Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар

Сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийг үнэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан /2025.01.07/ боллоо. Хурлаар 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зураглал болон Засгийн газрын дараагийн 100 хоногт хийх ажлуудаа ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 15-ны дотор нэгдсэн төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна.   Төрийн алба цомхон, төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байхад анхаарч, сайжруулалт хийнэ. Хамгийн гол нь төрийн цахим үйлчилгээ иргэдэд яг ямар процессыг хялбарчилж байна, төрийн албанд ямар орон тоо хэмнэгдэж байгаа зэрэг бодит үр дүнг бий болгох нь чухал. Тиймээс цахим шилжилтийг яам бүр ярьж буй энэ үед сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийн үр дүнг судалж, чанарын үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоор ажиллаж байна. Мөн ТЦҮЗГ, ҮСХ хамтран төрийн цахим үйлчилгээ иргэдэд үр дүнгээ өгч байгаа эсэх, төрийн албан хаагчдын бүтээмж нэмэгдсэн үү, иргэдэд ямар чирэгдэл учруулж байгаа талаар тодорхойлохоор 5 төрлийн судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд иргэдийн сэтгэл ханамж, төрийн албан хаагч, цахим системүүдийн үр нөлөө, аймгуудын бэлэн байдлын судалгааг хийж байна. Судалгааны үр дүнд суурилж төрийн цахим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгох, тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах юм. Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах инновацын шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй. Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл яригдана. Тодруулбал, төрийн өмчит компаниудын статусыг цэгцлэх асуудал хөндөгдөх юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дараагийн анхаарах сэдэв. Энэ мэтээр салбарын хууль, эрхзүйн асуудлыг УИХ-ын батлах хуулийн төлөвлөгөөтэй уялдуулан ажиллана. УИХ-аас баталсан 2025 онд 7 аймгийг “Дижитал аймаг” болгох зорилтын хүрээнд тус аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалт Өмнөговь аймгаас эхэлж байна. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2024 онд Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн билээ. ЦХИХХЯ-наас 2025 онд доорх гол 10 ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд, 1.         5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана. 2.         Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ. 3.         Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна. 4.         Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна. 5.         Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ. 6.         Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг өргөжүүлнэ. 7.         Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. 8.         Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүргэж, олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ. 9.         Кибер аюулгүй байдлын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ. 10.       Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

ҮЙЛ ЯВДАЛ Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа 2021.10.24 Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн. Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Эх сурвалж:www.parliament.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