Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Олон улсын компьютерийн гэрчилгээ олгох ICDL шалгалтад оролцохыг урьж байна

2021.06.04

“Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2020-2024, “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тавьсан зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран тодорхой ажлуудыг хийж байна. Эдгээр ажлуудын нэг нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтыг эх орондоо зохион байгуулах ажил юм. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологи газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв /JITEC/ зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Азийн орнуудад зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг Монгол улсад зохион байгуулах эрхийг анх 2006 онд авч байсан. Түүнээс хойш өнөөг хүртэлх 15 жилийн хугацаанд 30 удаагийн шалгалтыг зохион байгуулжээ. Уг шалгалтад нийт 2577 шалгуулагч хамрагдсанаас 258 шалгуулагч амжилттай дүн үзүүлж Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардан аваад байна. Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн ур чадварын стандартад үндэслэн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг нэгдсэн загварт оруулан тодорхойлж, ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд 4 түвшний 12 төрөлтэй байдаг. Шалгалтыг тогтсон хуваарийн дагуу жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, нэг танхимд 10-аас илүүгүй шалгуулагч хамруулан зохион байгууллаа. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олон улсын томоохон шалгалтын нэг болох ТОПСИТ шалгалтыг БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцтай хамтран зохион байгуулав. Энэхүү шалгалтын систем нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид болон программ хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм. Тэгвэл ТИШ болон ТОПСИТ шалгалтуудад хамрагдаж амжаагүй шалгуулагчдадаа зориулан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олон улсын 3 дахь шалгалт болох Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтыг Мэдээллийн технологийн үндэсний парк дээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Тус шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт бөгөөд мэргэжил хамаарахгүйгээр оффисын ажилтан, албан хаагчид бүгд оролцох боломжтой юм. Иймд энэхүү Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтад төрийн байгууллагын ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Бусад мэдээ

Шуудангийн анхны маркийн тухай

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн анхны маркийн тухай 2020.12.22 Шуудангийн тухай хуулиас…. 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна. Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл. Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох маркийн талаар товч өгүүлсүй. Шуудангийн марк гэж шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гаргажээ. Монголын шуудан холбоо олон зуун жилийн түүхийг туулсан хэдий ч Ардын хувьсгал ялах хүртэл буюу анхы марк гарах хүртэл шуудангийн маркгүй байсан. Жанжин Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Ардын Засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандалын Бат-Очирын санаачлагаар зураг төслийг боловсруулж, Гадаад явдлын яамаар дамжуулан Ардын Засгийн газраар батлуулахаар хүргүүлсэн байна. Олноо өргөгдсөний 13 дугаар он буюу 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “ Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл М.Бат- Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Эдүгээ хянан байцаах Сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улс хэрэглэж байхыг журамлан хэвээр бичих буюу эс бөгөөс Монголоор орчуулан төгрөг хэмээн бичих, бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж, тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй хэмээх зэргээр саналыг шийтгэн ирсэн учир энэхүү маркийг үсэг ба маягтыг ямар ямараар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харъяат ерөнхий хорооны төлөвлөсөн есоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоер зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн данснаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн, уг бичиг хуудас нижгээд маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэг дор харъяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул есоор болгон баталж, Гадаад явдлын яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов” гэжээ. (УТА, Ардын Засгийн газрын хурлын тогтоолын хуулга) Энэхүү тогтоосон есоор “Очир” буюу төвдөөр Нацагдорж, монголоор “Мөнхбат” гэсэн утга санааг илэрхийлэх, Элдэв- очир дүрс бүхий Монголын шуудангийн анхны цуврал маркийг хэвлүүлэн гаргаснаа Гадаад явдлын яамнаа 565 тоот бичиг бүхий хуудас бичиг дагалдуулан Ардын Засгийн газарт хүргүүлжээ. Анхны маркийн зургийг “Марзан” хэмээх Б.Шарав зуржээ. Анхны марк “ Элдэв- Очир” Ардын Засгийн газар уг бичгийг хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 665 тоот бичгээр мэдэгдэж явуулснаар, Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах албан бичиг захидалд төлбөрийн хэрэгсэл болгон нааж, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад ашигласан байна. Тухайн үед Монголыг бие даасан тусгаар тогтносон, үндэсний мөнгөн тэмдэгтэй, өөрийн гэсэн шуудангийн марктай улс болохыг хүлээн зөвшөөрөх орон ховор байсан бөгөөд энэ цаг үед шуудангийн марк гарсан нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ баталсан чухал үйл явдал болсон гэж үздэг. Монгол Улсыг гадуурхах бодлого явуулж байсан Хятадын гоминданы Засгийн газар монголын шуудангийн маркийг үл хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад очсон захидал, боодлын маркийн дээр өөрийн улсын маркийг нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Нэг хэсэгтээ хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлөхийн тулд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг наадаг байсан байна. Монголын анхны маркийн тухай Бямбын Ренчин гуай 1958 онд “Монголчуудын шуудан,шуудангийн тэмдгийн учир” гэсэн өгүүлэлдээ: “ 1924 онд Ардын Засгийн газраас олон улсын одоогийн жишгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир ийнхүү Шанхайд захижээ. Тэр үед Европ хэл бичиг мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэснийг монгол болгож чадаагүй, “почит марка” гэж монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэсэн очиртой зурсан нь “бат” гэсэн санаа бөгөөд Энэтхэгээс гаралтай үг ба очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны билэг тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ѐс буй тул монголчуудын олон жил мэддэг, хэрэглэдэг “очир” тэмдгийг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Анхны марк Эх сурвалж: Н.Төмөрхүү, Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Архангай аймагт 2 дахь өдрөө ажиллалаа. Тус ажлын хэсгийн ахлах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цэцэрлэг-Бага боловсролын Ирээдүй цогцолбор , Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨЭМТ-д зэрэг байгууллагуудад хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд эдгээр анхан шатны байгууллагуудын уялдаа холбоог хангах, программ хангамжийн хэрэглээ ашиглалтыг нь нэмэгдүүлэх, дээрх байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээг хялбарчлах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо.