Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

2021.08.09

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монголын радио спортын холбооны тухай мэдээллийг хүргэж байна. Радио сонирхогч гэдэг мэргэжил радио анх зохион бүтээгдсэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудад тархан радио техникийн үйлдвэрлэл болон харилцаа холбооны хөгжилтэй зэрэгцэн хөгжиж ирсэн юм. Радио сонирхогчийн үйл ажиллагаа дэлхийн II дайны үед буюу дайны ард талд тагнуулын үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой байжээ. Зөвлөлт Холбоот Улсад радио сонирхогчийн хөдөлгөөн 1920 оноос эхэлж, онц идэвхитэй хөгжсөн бөгөөд тэр нь яваандаа спортын хэлбэрт шилжсэн байна. Радио спорт нь богино долгионоор холбоо барих болон эсрэг талынхаа холбоог олж илрүүлэх гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд сүүлчийнх нь ЗХУ-д “Үнэг агнах” гэж нэрлэж байв. Радио спортын тамирчид радио техникийг бүрэн эзэмшиж чаддагийн зэрэгцээ өөрсдийнхөө холбооны хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж ашигладаг байлаа. Радио сонирхогчдын зохион бүтээж байсан хэрэгслүүдээс үйлдвэрлэлд нэвтэрч технологийг шинэчилж байсан тохиолдол ч олон байдаг. Радио сонирхогчдын үйл ажиллагаа дэлхийн II дайны жилүүдэд улам идэвхитэй хөгжсөн бөгөөд тэд дайсны ар талд явуулах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв. Радио спорт нь хөгжлийнхөө эхний шатанд богино долгионы царааг өргөн ашиглаж байсан бөгөөд энэ ажилд нь туслахын тулд олон улсын радио давтамжийн хяналт хуваарилалтын байгууллага радио сонирхогчдын ажиллах богино долгионы цараануудыг хуваарь тогтоож баталсан. Радио богино долгиончид (богино долгионоор холбоо баригчид) бол аль ч улсын цэргийн холбооны гол хэрэгсэл байдаг учир цэргийн байгууллагаас богино долгионы спорт сонирхогчид олноороо төрөн гардаг байна. Монголын Радио спортын холбоо 1967 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад Радио спортыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагджээ. Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гарам-Очир, С.Ганбаатар, О.Шаалуу, Ч.Чадраабал, Т.Гантөмөр нар, Нарийн бичгийн даргаар Н.Хосбаяр, Ж.Батжаргал, А.Даваадорж нар амжилттай ажиллаж байв. Өнөөдөр холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Батжаргал, Нарийн бичгийн даргаар З.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Монголын Радио спортын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон Радио спортын дараах тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж байна. Үүнд: Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ буюу Үнэг агналтын төрөлд: – Спортын бага зэрэгтэй болон шинээр эхлэн суралцагсдад зориулсан “Хаврын тэргүүн” тэмцээн. Уламжлалт 144МГц-ийн төрөлд, эрэгтэй эмэгтэй ангилалд явагдаж байна. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. Тус холбоо Олон улсын Радио сонирхогчдын холбооны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох (РСНО) тэмцээнийг 2001, 2007, 2017 онуудад өөрийн орондоо амжилттай зохион байгуулж явуулсан. 2019 оноос эхлэн РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа Холбооны зохицуулах хороо ивээн тэтгэж нэрэмжит тэмцээнээ болгон явуулж байна. РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 1:5,000-1:20,000 масштабтай спортын газрын зураг ашиглан явуулдаг. Өндөр хурдны Телеграфын /ӨХТ/ төрөлд: – Спортын бага цолтой болон эхлэн суралцагчдын “Залуу Морзчин” тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй ангилалд явагддаг. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. Сонирхогчийн Радио холбооны төрөлд: – Манай радио сонирхогчид Дэлхийн АШТ болон бусад олон улсын тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байдаг. 2015 оноос эхлэн тус холбоо ӨХТ-ын тэмцээнүүдийг Олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж Нэвтрүүлгийн төрөлд HST2006, хүлээн авалтын төрөлд ZEUS зэрэг програмуудыг ашиглаж эхэлснээр тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшилж байна. Эдгээр програмуудыг ашигласнаар тэмцээний шүүлтэд ямар нэг алдаа гарах асуудал үгүй болж эцсийн дүн үнэн зөв гардаг болсон юм. 2019 оноос эхлэн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах РСНО тэмцээнүүдэд Foxoring, Sprint зэрэг Олон улсын тэмцээнд шинээр орсон төрлүүдийг нэвтрүүллээ. Радио спортын эдгээр шинэ төрлүүдийг CONTEST2012 болон FOXORING зэрэг орчин үеийн нэвтрүүлэгчийг худалдан авч ашиглаж байна. МРСХ-ноос Радио спортын төрлүүдийг улс орондоо хөгжүүлэх талаар хийсэн олон ажлын үр дүнд манай радио спортын тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Сонирхогчийн радио холбооны тамирчин Ч.Чадраабал Олон улсын хамгийн том тэмцээн болох World Wide DX Contest тэмцээнээс 2010 онд Алтан медаль, Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль, Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртсэн өндөр амжилтыг гаргаад байна. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин юм. ОУРСХ-ны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах РСНО тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийг Э.Майбаяр, Э.Мөнхдэлгэрэх, А.Ариунаа, А.Халиунаа, М.Сумьяа, Э.Ганбаатар, Э.Батболд, Х.Цогтбилэг, Э.Тамир, Ц.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэнд-Аюуш, Т.Лхаасүрэн, Д.Баттүшиг, Ж.Долгорсүрэн, Г.Зул, О.Эрдэнэбаатар, Б.Элбэгбаяр, М.Мөнхбаатар, Э.Гэрэлтуяа, С.Саранчимэг, Ш.Одончимэг, Б.Бадмаараг, М.Мөнхсүлд, Г.Шижирбат, С.Гантөмөр, Б.Төмөрчөдөр, Г.Нарангарав, Ц.Одгэрэл, Т.Отгонзаяа, М.Мөнхбаясгалан, М.Монголжингоо, Х.Тамир, У.Мандуул, О.Магсаржав нарын тамирчид хүртэж байжээ. Монголын Радио спортын холбоо нь Олон улсын Радио сонирхогчдийн холбооны /International Amateur Radio Union/ албан ёсны гишүүн ба Олон улсын ижил төрлийн холбоодтой тогтмол харилцаа холбоотой ажиллаж байна. Эх сурвалж: “Туулсан замаа эргэн дурсахуй-5 “ номноос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь, Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Ц.Баатархүү: “Үндэсний хиймэл дагуул” төслийг УИХ-ын чуулганы худалдаанаар хэлэлцүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзлаа. Уулзалтад Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Ч.Золбаяр болон салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцов. Сүүлийн 10 гаруй жил яригдаж байсан “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь энэ дөрвөн жилийн хугацаанд биеллээ олох гэж буйд салбарын мэргэжилтнүүд талархалтай хандаж, технологийн хувьд хэд хэдэн зүйлсийг тодруулж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэлэхдээ, Үндэсний хиймэл дагуул төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батална. Иймд тус мега төсөлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэнэ гэдгийг онцлов. Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болсноор:

