MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

2021.08.12

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй. Энэ удаад 1996 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Галсандагвын Нямдаваагийн тухай нийтэллээ. Г.Нямдаваа нь 1958 онд Ховд аймгийн Чандмань сумын нутаг Жаргалантхайрхан гэдэг газар төржээ. Тэрбээр 1966-1976 онд нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн дунд сургуульд орж, нэг жил суралцан, улмаар Москвагийн эрчим хүчний дээд сургуульд шилжиж, 1977-1983 онд суралцаж төгссөн бөгөөд 1995-1996 онд мөн сургуулийн магистрт суралцаж, магистрийн зэрэг хамгаалжээ. Г.Нямдаваа 1983-1984 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газарт диспетчер, инженер, 1984-197 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1987-1990 онд Тройллебусны комбинатын ерөнхий инженер, 1990-1992 онд Засгийн газрын дэргэдэх Зам, тээврийн ерөнхий газрын дарга, 1993-1996 онд Тагнуулын төв газарт хэлтсийн дарга, “Агь” ХХК-д зөвлөх, 1996-1998 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар тус, тус ажиллажээ. Тэрбээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцын өрнөлтийн жилүүдэд Зам тээврийн ерөнхий газар ба Дэд бүтцийн хөгжлийн яаманд удирдах албан хашиж, ардчиллын үйл хэрэгт оролцон, ардчилсан хүчний анхны Засгийн газраас явуулж байсан бодлого, “МҮАН- МҮДН”-ын ба ардчилсан холбоо” эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байлаа. Энэ үед Дэд бүтцийн хөгжлийн яамны зохион байгуулалт бүтцийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгож төрийн мэргэшсэн албан хаагчдаар аппаратыг бүрдүүлэн, ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэн ажиллуулснаар яамны газар, хэлтэс, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ажилд зарим ахиц өөрчлөлт гарчээ. Монгол Улсын шуудангийн салбарт банк санхүүгийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх асуудлыг 1995-1996 онд боловсруулан, Засгийн газарт уг асуудлыг оруулан, “Шуудангийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 1997 оны 99 тоот тогтоол гарч, шуудангийн санхүүгийн үйлчилгээг Ховд аймагт 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс туршилтын журмаар эхлүүлэн, үр дүнг 9 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, “Төрийн үйлчилгээг иргэдэд хугацаанд нь хүргэж үйлчилсэний төлбөрийн Монголшуудан компанид тухай бүр төлж,…. хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, ашиглалтыг удирдан зохицуулж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасан байна. Эдгээр удирдамж шийдвэрийн дагуу аймгийн шуудан холбооны алба (ШХА)-ыг түшиглүүлэн ажиллах хүч, орон байрыг ашиглан, ШХА-ны дарга нарыг банкны салбарын захирлаар хавсруулан банкны тайлан, тооцооны үйл ажиллагааг хариуцсан нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмж ажиллуулсан байна. Тэрбээр Харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, “Монгол марк” компанийг татан буулгаж, Монгол шуудан компанитай нэгтгэсэн нь шуудангийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд ач холбогдолтой шийдвэр болсон юм. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт боллоо

ЦХХХЯ, “People in Need Mongolia” FARO сан хамтран хэрэгжүүлж буй “DICE” төсөл нь цахим шилжилтийг хүртээмжтэй болгоно. Энэ төсөл 2023-2026 онд хэрэгжих бөгөөд иргэний нийгмийн

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй