Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн анхны маркийн тухай

2020.12.22

Шуудангийн тухай хуулиас…. 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна. Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл. Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох маркийн талаар товч өгүүлсүй. Шуудангийн марк гэж шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гаргажээ. Монголын шуудан холбоо олон зуун жилийн түүхийг туулсан хэдий ч Ардын хувьсгал ялах хүртэл буюу анхы марк гарах хүртэл шуудангийн маркгүй байсан. Жанжин Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Ардын Засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандалын Бат-Очирын санаачлагаар зураг төслийг боловсруулж, Гадаад явдлын яамаар дамжуулан Ардын Засгийн газраар батлуулахаар хүргүүлсэн байна. Олноо өргөгдсөний 13 дугаар он буюу 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “ Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл М.Бат- Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Эдүгээ хянан байцаах Сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улс хэрэглэж байхыг журамлан хэвээр бичих буюу эс бөгөөс Монголоор орчуулан төгрөг хэмээн бичих, бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж, тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй хэмээх зэргээр саналыг шийтгэн ирсэн учир энэхүү маркийг үсэг ба маягтыг ямар ямараар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харъяат ерөнхий хорооны төлөвлөсөн есоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоер зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн данснаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн, уг бичиг хуудас нижгээд маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэг дор харъяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул есоор болгон баталж, Гадаад явдлын яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов” гэжээ. (УТА, Ардын Засгийн газрын хурлын тогтоолын хуулга) Энэхүү тогтоосон есоор “Очир” буюу төвдөөр Нацагдорж, монголоор “Мөнхбат” гэсэн утга санааг илэрхийлэх, Элдэв- очир дүрс бүхий Монголын шуудангийн анхны цуврал маркийг хэвлүүлэн гаргаснаа Гадаад явдлын яамнаа 565 тоот бичиг бүхий хуудас бичиг дагалдуулан Ардын Засгийн газарт хүргүүлжээ. Анхны маркийн зургийг “Марзан” хэмээх Б.Шарав зуржээ.

Анхны марк “ Элдэв- Очир”

Ардын Засгийн газар уг бичгийг хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 665 тоот бичгээр мэдэгдэж явуулснаар, Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах албан бичиг захидалд төлбөрийн хэрэгсэл болгон нааж, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад ашигласан байна.

Тухайн үед Монголыг бие даасан тусгаар тогтносон, үндэсний мөнгөн тэмдэгтэй, өөрийн гэсэн шуудангийн марктай улс болохыг хүлээн зөвшөөрөх орон ховор байсан бөгөөд энэ цаг үед шуудангийн марк гарсан нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ баталсан чухал үйл явдал болсон гэж үздэг.

Монгол Улсыг гадуурхах бодлого явуулж байсан Хятадын гоминданы Засгийн газар монголын шуудангийн маркийг үл хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад очсон захидал, боодлын маркийн дээр өөрийн улсын маркийг нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Нэг хэсэгтээ хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлөхийн тулд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг наадаг байсан байна.

Монголын анхны маркийн тухай Бямбын Ренчин гуай 1958 онд “Монголчуудын шуудан,шуудангийн тэмдгийн учир” гэсэн өгүүлэлдээ: “ 1924 онд

Ардын Засгийн газраас олон улсын одоогийн жишгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир ийнхүү Шанхайд захижээ. Тэр үед Европ хэл бичиг мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэснийг монгол болгож чадаагүй, “почит марка” гэж монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэсэн очиртой зурсан нь “бат” гэсэн санаа бөгөөд Энэтхэгээс гаралтай үг ба очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны билэг тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ѐс буй тул монголчуудын олон жил мэддэг, хэрэглэдэг “очир” тэмдгийг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ.

Анхны марк

Эх сурвалж: Н.Төмөрхүү, Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос

Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

ҮЙЛ ЯВДАЛ 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо 2022.06.15 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо. Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно. Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв 2022.01.29 Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 11 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг танилцуулгын эхэнд дурдаад манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа гэв. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг Л.Энх-Амгалан сайд төслийн танилцуулгадаа тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг асуув. Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна гэлээ. Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын  засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд:Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзэх;Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэх тухай;Төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахиж шаардахгүй, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан мэдээлэл хариуцагч өөрөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж, 9.4 дэх заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно” зэрэг зорилтыг хангаж, “Цахим үндэстэн” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.