Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

2021.05.27

Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ. МУИС-ийн ПДС-ийн холбооны инженерийн ангийн төгсөлт 1972-1982 онд 10 удаа болж, холбооны инженер, холбооны инженер-эдийн засагч мэргэжлээр 250 гаруй хүн төгсжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1982 онд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгон зохион байгуулахад Радио холбооны тэнхимийг Эрчим хүчний факультетэд харьяалалтай үлдээж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байжээ. Радио холбооны тэнхим нь 1986 онд Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультеттэй нэгдэн Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) болж өргөжсөн байна. МАХН-ын 19 дүгээр их хурал 1986 онд болж БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн зорилгод холбоо хөгжүүлэх талаар тодорхойлохдоо “Мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна” гэжээ. Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) нь 1991 онд Холбооны сургалтын төв /Холбооны коллеж/-тэй нэгдэж хуучнаар Техникийн Их Сургууль (ТИС)-ийн бүрэлдэхүүнд “Мэдээллийн Техникийн Сургууль (МТС)” нэртэй сургууль байгуулагдсан. 1997 онд сургуулийн нэрийг Холбоо Мэдээллийн Техникийн сургууль болгосон бол 2001 оноос Шинжлэх Ухаан технологийн Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болжээ. ТИС-ийн Ректорын тушаалаар сургууль дээр гадаад хэлний сектортой болсон. Цахилгаан холбоо, Радио холбооны мэргэжлийн магистрын элсэлт авч эхэлснээр ахисан түвшний сургалт 1996 онд явуулж эхэлсэн байна. Холбооны салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх техник, технологийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, програм хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/ -ийг 2001 онд байгуулжээ. Түүнчлэн 2005 онд БНГУ-ын Берлин хотын ТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Мэдлэгт суурилсан програм хангамж хөгжүүлэх “Хиймэл оюуны” лабораторийг тус байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулсан. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны (University Partnership Program)” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг 468 сая воны хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулжээ. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол, Ректорын 2014 оны А/102 тоот тушаалаар МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Холбоо, Электроник, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбартайгаар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль /МХТС/- ийг шинэчлэн зохион байгуулав. Холбоо, Электроник, Компьютерийн ухаан болон Мэдээллийн технологийн салбарт бакалаврын 8, магистр 13, докторын 8 хөтөлбөртэй 103 профессор багштай (39 багш Ph.D) ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Холбооны яамны орлогч сайд Д.Гарам- Очир дурсамжаас: “ 1970-аад оны дунд үед бүх төрлийн мэдээлэл дамжуулах нэгдсэн систем единая система передачи всех выдов имформацийн тухай онол яригдаж эхэлж байсан бөгөөд миний бие дээрх сэдвээр холбооны инженерийн ангид лекц уншдаг байсан байна. Энэ системийг хэрэгжүүлэхэд: нэгд, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах аргыг (модуляци) нэг загварт оруулах, хоёрт, янз бүрийн давтамжийн зурвас эзэлдэг мэдээллийг өргөн зурвасыг дамжуулж чадах технологи нээх шаардлага тавигдаж байв. Энэ шалтгаан нь шилэн утсаар гэрлийн туяаны тусламжтай мэдээлэл дамжуулах технологи байв. Ийм технологийг анх ЗХУ-ын Басев, Прохоров гэдэг эрдэмтэд 1964 онд тэр нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ технологи 1980-аад оны дунд үеэс мэдээллийг тоон технологид дамжуулдаг аргыг өрнөдийн орнуудад нэвтэрснээр холбооны салбарт технологийн хувьсгал гарав. Урьд нь харилцаа холбооны мэдээлэл солилцох хэрэгсэл нь харилцаж байгаа холбооныхоо төрлөөс болоод, телефон аппарат, телеграфын морз болон үсгээр бичдэг аппарат, фототелеграф болон тэдгээрийн дамжуулах цахилгаан холбооны суваг, радио телевизийн нэвтрүүлгийг агаарт цахилгаан соронзон долгион болгон цацах нэвтрүүлэх төхөөрөмж ба уул нэвтрүүлгийг радио сонсох чанга яригч, хүлээн авагч, телевизор зэрэгт ялгагддаг байлаа. Гэтэл харилцаанд шинэ технологи нэвтэрснээр бүх харилцуур нь ганц компьютер болж мэдээлэл дамжуулах систем нь үндэсний болон олон улсын цахилгаан холбооны сүлжээ интернет болж хувирчээ. Одоо манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль дотроо мастер, докторантын сургалт явуулахын зэрэгцээ багш нараа гадаадад явуулж эрдмийн зэрэг хамгаалуулдаг явдал нь өсөв. Манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль Москва хотын мэдээллийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй болж оюутан солилцоогоор сургаж Оросын болон Монголын Их сургуулийн дипломтой төгсгөх хамтын ажиллагаатай болсон байна.” хэмээжээ.

Тус сургуулиас бэлтгэгдэн гарсан үе үеийн мянга мянган холбоочид, шууданчид, мэдээллийн технологи, электроник, радио телевизийн сүлжээний инженер техникчдийн хөдөлмөрийн үр дүнд бид дэлхий нийттэй технологийн хувьд ч үйлчилгээний хувьд ч мөр зэрэгцэн явж байгаа билээ.

Эх сурвалж: Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн түүхэн замналаас, 2002 он

Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь 

Бусад мэдээ

Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд сургалт нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүнд: 1. ЭМИЙН ЖОР 2. ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ 3. ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 4. ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ 5. АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ 6. ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ 7. ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР БАГТАЖ БАЙНА. Дээрх ажлуудын хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтран “Цахим эрүүл мэнд” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулах юм. Өнөөдрийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа.

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар сүүлийн 10 гаруй жил баталж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын анхны хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох заалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлага эхэлье.– Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн гол онцлог нь онц чухал дэд бүтэцтэй 17 чиглэлийн байгууллагыг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 17 салбарын байгууллагын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц байгууллагууд байгаа гэсэн үг. Эдгээр байгууллага нь 2 жил тутамд аюулгүй байдлын хараат бус хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулж байх зохицуулалтыг хуульд тусгасанаараа онцлог гэж хэлж болно. Үүний зэрэгцээ, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, зэвсэгт хүчинтэй холбоотой асуудалд зэвсэг хүчин гэх зэргээр чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг хуульд тусгасан. Энэ хууль 2022 оны 05 дугаар сарын 01-с эхэлж хэрэгжинэ. Иймд бид хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан кибер аюулгүй байдлын үндэсний стратеги, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, цахим халдлага, зөрчлийн үед хариу үзүүлэх төлөвлөгөө, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулахаар ажиллаж байна. – Өнгөрсөн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? -Бид олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх төв байгуулах бэлэн байдлын судалгааг хийж байгаа бөгөөд эцсийн тайлан энэ оны 4 дүгээр сарын сүүлээр гарна. Мөн АНУ-ын Карнеги Меллоны сургуулийн Программ хангамжийн институттай хамтран Кибер аюулгүй байдлын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Компьютерын аюулгүй байдал, халдлагад хариу үзүүлэх баг(CSIRT) байгуулах нь” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад төрийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн нийт 20 байгууллагын 37 албан хаагч хамрагдсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг сургах, ур чадварыг сайжруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны 4 дүгээр сард дээрх шийдвэр эцэслэн батлагдаж, 10 дугаар сараас сургалтын ажил эхэлнэ. -“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудас хакердуулсан тохиолдол гарлаа. Иргэдийн хувьд мэдээлэл алдлаа хэмээн цахим орчинд шуугиад амжсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи хийж буй ажлаа олон нийтэд түгээх, иргэдтэй шуурхай харилцаж, санал, гомдлыг нь сонсох үүднээс фейсбүүкийг олон нийттэй харилцах суваг болгон ашигладаг. Иргэд бие биетэйгээ фейсбүүкээр харилцдагтай адил гэсэн үг. Энэхүү нийгмийн сүлжээний пэйжийг хөтөлдөг админуудын нэг нь нууц үгээ алдсаны улмаас дээрх асуудал үүссэн гэж харж байна. Тухайн үед бусад админуудад нь мэдэгдэл ирснээр шуурхай арга хэмжээ авч 10-20 минутын дотор META компаниас тус пэйжийн үйл ажиллагааг блоколж, зогсоосон. МЕТА компанийн үйлчилгээ үзүүлэх дүрмийн дагуу пэйжний нэр солих асуудлыг манай баг шуурхай ажилласны үр дүн богино хугацаанд бүрэн сэргээж чадлаа. Одоо бид халдлага хаанаас, ямар зорилгоор гарсныг META компанитай хамтран илрүүлэхээр ажиллаж байна. Мөн “e-Mongolia” фейсбүүк хуудасны админуудтай хариуцлага тооцох арга хэмжээ авч байна. Гэхдээ иргэдийн хувьд буруу ойлголт байх шиг байна. “e-Mongolia” системин фейсбүүк хуудас хакердуулсан болохоос систем хакердуулаагүй. “e-Mongolia” систем бол тусдаа ойлголт. Тус систем нь Монгол Улсад байршдаг. