MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022.04.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ болон ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлал, сансрын технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл, загвар боловсруулах, хиймэл оюуны судалгааг хөгжүүлэх, салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац, технологийн экосистемийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэлд хамтарч ажиллах юм.  Энэ үеэр санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлын  төлөвлөгөөнд ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо болон ШУА-ийн Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар гарын үсэг зурлаа.
 
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд тусгажээ. Үүнд:
  • Сансар судлал, сансрын технологитой холбоотой эрхзүйн орчин бүрдүүлэх, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, газрын станц барьж үр дүнтэй ашиглах, гадаадын хөгжингүй орнуудын шинэ технологийг нутагшуулах, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд шаардлагатай судалгаа хийх;
  • Сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох;
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологи дамжуулах, стандарт нэвтрүүлэх, туршилт судалгааг гүйцэтгэх, гарын авлага, технологийн заавар, зөвлөмж боловсруулах;
  • Сансар судлал, харилцаа холбооны чиглэлийн судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хамтран ашиглах замаар өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дундын судалгааны лаборатори, мэдээллийн сан бүхий төв байгуулж салбарын хүний нөөцийг дадлагажуулан сургаж мэргэшүүлэх;
  • Хиймэл оюун, машин сургалт, юмсын интернэтэд суурилсан бүтээгдэхүүн бий болгох, нээлттэй өгөгдлийн бодлого боловсруулах;
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын баримт бичиг, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах, салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Судалгаа хөгжүүлэлт-Үйлдвэрлэл-Бодлого боловсруулагч нарын хамтарсан хурал, семинар, хэлэлцүүлгийг улс, олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах;
  • Олон улсад өрсөлдөх чадвартай салбарын үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх зорилтыг хангахын тулд судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан гадаад зах зээл рүү чиглэсэн, импортыг орлох үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Сансрын технологи, өгөгдлийн шинжээч, хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох их, дээд сургуультай хамтран ажиллах;
  • Үндэсний контент үйлдвэрлэлийн төв байгуулах болон тоон контент хөгжүүлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх;
  • Байгууллагын дотоод дүрэм, журмын хүрээнд оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан нээлттэй солилцох, ашиглах;  

 

Бусад мэдээ

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах

Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн “БАЯРЫН ХУРАЛ” зохион байгуулагдлаа

Баярын хуралд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт хамт олны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга