байна. Д.Готов нь: 1984 оноос Шинжлэх ухааны академийн орлогч дарга 1985 оноос Материал техникийн хангамжийн хорооны дарга 1987 оноос Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны 1-р орлогч сайд 1990 онд Хоршоо импекс компанийн захирал 1992 онд Тайваньтай харилцах ТББ-ын даргын албыг тус тус хашсан байна. Д. Готов холбооны салбарт 30 гаруй жил, түүнээс 15 жилд сайдын алба хашсан бөгөөд түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 2006 онд Монгол Улсын Гавьяат холбоочин цол олгосон нь түүний ажил үйлс цаг ямагт холбооны салбар, холбоочдын амьдралтай салшгүй холбоотой байсныг гэрчилж байгаа билээ. Д. Готов Төрийн одон, медаль ойн медалиуд, ЗХУ-ын Улс түмний найрамдлын одон, Болгар, Герман, Чехословак зэрэг орнуудын одон медалиудаар шагнагдаж байжээ. 1981 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол хүртээсэн билээ. Д.Готовыг МАХН-ын 14 дүгээр Их хурлаас Намын Төв хорооны орлогч гишүүнээр, МАХН-ын 15, 16, 17, 18, 19 дүгээр Их хурлуудаас Төв хорооны гишүүнээр 30 жил, Ардын Их хурлын 6, 7, 8, 9, 10, 11 дэх удаагийн сонгуулиар 6 удаа АИХ-ын Депутатаар тасралтгүй сонгожээ. Тэрбээр төрийн ажлын халаагаа өгч, 1992 оноос өнөөг хүртэл Далайн орнуудтай хамтран ажиллах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж, нас сүүдэр өндөр хэдий ч улсынхаа хөгжил дэвшилд сэтгэл зүрхээ зориулсаар байгаа ахмад буурал билээ. Тэрбээр Холбооны яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар 23 жил ажилласан Д.Гарам–Очирын талаар дурсахдаа: “Монгол Улсын гавьяат холбоочин, цахилгаан холбооны инженер 1960 оноос эхлэн нийслэлийн холбооны байгууллагуудад инженер, ерөнхий инженер, Баян-Өлгий аймгийн Холбооны газрын дарга, 1965-1989 онд Холбооны яамны орлогч, нэгдүгээр орлогч сайдын алба хашсан өндөр мэдлэгтэй, өргөн хүрээтэй сэтгэдэг, ухаалаг, асуудлыг зоригтой шийддэг хүн. Бид хоёр 13 жил хамт ажилласан бөгөөд салбарын өмнө тулгарч буй зорилгоо тодорхойлж, шийдвэрлэх арга замаа хамтран ярьж, төр засаг, бусад яам тусгай газруудтай болон ЗХУ, бусад социалист орнуудын мэргэжилтнүүдтэй нягт зузаан харилцаатай байсны ачаар БНМАУ-ын харилцаа холбооны нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг үндсэнд нь шийдсэн гэж би боддог. Мөн салбарын боловсон хүчин бэлтгэхэд, давтан сургах ажилд бид хоёр гар нийлэн үр бүтээлтэй ажиллаж байсан юм” хэмээн “Амьдралын зам” (УБ.2007 он) хэмээх номдоо дурджээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Д.Гарам- Очир “Туулсан замаа эргэн дурсахуй” 2016 он Д.Готов “Бэрс” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна 2022.01.23 Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтад харьяа, салбар 5 байгууллагын 30 орчим төлөөлөлт оролцож, салбарын хууль, тогтоомж болон ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцлоо.