Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

2021.07.01

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” нэгдсэн арга хэмжээ Ховд аймагт хэрэгжиж байна

Цахим шилжилт аймаг, орон нутагт бодитоор хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд цахим хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадаж байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч чадаж байгаа болон цаашид төрөөс, салбараас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад хариулт өгөх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллага хамтран зохион байгуулж буй “Цахимд хэвшье” уриа бүхий “Цахим хөгжлийн өдөрлөг” өнөөдөр (2024.04.05) баруун бүсийн 2 дахь аймаг Ховд аймагт үргэлжилж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, ЦХХХЯ-наас батасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний хүрээнд Ховд аймагт: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ, аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал, цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн талаар танилцуулга, мэдээллүүд Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids системийн талаар сургалт Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим ур чадвар дээшлүүлэх сургалт Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл, сургалт зэрэг арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.

ЦХХХЯ, Олон Улсын  Олборлох Салбарын Ил Тод
Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана 2022.11.25 ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон. Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан. Уг зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны А/66 тушаалаар байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох E-Mongolia академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Хэнтий аймагт өнөөдөр (2023.08.14) ажиллаж, төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой юм. #цахим_аймаг #Хэнтий