Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал

2020.10.30

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернэтийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна. Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. МЭӨ III-II зуун: Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байжээ. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү Улсад “Оуто ван” буюу Өртөө ван хэмээх албан тушаал байв. Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл болсон гэж үздэг юм. XIII зуун /1228-1241 он/ Чингис хааны III хүү Өгөөдэй хаан харилцаа холбооны өвөг эцэг болох морин өртөөг үүсгэж, анхны тив хоорондын шуудан холбоог байгуулжээ. 1898 оны 10 сар. Их хүрээ ба Хиагтыг холбосон цахилгаан мэдээний анхны төхөөрөмж суурилуулж, цахилгаан мэдээ дамжуулж эхлэв. 1899 оны 10 сар. Их хүрээ ба Чуулалт хаалгыг холбосон цахилгаан мэдээний шугам болон Хиагт, Их хүрээ, Чойр, Замын-Үүдэд цахилгаан мэдээний салбар нээв. 1913 он. Их хүрээнд 25 хэрэглэгчийн гар ажиллагаатай дотоод телефон станц суурилуулж байжээ. 1915 он. Их хүрээн дэх телефон станцын хүчин чадлыг 60 хүртэл шугамтай болгож өргөжүүлсэн. 1916 оны 12 сар. Засгийн газраас 13 бүлэгтэй 93 заалттай цахилгаан мэдээний дүрэм батлан гаргасан. 1920 он. Анхны радио холбооны төхөөрөмж болох радио телеграф суурилуулсан. 1921 оны хавар. Цахилгаан мэдээний “МОНТА” агентлаг байгуулагдсан. 1921 оны 7-р сарын 19. Ардын Засгийн газрын 6-р хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулан даргаар нь гүн Г.Цэдэвсүрэн томилогдсон. Алсын холбооны телефон болон телеграфын шугам Их хүрээнээс Цэцэн хан хүрээ буюу одоогийн Өндөрхаан хот хүртэл тавигдсан. 1921 оны 7-р сарын 28 Ардын Засгийн газрын 14 дүгээр хуралдаанаар шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог Гадаад яаманд харъяалуулахаар шийдвэрлэжээ. Өртөө шуудангийн албыг Дотоод яам хариуцаж байжээ. 1921 оны 12-р сарын 5 Ардын Засгийн газрын 31-р хуралдаанаар “ Шуудан, бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “ Цахилгаан мэдээ, сэтгүүл бичгийн ерөнхий хороо” болгон өөрчилжээ. 1922 оны 3-р сарын 15. Холбооны сургууль байгуулагдав. 1924 оны 7-р сарын 8. Шуудангийн анхны марк/ Элдэв-Очир/хэвлэгдсэн. 1928 он. Их хүрээнд 100 хосын кабель шугам анх тавигдсан. 1931 оны 5-р сарын 1. Шугамын радио нэвтрүүлэг эхэлсэн. 1934 оны 9-р сарын 1. Анхны радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн. 1939 оны 1-р сарын 15. 200 хэрэглэгчийн багтаамжтай телефон станц ашиглалтанд орсон. 1944 оны 5-р сарын 9. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороог Холбооны яам болгон өөрчлөн байгуулж, Анхны сайдаар Д.Дэндэв томилогдов. Ийнхүү бие даасан салбарын яам байгуулагдсан нь харилцаа холбооны хөгжилд нэн тустай арга хэмжээ болсон юм. Тус яамны сайдаар Д.Дэндэв /1944-1945/, З.Аюурзана/1945-1953/, Л.Дамдинжав /1953-1957/ нар ажиллаж байв 1950 оны 11-р сар. Улаанбаатар ба Архангайг холбосон агаарын шугам тавигдсан. 1956 он. Улаанбаатар хотод анхны нягтруулгын төхөөрөмж суурилуулсан. Энэ үед “Онц холбоочин” цол тэмдэг бий болсон төдийгүй Холбоочдын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан түүхтэй. 1957 оны 6-р сарын 22. Тээврийн яамыг Холбооны яамтай нэгтгэж, Сайдаар нь Л.Дамдинжавыг дахин томилов. Энэ үед БНМАУ-ын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил байршлын ерөнхий схем батлагдав. 1960 он. Улаанбаатар хотод холбооны үйлчилгээний төв барилга байгуулагдсан. 1960 оны 4-р сарын 22. Улаанбаатар хотод “Их хүчний радио нэвтрүүлэх төв”/Хонхор /ашиглалтанд оров. 1963 он. Монгол Улс Дэлхийн шуудан холбоо/ UPU/-ны гишүүн орон болов. 1964 он. Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/- д элссэн. Олон улсын сансрын холбооны “ Интелсат” / Intetnational Telecommunications Satellite organization/ байгууллагыг байгуулах хэлэлцээрт нэгдэв. 1965 он Нам, засгаас харилцаа холбооны ажлыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч, 1965 онд Тээвэр холбооны яамыг өөрчилж, Холбооны яамыг сэргээн байгуулсан нь 1990 он хүртэл оршин тогтносон юм. Холбооны сайдаар Д.Готов /1965-1979/, И. Норовжав /1979-1989/, Б.Баатар /1989-1990/ тус, тус ажиллаж байв. Энэ үед Сансрын уудмыг энхтайвны зорилгоор ашиглах “Интеркосмос” байгууллага байгуулагдав. 1966 оны 3-р сарын 1. “Социалист холбоо” сэтгүүл хэвлэгдэн гарав. 1967 оны 9-р сарын 27. Радио телевизийн төв ашиглалтанд оров. МУИС-ийн бүрэлдэхүүнд холбооны инженерийн анги нээгдэв. Холбоочдын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав. 1968 он. ЗСБНХУ- БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Сансрын холбооны газрын станц байгуулах шийдвэр гарсан. 1969 он. Сансрын холбооны газрын “ОРБИТ” станцыг “Наран”-д байгуулж, телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч эхэлсэн. Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт байгуулагдав. 1970 он. Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах анхны сансрын хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулсан. 1971 он. МУИС-д радио холбооны тэнхим байгуулагдсан. 1972 он “Монголын харилцаа холбоог 1975-1990 онд хөгжүүлэх хэтийн төлөв” баримт бичиг батлагдсан. Сансрын холбооны олон улсын байгууллага / Интерспутник/-д гишүүн орноор элсэв. Политехникийн дээд сургууль байгуулагдав. 1976 оны 2-р сарын 1. Хэт богино долгионы ФМ нэвтрүүлэг эхэлсэн. Өргөн зурвасын радио релейний шугам суурилуулж эхэлсэн. 1977 он. Геобайнгын орбитад радио өргөн нэвтрүүлэгт ашиглах 740 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WAR-SAT-77 / олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг хэлэлцүүлж, Монгол Улсад хуваарилуулав. 1978 он. Цаг уурын байгууллагад EC-1022 компьютерийг суурилуулсан. 1979 оны 12-р сарын 28. Радио релейний шугам ажиллаж эхэлсэн. Алсын холбооны хагас автомат АТС-ыг ашиглалтанд оруулсан. 1982 он. ШУТМТ-ийн ROBOTRON-1152 компьютерийг ЗХУ-ын ВИНИТИ төвийн компьютертэй холбооны сувгаар холбосон. 1984 он. Статистикийн төв газар аймгуудтай Мега-100 компьютерээр холбогдож эхэлсэн. 1986 он. Аймгийн төвүүдтэй бүх сум, багууд холбоогоор холбогдсон. 1987 он. Хиймэл дагуулаас цаг уурын мэдээг авч эхэлсэн. 1988 он. Геобайнгын орбитад хөдөлгөөнгүй албанд ашиглах 113,60 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WARC-ORB-88/ олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг хэлэлцүүлж, Монгол Улсад хуваарилуулав. 1989 он. МИАТ олон улсын агаарын тээврийн SITA сүлжээнд холбооны сувгаар холбогдсон. 4 аймгаас бусад бүх аймаг Улаанбаатар хоттой аналог радио релейний системээр холбогдсон. Буухиа шуудангийн үйлчилгээг нээн ажиллуулав. 1990 он. Холбооны сайдын 121 дүгээр тушаалаар Шинжлэх ухаан технологийн төвийг байгуулсан. Мөн энэ үед Засгийн газрын 16 дугаар тогтоолоор Холбооны яамыг татан буулгаж, Холбооны ерөнхий газрыг байгуулсан. 1991 он. Франц улсын Алкател компаний Е-10 тоон системийн 27,000 дугаартай телефон станцыг байгуулж, станц хооронд анх удаа шилэн кабелийн систем ашиглах болов. Улаанбаатар-ХонгКонгын хооронд олон улсын холбооны үйлчилгээг зохион байгуулах зорилгоор Улаанбаатарт хиймэл дагуулын станц суурилуулав. Монголын холбоочдын эвлэл байгуулагдав. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах зорилгоор хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулав. Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага / APT/- д гишүүнээр элсэн оров. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон даяар Азиасат системээр дамжуулав. ШУТИС-ийн харъяа Мэдээллийн технологийн сургууль байгуулагдав. Засгийн газрын 325 дугаар тогтоолоор радио өргөн нэвтрүүлэг, телевизийн станцуудыг Холбооны ерөнхий газраас Монголын радио телевизэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Холбооны ерөнхий газрын даргын 146 дугаар тушаалаар харилцаа холбооны салбарыг зах зээлд шилжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор харьяа байгууллагуудыг улсын үйлдвэрийн газраар бүртгүүлж ажиллуулах болсон. 1992 он. Холбооны ерөнхий газрын даргын 10 дугаар тушаалаар төрийн өмчит “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулсан. (Анхны захирал нь Болдбаатар). Холбооны Ерөнхий газрын даргын 25 дугаар тушаалаар Харилцаа холбоо компанийг байгуулсантай холбоотой Холбооны ерөнхий газрын аппаратын бүтцийг өөрчилсөн. 1992 оны 7-р сарын 30. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлаас баталсан 1992 оны долдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Засгийн газрын шинэ бүтцийг батлахад Холбооны ба тээврийн ерөнхий газрыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яамыг шинээр байгуулж, сайдаар нь Р.Сандалханыг томилжээ. Улаанбаатар хотод анхны тоон телефон станц Е-10 ашиглалтанд оров. Хуучин аналог системийн станцуудыг тоон системээр сольж, Улаанбаатар хотод шилэн кабель суурилуулж эхлэв. 1993 он. Олон улсын болон хот хоорондын шууд эрхтэй телефон ярианы үйлчилгээг нэвтрүүлэв. Үндэсний радио долгионы хүснэгтийг боловсруулав. Электрон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ үед Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 54 дугаар тогтоолоор Харилцаа холбооны салбарыг хувьчлахад баримтлах чиглэл, зарчмыг дэмжсэн ажээ. 1994 он. “Цахилгаан холбоог 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулав. 1994 оны 1-р сарын 28. Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор Дэд бүтцийн хөгжлийн яамыг/ДБХЯ/ байгуулж, холбооны салбар түүнд харьяалагдах болсон. 1994 оны 9 дүгээр сарын 16. ДБХЯ, АХБ Deloitte Touché Tohmatsu компанитай “Цахилгаан холбооны салбарын шинэчлэл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх (Mongolia Telecommunications Sector Reform-TA 2101-MON) гэрээ байгуулав. 1994 оны 11 дүгээр сарын 1. ДБХ-ийн сайдын 274 тоот тушаалаар Монгол шуудан компанийг байгуулав. Анхны захиралаар нь н.Төмөрхүү томилогджээ. Интелсат сансрын холбооны станцыг Япон улсын буцалтгүй тусламжаар ашиглалтанд оруулав. Е-10 станцыг 11000 шугамаар өргөтгөв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг Интелсатын хиймэл дагуулд шилжүүлэн нэвтрүүлж эхлэв. Анхны пейжерийн үйлчилгээ /Монком компани/ нэвтрэв. 1995 он. Харилцаа холбооны тухай анхны хууль УИХ-аар батлагдав. Төмөр замын дагуух хотуудад 3000 хэрэглэгчийн багтаамжтай тоон телефон станцыг суурилуулав. Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдав. Үйлчилгээний тусгай зөвшөөрлийг анх олгож эхэлсэн Монголын цахилгаан холбоо ХХК байгуулагдаж, анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүрэн холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг анх Мобиком ХХК-д олгосон. 1996 он. Шуудан цахилгаан холбооны газар байгуулагдав. Монголд анх үүрэн холбооны ярианы үйлчилгээ нэвтэрсэн. Суурин телефон холбооны ярианы үйлчилгээнд тарифын систем нэвтрүүлсэн. Интернэтийн анхны үйлчилгээ /Датаком компани / нэвтрэв. Картын таксафоны үйлчилгээг нэвтрүүлсэн. Анхны кабелийн телевиз/ Сансар/ нээгдэв. Анхны хувийн дээд сургууль / Цахим/ байгуулагдав. 1997 он. Олон улсын сансрын холбооны Интелсат байгуулагад элсэв. Хойд чиглэлийн анхны тоон радио релейний 900 км шугамыг суурилуулсан. Дуут пейжерийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 1998 он. Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Радио релейний 24 станцад нарны зайн систем суурилуулсан. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг 24 цагийн турш орон даяар дамжуулж эхлэв. VSAT систем ашиглан радио релейний шугамгүй 4 аймгийн төв, сум суурин газрыг холбож харилцаа холбооны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 1999 он. Радио долгионы тухай хууль батлагдав. WLL технологи ашиглан утасгүй суурин телефоны үйлчилгээг Мобиком компани Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. AMPS технологийг ашиглан үүрэн холбооны хоёрдогч оператор Скайтел ХХК үйлчилгээгээ эхлүүлсэн. 2000 он. Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг батлуулав. Төмөр замын сүлжээний дагуу хойд хилээс урд хил хүртэл 1600 км шилэн кабель тавигдаж дуусав. Холбоочин сэтгүүл олон улсын сэтгүүл зүйн бүртгэлд оров. Утасгүй кабелийн телевизийн MMDS технологийг Хийморь кабелийн ТВ-ийн компани нэвтрүүлж үйлчилгээг эхлэв. Олон улсын роуминг үйлчилгээг анх нэвтрүүлж, Мобиком ХХК-ийн хэрэглэгчид өөрийн дугаарыг гадаадад ашиглах боломжтой болсон. Үүрэн холбооны технологи ашиглан мессеж дамжуулах үйлчилгээ буюу SMS-ийг анх удаа Мобиком ХХК нэвтрүүлсэн. Их дээд сургуулиудыг холбосон интернэтийн “Эрдэмнэт” сүлжээ байгуулагдав. 2001 он Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав. ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургалтын төв байгуулагдав. Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд тоон радио релейний шугамыг Мобиком ХХК байгуулж орон нутагт үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөдөлгөөнт холбооны CDMA IS-95B системийг суурилуулав. Монгол Улсад анх удаа Хөдөлгөөнт интернэт буюу WAP-хүргэлээ. 2002 он. Ерөнхий сайдын дэргэд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний зөвлөлийг байгуулав. Засгийн газрын 15 дугаар тогтоолоор бие даасан зохицуулах байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулж, дүрмийг баталсан. Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан. Мэдээлэл, холбооны технологийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлуулав. Улаанбаатар-Багануур-Баруун-Урт-Чойбалсан болон Алтай-Улиастай, Ховд-Улаангом, Булган-Мөрөн чиглэлд 1350 км шилэн кабелийн сүлжээг байгуулав. Улс хоорондын телефон ярианы зах зээлийг нээж олон улсын ярианы гарцын зөвшөөрлийг олгосноор World Call 002, Hi Call 003 үйлчилгээнүүд нэвтэрч эхэлсэн. Интернетэд суурилсан олон улсын ярианы үйлчилгээний зөвшөөрлийг олгож эхэлсэн Анхны гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн дээд сургууль /Хүрээ/ байгуулагдав. 2003 он. Мэдээллийн технологийн үндэсний паркийг байгуулав. Шуудангийн тухай хууль батлагдав. Хөдөөгийн холбоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлуулав. Ази, Номхон далайн шуудан холбооны байгуулага / APPU/-д гишүүнээр элсэв. “Монголсат-1” сансрын холбооны техникийн шийдлийн төсөл хэрэгжүүлэв. Дэд бүтцийн яамны бүтцэд Мэдээлэл, холбооны газар байгуулагдав. 2004 он. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбооны газрыг Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоолын хүрээнд байгуулагдав. Дотоодын сансрын холбооны сүлжээ байгуулав. CDMA 2000 1X буюу үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Скайтел компани нэвтрүүлэв. Маркийн музейг Дэд бүтцийн сайдын тушаалаар байгуулсан. 9 дүгээр сарын 22-нд батлагдсан “ Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-аар “Шуудангийн үйлчилгээ”-г Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын үндсэн Хүрээнд хамааруулсан. Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлагдсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцэд Шуудангийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын газар байгуулагдлаа. Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 260 км шилэн кабелийн сүлжээ байгуулав. 2005 он. “Цахим Монгол” хөтөлбөр “Цахим засаг мастер төлөвлөгөө” батлагдсан. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”-ыг Засгийн газрын 34 тоот тогтоолоор батлав. “Шуудангийн салбарын үзэл баримтлал“ ЗТАЖ-ын сайдын 121 дүээр тушаалаар батлуулав. “Шуудангийн салбарын дунд хугацааны бодлогын баримт бичиг“ ЗТАЖ-ын сайдын 199 дүгээр тушаалаар батлуулав. Монгол Улсад хөдөлгөөнт холбооны CDMA-450 технологи нэвтрүүлэхэд баримтлах чиглэлийг батлав. Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл батлагдсан. Интернэтийн олон улсын 1 Mbps үнэ 3250 $ байсныг 400 $ болгож бууруулав. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөрийг эхлүүлэв. Дашинчилэн-Булганы чиглэлийн 140 км, Эрдэнэт-Чойрын чиглэлийн 700 км сүлжээг ашиглалтанд орууллаа. Эрдэнэт-Дархан-Улаанбаатар-Чойрын чиглэлд Мобиком ХХК-ийн байгуулсан шилэн кабелийн сүлжээ нь интернетийн үйлчилгээг орон нутагт хүргэх, интернетийн бөөний үйлчилгээний чанар, сонголтыг бий болгох эхлэл болсон. 2006 он. Монгол Улсад утасгүй холбооны системийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэлийг батлуулав. Мөрөн-Баян-Өлгий чиглэлийн 1600 км, Арвайхээр-Даланзадгад-Мандалговийн чиглэлийн 700 гаруй км, Лүн-Баянхонгорын чиглэлийн 430 км урт нийт 2730 км урт сүлжээг байгуулав. Үүрэн холбооны гуравдагч оператор Юнител ХХК GSM технологи ашиглан үйл ажиллагаагаа эхлүүлэв. Анх удаа сарын суурь хураамж нь ердөө 1$ байх “Dream life” дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Монгол Улсад анх удаа сарын суурь хураамжгүй NICE дараа төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэв. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан. 21 аймгийг холбосон “Орон нутгийн өгөгдлийн сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлэв. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох утасгүй интернетийн WiMAX технологи нэвтэрч Скай Си Энд Си ХХК болон Улуснет ХХК-иуд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн. Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын телевизийн нэвтрүүлгийн хаалттай бүс, алслагдсан дүүргүүд нийт 361 цэгт телевизийн нэвтрүүлгийн олон сувгийг хүлээн авч дахин дамжуулах станцыг суурилуулав. Суурин холбооны дараа үеийн сүлжээ (NGN)-д шилжив. NGN, CDMA 2000 1X, IN амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. “Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журам“ ЗТАЖ-ын сайдын 70 дугаар тушаалаар батлуулав. Дэлхийн шуудан холбооны долдугаар нэмэлт протокол, Шуудангийн санхүүгийн хэлэлцээрийг Монгол Улсын хуулиар батлуулав. ДШХ-ноос хэрэгжүүлдэг Шуудангийн шинэчлэл, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд хамрагдав. “Мэдээлэл, харилцаа холбооны технологи-85” /ICT-Expo/ үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан. Засгийн газрын 186 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 491 дугаар тогтоолоор “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани байгуулагдсан. Telstar 18 / APSTAR-V хиймэл дагуулаар / стандарт FS- 1300 хиймэл дагуул нь 38 C-band, 16 Ku band транспондтой сансрын хиймэл дагуулын технологи / DTH /- ийг нэвтрүүлж, DVB-S стандартын 4,5 метрийн голчтой антеннаар телевизийн 18 сувгийг орон даяар дамжуулж эхэлсэн. 2007 он. Үүрэн холбооны Жи-Мобайл компани CDMA технологи ашиглан сүлжээнийхээ нээлтийг хийлээ. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрэв. Хүүхэд бүрт зөөврийн компьютер” төслийг хэрэгжүүлж эхлэв. Интернэтийн 1Mbps урсгалын үнийг 400$ байсныг 150$ болгосон ба интернэт урсгалын багтаамжийг 1,25 Gbps болголоо. Шуудангийн зип кодыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 101 дүгээр тушаалаар батлуулсан. Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулав. Олон улсын мэдээлэл технологийн боловсролын төв / Аптек/ байгуулагдав. 2008 он. Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор тус газрын нэр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталж, Мэдээлэл, шуудан , харилцаа холбоо, технологийн газар болов. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулав. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн асуудал Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын эрхлэх асуудлын хүрээнд шилжив. “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох” үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай Үндэсний хороо байгуулагдав. Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Ази–Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага / APSCO/- д гишүүнээр элсэв. Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор болон Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж эхлэв. Сумдын түвшний шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийн хүрээнд 15 аймгийн 28 суманд шилэн кабельд холбож 880 км сүлжээ байгуулсан. 2009 он. БНСУ-ын Засгийн газрын тусламжаар Үндэсний дата төвийн барилга, тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулав. “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дүрэм”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. Монгол шуудан ТӨХК болов. Онлайн худалдаа, үйлчилгээ нэвтрэв. Үүрэн холбооны сүлжээнд 3G технологийг нэвтрүүлж хэрэглэгчид гар утсаараа интернетэд холбогдох боломж бүрдсэн. Скайтелийн сүлжээнд 3G технологи дээр суурилсан гар утасаараа дамжуулан шууд телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой STYLE үйлчилгээг нэвтрүүллээ. Үндэсний радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй “Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоо”-г анх удаа бий болгож, радио давтамжийн зурвасыг хянах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний радио давтамжийн талаар 2009-2012 он хүртэл баримтлах давтамжийн зурвасын төлөвлөлтийн стратегийг шинэчлэн баталсан. Интернет протоколд суурилсан Ай Пи телевиз (IPTV), хөдөлгөөнт телевизийн (Mobile TV) үйлчилгээг нэвтрүүлсэн. “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлав. 2010 он. “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 141 тоот тогтоолоор батлуулав. Хот хооронд, хөдөө орон нутгийн телефон ярианы үнэ тариф ялгаваргүй байх шинэ тарифт шилжлээ. Засгийн газрын 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдав. Шуудангийн олон улсын сүлжээний цахим систем / ITPS /-ийг нэвтрүүлсэн. “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ хөтөлбөр”-ийг батлуулав. 2011 он. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдав. Өрх бүрт шуудан хөтөлбөрийг Засгийн газрын 126 тоот тогтоолоор батлуулсан. “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав. DWDM сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах төслийн хүрээнд олон улсын интернэтийн сүлжээнд холбогдох зорилгоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 2.5 Г/бс/STM-16 / их багтаамжийн сүлжээ байгуулав. 2012 он “Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоол, “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар захирамж, 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 81 дүгээр захирамжийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байгуулагдаж, газрын бүтцэд сансрын технологийн хэлтэс байгуулав. Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг Засгийн газрын 137 тоот тогтоолоор батлуулав. “Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулав. Орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргууллаа. “Сумдад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. “Орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. “Сум, багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох харилцаа холбооны дэд бүтэц байгуулах” төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. “Гэр хорооллыг интернэтжүүлэх” төслийг эхлэв. “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох” төслийг эхлүүлэв. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг шинэчлэн тогтоолгох ажлыг зохион байгуулсан. 2013 он. Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл шинэчлэл хүрээнд 19 аймгийн 150 сумыг шилэн кабелийн сүлжээнд холбов. “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах “Сансрын үндэсний зөвлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 16 дугаар захирамжаар байгуулав. “Сэтгэгдлийн зохистой хэрэглээг бий болгох тухай журам”-ыг Засгийн газрын 01 тоот тогтоолоор батлуулав. “Шуудангаар үйлчлэгч болон шуудан тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”ыг шинэчлэн, “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн давуу эрхийн бүс тогтоох тухай” Ерөнхий сайдын 24 тоот захирамжаар батлуулав Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, хөөргөх Улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний цахим/ ТҮЦ /машиныг нэтрүүлэв. “Иргэдийн өргөдөл гомдлын ухаалаг тайлангийн систем нийлүүлэх” төслийг эхлүүлэв. Монгол Улс болон ОХУ-ын хооронд хил орчим радио долгион ашиглалтын талаарх гэрээг байгуулав. 2014 он Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 101 тоот тогтоолоор батлуулав. “Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын модулиуд хөгжүүлэлт” төсөл хэрэгжиж эхлэв. “Төрийн үйлчилгээний цахим систем” төсөл эхлэв. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” төсөл хэрэгжүүлж эхлэв. Монгол Улс тоон телевизийн системд шилжих төслийн хүрээнд бүх аймаг, 371 сум суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног төхөөрөмж суурилуулж, DVB-S2 стандарт систем бүхий тоон системд бүрэн шилжүүлэв. “Төрийн үйлчилгээг иргэдэд цахим машин ашиглан хүргэхэд мөрдөх журам”-ыг батлав. “Цахим систем болон Мобайл технологид суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх” төслийг эхлүүлэв. Монгол Улсын хэмжээнд 4 оронтой мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлсэн Харилцаа холбооны тухай хуулинд Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хийв. Нийтийн түлхүүрийн дэд бүтэц төслийн гүйцэтгэлийн хүрээнд Гэрчилгээжүүлэх Суурь Байгууллагын анхны түлхүүр үүсгэж, Үндэсний Дата Төв УТҮГ-т хүлээлгэн өгөв. 2015 он Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны / 4G LTE / системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг батлав. Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны / 4G LTE / системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэлийг баталсан. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар баримтлах чиглэлийг батлав. “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд цэцэрлэгүүдийг камержуулах, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийг иж бүрэн тоон IP камераар тоноглож, гар утасны аpps болон бусад төхөөрөмжийг суурилуулж, интернэтээр хяналт хийх боломжийг / “Newsonic” компани / бүрдүүллээ. 2016 он “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг байгуулав Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс тогтоох журам”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын 117 тоот захирамжийн дагуу шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3720 дугаарт бүртгүүлсэн. “Монгол Улсад интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 123 тоот тогтоолоор батлуулав. “ Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. 2017 он Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаарх баримтлах бодлого /2016-2025/ баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулав. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдын захирамжаар батлууллаа. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн БНСУ-д ногдох хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах шийдвэрийг Засгийн газрын 300 тоот тогтоолоор гаргав. Төрийн цахим мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтрэв. “Сансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “мазаалай” хиймэл дагуулыг м2017-001 дугаар бүхий Монгол Улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд олголоо. 2018 он “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. Танилт, баталгаажуулалтын нэгдсэн “ДАН” систем нэвтрэв. “Монголын хөгжлийн сүлжээ-2021” төсөл хэрэгжүүлж үндсэн сүлжээний багтаамжийг аймгийн төвүүдэд 100 Гбит/сек хүргэх зорилгын хүрээнд нэг аймгийн төвд 1 Гбит/сек багтаамжтай байгаа сүлжээг 100 дахин нэмэгдүүлж нийт сүлжээний ачааллыг зарим аймгуудад 2100 Гбит/сек хүргэв. “Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтран хүүхдийн гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулав. 2019 он Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль батлагдав. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдав. Монгол Улсад фэйсбүүк компанитай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. “Тоон бичиг үсэгтэн”сургалтын гарын авлага боловсруулав. Ухаалаг засаг төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулах төслийг эхлүүлэв. Дэлхийн шуудан холбооны есдүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар батлуулав. Транзит үйлчилгээний мэдээлэл солилцоо, бүртгэл хяналтыг сайжруулах зорилгоор улс хоорондын шуудангийн мэдээлэл солилцох ITMATT системийг хэрэгжүүлж эхлэв. Үндсэн сүлжээний нийт урт 17614 км болов. 2020 он Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинэчлэв. Цахим орчинд хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг баталсан. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” нэвтрүүлэв. “Радио долгион ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох тухай” журмыг баталсан. “Төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийг шалгаруулах, тэдгээрийг дамжуулах үйлчилгээний журам”-ыг баталсан. “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео,санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг баталсан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн 255 стандартыг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. Үүрэн холбооны сүлжээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хувийг хамарч, бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 5.56 саяд хүрлээ. Монгол Улсад интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллага үйл ажиллагаа эрхэлж, нийт хэрэглэгчдийн тоо 3.0 сая болов. Бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив 2021.02.19 “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр 2006-2008 онд нийт 373 сум суурин газруудад тавигдсан телевизийн дамжуулах станцууд нь “Интелсат-66” хиймэл дагуулаас нэвтрүүлгээ хүлээн авч дахин дамжуулж байлаа. Хуучин бүх сумын холбооны гадаа бат бөхөөр суурилагдсан 2,3 метр диаметртэй том антенуудыг 2006-2010 онуудад буюу Кюү зурваст бүрэн шилжүүлтэл ашигласан. 2006 оноос хойш ашиглаж байсан хиймэл дагуулын аналоги телевизийн нэг сувгаар тоон телевизийн 4, радиогийн 4 суваг буюу 2мБ/сек- ын тоон урсгал дамжуулж өөрчилсөн “Интелсат” системийг 2010 оны 2 дугаар 27 өдөр хүртэл ашиглах гэрээ дуусахтай холбогдон манай улс цаашид СИ зурвас ашиглах эсвэл Кюү зурваст шилжих гэсэн том зорилтууд тулгарч мөн радио телевизийн дамжуулах салбарт: “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр тавигдсан төхөөрөмжүүдийн хамрах хүрээг өргөсгөж, сувгийн тоог нэмэгдүүлэх, Радио телевизийн дамжуулах техник технологийг тоон технологид шилжүүлэх гэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулсан байна. 