ТАНИЛЦУУЛГА
Манай улсын программ хангамжийн үйлдвэрлэлийн салбар жилээс жилд хурдацтай өсөж олон арван компани шинээр байгуулагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2021 оны мэдээлэл, харилцаа холбооны салбарын компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 144,154 тэрбум төгрөгт хүрсэн нь үүнийг илтгэн харуулж байна. Сүүлийн жилүүдэд программ хангамж үйлдвэрлэлийн салбарт үндэсний томоохон компани, хөрөнгө оруулагчид мэдээллийн технологийн гарааны компаниудад хөрөнгө оруулж эхэлсэн нь энэ салбарын өсөлт, ирээдүй маш их байгаагийн нэг үзүүлэлт юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, Төрийн худалдан авах ажиллагааны газраас www.tender.gov.mn цахим хуудас ашиглан төрийн худалдан авалтыг зохион байгуулж байна. Ингэхдээ Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын дагуу дээрх цахим хуудасны “Цахим дэлгүүр”-т бараа бүтээгдэхүүнийг байршуулан, шууд худалдан авах боломжийг захиалагчид олгож байна. Гэсэн хэдий ч “Цахим дэлгүүр”-т тавигдсан программ хангамжийн тоо хэмжээ, нэр төрөл хангалттай биш байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын шинэ систем бий болгох, улмаар дотоодын компаниудын хөгжүүлсэн програм хангамжийн бүтээгдэхүүний клауд орчинд ажиллах дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд www.mindgolia.mn цахим хуудсыг хөгжүүлэх, програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байршуулах, байршуулсан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадад сурталчлах, төрийн байгууллагад шаардлагатай зарим программ хангамжийг төрийн худалдан авалтын www.tender.gov.mn системийн “цахим дэлгүүр” хэсэгт байршуулж шууд худалдан авалтыг хийх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Мөн 2023 оноос Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер /PAAS-Platform as a Service/ хэлбэрт шилжүүлж www.mindgolia.mn цахим хуудсанд байршсан бүтээгдэхүүнийг клауд системд байршуулах боломж бүрдэнэ.
Эдгээрийн үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.
Программ хангамж үйлдвэрлэгчдийн хувьд төрийн худалдан авалтад компанийн чадавхаас илүү бүтээгдэхүүний чанараас хамаарсан байдлаар нээлттэй оролцох боломжоор хангагдаж, гарааны компаниудад бодит дэмжлэг бий болсноор инноваци шингэсэн илүү олон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах – 51-265112