“Хүнсний хувьсгалд нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 -р тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлж, цаашид хэрхэх талаар санал солилцов. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 35 төрийн байгууллага 114 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас ХХААХҮЯ-тай хамтран “Emongolia”-д Хөдөө аж ахуйн бирж, ЖДҮ санг нэвтрүүлсэн байна. Мөн УИХ-ын 36 дугаар тогтоолд иргэд, олон нийтэд чиглэсэн “Хоол, хүнсний зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” болон долоо хоног тутам “Хүнсний аюулгүй байдлын цаг” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэсэн заалт орсон. Тус үүргийг өргөн нэвтрүүлгийн 16 телевиз хүлээж байгаа ба ЦХИХХЯ хяналт тавин ажиллаж байгаа юм. ЦХИХХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од хэлэхдээ “Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хамтран ажиллаж “Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлгийг ард түмэнд хүргэж, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна” хэмээн онцлов.   Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээнд хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын дор дараах бие даасан зөвлөх үйлчилгээнд та бүхнийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.  Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.04.08, 15:00 PM Хүсэлт хүлээн авах хэлбэр: Цаасан болон цахим хэлбэрээр   Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, тавигдах шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу: Нэг: Бие даасан ахлах зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.3) https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-3-senior-consultant-silver-it/ Хоёр: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-1) https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-4-1-training-and-events-coordination/ Гурав: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-2)  https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-4-2-marketing-and-outreach/ Дөрөв: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-3) https://www.smart.gov.mn/en/consulting-services-3-1-2-4-3-program-development/ Мэдээлэл харилцааны мэргэжилтэн “Ухаалаг засаг-2” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж и-мэйл:  purevochir@smart.gov.mn гар утас: 976-99010865