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 119-р тогтоол гарч, манай улс Интелсатын “СИ” зурвасыг цаашид ашиглахгүйгээр сансрын холбооны “Кюү” зурваст шилжиж, олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулахаар 4 дэхь удаагаа хиймэл дагуулын систем түрээслэх гэрээндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх тендерт ДДИШ ХХК шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 2010 онд зурвас шилжүүлэх ажлыг бүх сум сууринд хийж гүйцэтгэхдээ дахин дамжуулах станцуудын чадлыг нэмэгдүүлж улмаар орон нутагт дамжуулж байгаа 4 сувгийг 6 болгож сувгийн тоог хоёроор нэмэгдүүлэн, үндэсний 4 телевизийн суваг өдөр өдрөөр ээлжлэн орон нутагт дамжуулж байгаа стандарт бус шийдлийг зогсоохоор Радио телевизийн сүлжээ УТҮГ төсөл боловсруулж, Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газрын харьяа Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улс даяар аналоги 6 сувгийг нэгж хугацаанд дахин дамжуулах болсон байна. Олон сувгийн телевизийн дэд бүтцийг байгуулав Радио телевизийн сүлжээ УТҮГ байгуулагдсанаас хоёр сарын дараа Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас бүх сум сууринд дөрвөн телевизийн  нэвтрүүлэг дамжуулах зориулалттай төрийн өмч болох дамжуулах станцыг холбогдох ажилтан, албан хаагчдын хамт шилжүүлэн, Монголын Цахилгаан холбоо ХК болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний орон нутаг дахь салбарууд ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажиллуулах аутсорсингийн гэрээ хийж, жил гаруй ажилласан нь яваандаа ашгийн төлөө ажиллаж байгаа компаниудад төлөх төлбөрүүд аажмаар нэмэгдэж төсөв хэтрэх шинжтэй болсон. Их хүчний станцтай зургаан аймгаас бусад аймгийн төвүүд дэх засвар үйлчилгээ, дамжуулах станц байрлаж байгаа өрөө, цамхагууд зэрэг техник нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК-ны өмч байсан ийм нөхцөлд, цаашид улс орны хэмжээнд телевизийн дахин дамжуулах үйлчилгээг тасралтгүй найдвартай тогтмол хүргэхийн тулд Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас доорх бодлогын шинж чанартай зорилтуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: – Орон нутаг дахь их хүчний радио станцуудын дэд бүтэц, ИТА-ны нөөц, боловсон хүчний чадавхи,  эдийн засгийн хэмнэлттэй байх зарчимд үндэслэн, бүх сум суурин газруудын ашиглалт үйлчилгээг бүсчлэн тогтоох, “Радио өргөн нэвтрүүлгийн станц”- уудын нэршлийг “….аймаг дахь Радио телевизийн газар” болгон өөрчлөн зохион байгуулах, – Бүх аймгийн төвүүд болон Хархорин, Завханы Тосонцэнгэл гэх мэт томоохон сумын суурин газруудад харилцаа холбооны зориулалтаас тусдаа 18-24 метр өндөртэй цамхаг, байр бүхий  сайтууд шинээр байгуулж, телевиз радиогийн дэд бүтцийг орон нутагт бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, – Улаанбаатар хот орчмын Өлзийт, Цайз, Бэлх, Шувуун фабрик гэх мэт найман дагуул бүсүүдэд олон сувгийн телевизийн үйлчилгээг хүргэх сайт бүхий дэд бүтцүүдийг шинээр байгуулж  ашиглалтанд оруулах зорилтуудыг хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөг зохиож хөрөнгө оруулалтыг улсын төсөв, хот,  аймаг,  орон  нутгийн төсөв, бүх нийтийн үүргийн сан, тус байгуулагын хуримтлагдсан ашгаар 2009-2013 онуудад хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал: – “Хот  хөгжүүлэх сан”-гийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд Гацуурт, Налайх, Цайз, Хужирбулан, Баянхошуу дахь сайтуудыг байгуулж, төрийн өмчид шилжүүлэн авч, зургаан сувгийн телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулахаар угсралт монтажын ажлыг хийж ашиглалтад өгсөн ба хөрөнгө оруулалт дутсанаас дутуу баригдсан Бэлх, Өлзийт, Биокомбинатын сайтуудад эрчим хүч татах, хамгаалалтын хашаа барих, газар болон өмчийг төрийн өмчид авах гэрчилгээжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын хуримтлагдсан ашгаас зарцуулсан бол   2009-2011 онд байгуулсан хот орчмын дэд бүтэц – Аймгуудын төвүүдэд байгуулах сайтуудыг Дорнодоос эхэлсэн бөгөөд анх удаа 25 метр өндөртэй бие даасан дэд бүтэцтэй байгууламжийг  барьж ашиглалтанд өгч хүлээн авч, дотор нь  телевизийн болон ФМ станцуудаа байрлуулан ашиглалтад оруулсан байна. Ийнхүү тус газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан, Хөвсгөл, Ховд, Архангай, Булган, Дарханд  барьсан бол Төв, Өвөрхангай, Сайншанд, Сүхбаатар хотуудад 32 метр өндөртэй цамхагийг Бүх нийтийн үүргий сангийн хөрөнгөөр, 4 Х 4  хэмжээтэй  байр, 7 Х 8  харьцаатай хашаа, эрчим  хүчний байгууламжийг байгууллагын жилийн эцсийн ашгаас тус, тус хөрөнгө оруулж хэрэгжүүлсэн байна. 2010 онд ашиглалтанд орсон Чойбалсан хотын сайт 2012 онд ашиглалтанд орсон Зуунмод хотын сайт   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй!

