Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Бусад мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна 2022.01.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг дээрх чиглэлд мэргэшсэн Энэтхэг улсын “Deque University” хүртээмжийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг байгууллага явуулж байгаа бөгөөд сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудын веб хөгжүүлэгчид хамрагдаж байна. Монгол Улсад 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэдийг цахим орчинд үл ялгаварлах, технологийг ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг маш чухал юм. Тус сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлж буй вэбсайт болон мобайл аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022”-ны дээд түвшний хуралдаанд цахимаар оролцлоо. Тус хуралдаан нь Женев дэх Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын төв байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 2022 оны 06 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тус чуулганы Өндөр түвшний бодлогын 8 дугаар хуралдаан болох “Цахим таатай орчныг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд цахимаар оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгах, бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болох зэрэг стратегийн зорилго, зорилтууд, одоогийн ололт амжилтын сайн туршлагаа оролцогчдод танилцууллаа. Мөн Сайд нарын дугуй ширээний хаалттай уулзалтад оролцож, бусад улсын сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм. “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022” нь тогтвортой хөгжлийн зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүргийг хэлэлцэх гол форум болж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (НҮБХ-ны А/70/1 тогтоол)-ийн хэрэгжилтийг хянах дэлхийн механизмын талаар хэлэлцэж байна.  Энэхүү Чуулган нь НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Чуулганы үйл ажиллагааны ололт амжилтыг хянах платформоор хангаж, 2005 оноос хойших үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ дүгнэлт өгдөг. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч байна

Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна. ЦХХХЯ-ны цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого эрчимжиж, зөвхөн төрийн үйлчилгээний И-Монгол системд 1000 гаруй үйлчилгээ нэвтэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлсөөр байна. Иргэдээ мэдээллээр хангах, тэдний санал, хүсэлтийг нь хүлээн авах нь төрийн үүрэг. Тиймээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалтыг төр, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн 9 дүүрэгт үе шаттайгаар зохион байгуулж байна. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны ТНБД Б.Батцэцэг, БХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, ТЗУГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, Хяналтын газрын дарга С.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Л. Нямдорж, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХЗГ-ын зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, ХХЗГ-ын өргөн нэвтрүүлгийн дарга Э.Золбаяр, МЦХ-ны захирал Б.Чинбат, РТҮС-ийн захирал Б.Дагвасүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.