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллагууд байдаг ба төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нэгдсэн нэг цонхоор иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлдэг төрийн үйлчилгээний нэгдсэн систем юм. Иргэд фейсбүүкийг ашиглан хоорондоо харилцдагтай адил “e-Mongolia”-ийн фейсбүүк хуудас бол иргэдтэй харилцах, мэдээлэл өгөх суваг байсан болохоос биш төрийн үйлчилгээ үзүүлдэг систем биш. – Иргэдийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн төр хамгаалах ёстой мэт хандлага гаргадаг. Гэтэл төр засаг, хууль эрх зүйн орчноос гадна тухайн иргэн өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хамгаалах, энэ чиглэлд мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой байх. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? -Мэдээллийн аюулгүй байдлын хувьд хувь хүнээс 80 хувь, техник технологоос 20 хувь нь шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд нэн тэргүүнд нууц үгээ бусдаас нууцалдаг байх шаардлагатай. Наад зах нь дэлгүүрт ороод картныхаа нууц үгийг хамаагүй хэлдэггүй байх хэрэгтэй. Тухайн картны пин код алдагдвал дансны мөнгө нь алдагдах эрсдэл үүснэ гэсэн үг. Мөн нийгмийн сүлжээнд харилцахдаа нууц үгээ хүчирхэгжүүлэх, таахад амархан нууц үг ашиглахаас сэргийлэх зэргээр аюулгүй байдлаа хангах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол техник технологоор хамгаална гэхээс илүүтэй иргэдийн дадал зуршил, мэдлэг ойлголттой шууд холбоотой. -“e-Mongolia” системийн аюулгүй байдлыг хангах тал дээр MNCERT ТББ-тай хамтарч ажилладаг хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Гэтэл MNCERT ТББ нь танай яамтай хамтарч ажилладаггүй гэх тайлбарыг хийсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -“e-Mongolia” систем бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем. Хэрвээ төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бол “e-Mongolia” системтэй холбогдож, нэг цонхоор буюу нэгдсэн байдлаар гаргах зорилготой. Төрийн мэдээллийн системүүдэд хуулиараа тагнуулын байгууллагын бүтцэд байх кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Харин хариуцагч байгууллагын хувьд эрсдэлээс сэргийлэх бодлого, дүрэм, журамтай байх, мэдээллийн аюулгүй байдлын шалгалт хийх, эмзэг байдлыг илрүүлэх арга хэмжээ авч байх нь тухайн байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулах гол нөхцөл байдаг. Халдлагаас 100 хувь хамгаална гэсэн ойлголт байхгүй. Ямар ч тохиолдолд эрсдэл бий. Харин эрсдэл учирч хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд аль болох хурдан сэргээх боломжит нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр ч утгааараа нийтэд хэрэглэж буй системүүд дээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, илэрсэн цоорхойгоо нөхөх, улмаар учирч болзошгүй эрсдэлээ бууруулах арга хэмжээ авдаг. MNCERT хэмээх ТББ нь гишүүн байгууллагууддаа цахим аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, халдлага гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг түгээх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тус байгууллага нь мэргэжлийн болоод үйл ажилллагааны чиглэлийн дагуу холбогдох дүрэм, журмын төсөлд санал, тайлбар өгөх хэлбэрээр манай яамтай хамтарч ажилладаг.  Өөрөөр хэлбэл, MNCERT ТББ нь өөрсдөө сайн дураараа нийгмийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төрийн бодлого зөв байгаасай гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө, дэмжлэг, туслалцааг үзүүлдэг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн zarig.mn сайтад өгсөн ярилцлага бол 2021 оны 11 дүгээр сард өгсөн ярилцлага байсан. Тухайн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн

Цахимд_хэвшье_Увс_Экспо

Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Увс аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, UB-cub, Газрын алба, аймгийн музей зэрэг 10 байгууллагаас гадна Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.