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй! 2022.12.06 aМЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦАХИМ ДЭЛГҮҮР WWW.MINDGOLIA.MN-ийн НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР ХААНА: МҮХАҮТ, GRAND HALLХЭЗЭЭ: 2022 ОНЫ 12 САРЫН 20-НД 09:00 ЦАГААС 09:00 – 09:05 Нээлт   09:05 – 09:10 Ерөнхий сайдын илгээлт: Д.Ирмүүн Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх 09:10 – 09:15 Нээлтийн үг: МУ-ын Шадар сайд С.Амарсайхан 09:15 – 10:00 Программ хангамжийн салбарын шинэчлэл ба Mindgolia.mn ЦХХХ-ны сайд Н.Учрал   10:00 – 10:15 Программ хангамжийн их дэлгүүр  www.mindgolia.mn-ийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон Төрийн худалдан авах ажиллагааны системд холбох ёслолын ажиллагаа 10:15 – 10:50 Цайны завсарлага 10:50 – 11:00 Төрийн худалдан авалтын “Цахим дэлгүүр” ашиглан худалдан авалт хийх нь ТХААГ-ын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу   11:00 – 11:10 М-Клауд систем: Үндэсний дата төвийн шинэчлэл ҮДТ УТҮГ-ын захирал М.Баттулга   11:10 – 11:20 Клауд системээр дэлхийд тэргүүлэх нь Фибо глобал ХХК-ийн захирал П.Пүрэвбазар 11:20 – 11:35 Программ хангамжийн салбарын шинэчлэлийн үр нөлөө, ач холбогдол Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч А.Баттамир   11:35 – 11:50 Байгууллагын ре-инженеринг хийж өрсөлдөх чадварыг сайжруулах нь Мэдээллийн технологийн захирлуудын клуб ТББ-ын Ерөнхийлөгч  М.Сайнбилэг   11:50 – 12:00 Хаалт  ТАНИЛЦУУЛГА Манай улсын программ хангамжийн үйлдвэрлэлийн салбар жилээс жилд хурдацтай өсөж олон арван компани шинээр байгуулагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2021 оны мэдээлэл, харилцаа холбооны салбарын компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 144,154 тэрбум төгрөгт хүрсэн нь үүнийг илтгэн харуулж байна. Сүүлийн жилүүдэд программ хангамж үйлдвэрлэлийн салбарт үндэсний томоохон компани, хөрөнгө оруулагчид мэдээллийн технологийн гарааны компаниудад хөрөнгө оруулж эхэлсэн нь энэ салбарын өсөлт, ирээдүй маш их байгаагийн нэг үзүүлэлт юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, Төрийн худалдан авах ажиллагааны газраас www.tender.gov.mn цахим хуудас ашиглан төрийн худалдан авалтыг зохион байгуулж байна. Ингэхдээ Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын дагуу дээрх цахим хуудасны “Цахим дэлгүүр”-т бараа бүтээгдэхүүнийг байршуулан, шууд худалдан авах боломжийг захиалагчид олгож байна. Гэсэн хэдий ч “Цахим дэлгүүр”-т тавигдсан программ хангамжийн тоо хэмжээ, нэр төрөл хангалттай биш байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын шинэ систем бий болгох, улмаар дотоодын компаниудын хөгжүүлсэн програм хангамжийн бүтээгдэхүүний клауд орчинд ажиллах дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд www.mindgolia.mn цахим хуудсыг хөгжүүлэх, програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байршуулах, байршуулсан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадад сурталчлах, төрийн байгууллагад шаардлагатай зарим программ хангамжийг төрийн худалдан авалтын www.tender.gov.mn системийн “цахим дэлгүүр” хэсэгт байршуулж шууд худалдан авалтыг хийх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 2023 оноос Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер /PAAS-Platform as a Service/ хэлбэрт шилжүүлж www.mindgolia.mn цахим хуудсанд байршсан бүтээгдэхүүнийг клауд системд байршуулах боломж бүрдэнэ. Эдгээрийн үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм. Программ хангамж үйлдвэрлэгчдийн хувьд төрийн худалдан авалтад компанийн чадавхаас илүү бүтээгдэхүүний чанараас хамаарсан байдлаар нээлттэй оролцох боломжоор хангагдаж, гарааны компаниудад бодит дэмжлэг бий болсноор инноваци шингэсэн илүү олон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах – 51-265112 Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аюулгүй байдал” арга хэмжээ боллоо

Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд, олон нийтийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах талаар зөвлөмж зааварчилгааг бэлтгэн хүргэх чиг үүргийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15 “Цахим аюулгүй байдал” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас цахим орчинд хүүхэд хамгааллын талаар нэгдсэн удирдамжаар хангах чиглэлээр гаргасан сургалтын багц хөтөлбөр болон удирдамжийг монгол хэл дээр орчуулж хэвлэсэн гарын авлагыг танилцуулж, холбогдох байгууллагуудад гардуулсан юм. Арга хэмжээг нээж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон ХХЗХ-ны дарга Г.Чинзоригийн мэндчилгээг тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун танилцуулж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно, “Хүүхдийн эрх ба цахим орчин” улсын аварга шалгаруулах VIII мэтгэлцээний тэмцээний шилдэг илтгэгч, Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Отгонгүнж нар үг хэллээ. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан гаргасан сургалтын багц хөтөлбөрийн материалыг төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн тоогоор хэвлүүлэн Боловсролын ерөнхий газарт, Бодлого боловсруулагчдад зориулсан удирдамжийг Цахим, хөгжил харилцаа холбооны яаманд, Бизнесийн салбарынханд зориулан гаргасан удирдамжийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад тус тус гардуулан өгөв. Арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл бүхий 60 гаруй төлөөлөл оролцлоо.