
Форумыг нээж ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдийн мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгаадаг, эх сурвалжийг нягталдаг дадал, төлөвшлийг бий болгох хэвлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгааг нийгмийн сүлжээ, хэвлэлд нийтлэгдэж буй мэдээллийн нийгэмд үзүүлж буй элдэв нөлөөлөл бидэнд сануулж байна. Хэвлэл мэдээллийн боловсролын ур чадвараа хөгжүүлж бэхжүүлэх нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг олон нийтэд хор нөлөөтэй мэдээллээс хамгаалахад нэн чухал үүрэгтэйг онцолсон юм. Мөн ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээл, мэдээллийн суурь боловсрол багш, суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд, залуус, нийт иргэдэд мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь чухал ач холбогдолтойг дурдлаа.

Үндэсний оролцогч талуудын IV форумд төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцож, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцож байна.
