Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд

2021.09.03

Хэдэн жилээр бус хэдхэн цаг, хором мөчөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн шилжилтийн үед улс орон бүр өөр өөрийнхөөрөө “цахимжсаар” байна. Өнгөрсөн цөөн жилийн хугацаанд монголчууд цахим сүлжээг өргөнөөр ашиглах болж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөн, гэрээсээ, гар утсаараа олон улстай холбогдон, цахимаар суралцаж, цахимаар ажиллаж, цахим зах зээлд хөл зэрэгцэх цахим үндэстэн болох эхлэлээ тавьжээ. “Humans of UB” энэ удаагийн дугаартаа дээрх шинэчлэл, өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэн, дижитал иргэн болоод буй үе үеийнхний төлөөллүүдийг онцолж байна. #1 Э.Буянжаргал – “Код бичих охидын хөтөлбөр”-ийн төгсөгч

Би одоо 12-р ангийн сурагч. Сая зуны амралтаараа “Код бичих охидын хөтөлбөр“-т хамрагдаад кодтой танилцаж, өөрийн бүтээлээ хийсэндээ баяртай байгаа. Багш нарынхаа удирдлага дор өөрөө код бичээд онгоц бууддаг тоглоом хийсэн. Хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй суугаад 800 мөр код бичиж дуусгасан. Бас багаараа Html дээр санхүүгийн мэдлэг олгож, орлого зарлагаа хянах боломжтой аппликейшн хөгжүүлсэн. Одоогоор файлаар татаж аваад ашиглах боломжтой байгаа. Цаашдаа интернэтэд байршуулах байх. Анх кодтой санаандгүй байдлаар танилцсан ч суралцах явцад ямар нэг зүйлийг шийдэж, ард нь гарч буй хүчирхэг мэдрэмжид нь татагдсан. Шинэ үеийнхний хэл гэгдэж буй кодыг сурснаар юмыг системтэй, цэгцтэй бодон сэтгэхэд суралцдаг. Манай хөтөлбөрийн найзууд өөрсдөө код бичээд морз хөрвүүлэгч, “pin pon” тоглоом гэх мэт бүтээл хийсэн. Би ЕБС-иа төгсөөд Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа. Ирээдүйд манай улс улам бүр цахимжих учраас бэлтгэлтэй байх нь чухал гэж боддог. Бүх зүйлсийг цахимаар шийддэг, цахим үндэстэн болох учраас мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзээд энэ мэргэжлээр сурахаар судалж байгаа. Хот, улс даяараа нэг системд холбогдоод цахим болчихвол тэр орон зайд ажиллах боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Би бас яваандаа жижиг дунд, старт-ап компаниудад зориулсан нэгдсэн аппликейшн бүтээнэ гэж боддог.

#2 Э.Мөнх-Эрдэнэ – Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулагч дизайнер (Freelancer)

Олон улсын сайтуудад өөрийн дизайнаа ханган нийлүүлээд 2 жил болжээ. Өмнө нь би 4 жил веб дизайн, нэг жил график дизайнераар ажиллаж байсан. Одоо “Creative Market” сайтад байршсан 10 мянга гаруй бүтээгдэхүүн дунд миний загвар, template-үүд ангилал дотроо 2-т, 7-т бичигдэж байна. (Түүний профайлыг ЭНДЭЭС хараарай) “Graphicriver” сайтын “Slide” ангиллын “Best Seller” хэсэгт мөн хоёр загвар бий. Нийт олон улсын найман сайтад бүтээгдэхүүнээ байрлуулж, түүнээсээ орлогожин гэрээсээ ажиллаж байна. 

Эхэндээ юунаас эхлэх, хэрхэн гэрээсээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар мэдлэггүй байсан ч туршиж, суралцсаар байна. Нэг пресентацийг 80-100 хуудас хооронд, шаардлагатай бол 150 хүртэлх хуудас бүхий загвартай зурж бүтээдэг. Сая дурдсан 2-т бичигдэж байгаа дизайн маань 600 гаруй хуудастай. Behance дээрх бүтээлүүд нийт 158 мянга гаруй үзэлттэй болсон байна. АНУ, Их Британи, Малайз, Индонез гэх мэт олон улсын цахим сайтаас дизайн худалдан авах суурь нөхцөл нь бүрдсэн улсуудаас ихэвчлэн дизайныг маань худалдан авдаг. Анх “Template100” баг хамт олон, Батзориг ахаасаа суралцаж, олон улсын дизайн салбарт харилцаж, сурч байсандаа их талархдаг. Олон улсын зах зээл дээр дизайн борлуулах багахан туршлагаа залууст хүргэх үүднээс “Гэрээсээ гэрэлт” сайтаар дамжуулан 2, 3 залууд менторлож, туршлага хуваалцаж байна. Миний хувьд гэртээ бага насны хүүхдээ харангаа ажилладаг учраас өөрийн хүссэн цагтаа ихэвчлэн оройн цагаар төвлөрч ажилладаг. Албан байгууллагад харьяалагдвал энэ мэт боломжууд бага. Мөн бүтээлч салбарт ажилладаг хүний хувьд захиалагчийн тааллаар загвараа бүрэн өөрчлөх биш, өөрийн хүссэн загвараа гаргаад хэрэглэгчдэд хүргэх нь таатай санагддаг. Анх хэцүү байсан ч, одоо бол намайг унтаж байхад ч загваруудаас маань олон улсад зарагдсаар, орлогожиж, зах зээлд хүрсээр байдаг учраас цахимаар ажиллахдаа дуртай байдаг. Цахим эрин, дижитал иргэд гэх ойлголтын үр шим нь энэ юм уу даа. 

#3 Б.Төгөлдөр – MIT, Edx, Coursera цахим платформын хэрэглэгч, МУИС-ийн программ хангамжийн ангийн оюутан

Анх интернэтээр академик сургалтууд олж аваад “нүд нээгдэх” шиг л болсон. Одоогоор олон улсын их дээд сургуулийн профессоруудын заадаг физик, программ хангамж, хиймэл оюун ухааны чиглэлээрх академик хичээлүүд, гүн ухаан, уран зураг, төгөлдөр хуур гэх мэт сонирхлынхоо дагуух хичээлүүдийг үзэж байна. MIT-ийн сайтаас мэргэжил, чиглэл бүрээр нь хичээлээ хайж олох амар байдаг. Механик физик, долгион, математик анализ, Phyton хэл шинжлэл гээд хичээл дээр үздэг агуулгуудаа олон улсын сургалтуудаар бататгаж, бүр илүү их дэлгэрүүлэх дуртай. Интернэтээр бас ном олж авах үнэн кайфтай шүү. Саяхан Доминик О’Брайен гээд зохиолчийн “You Can Have an Amazing Memory” гээд ном олж аваад уншсан. Цээжлэх арга барилын тухай. MIT-ийн хичээлүүд, ялангуяа гүн ухааны хичээл нь үнэхээр “хайр” байдаг шүү. Асуулт бүрт хариулт өгч, амьдралдаа анзаарч хардаггүй зүйлсийг харах бололцоо олгодог учраас гүн ухаанд дуртай. Хичээл бүр цаанаасаа хуваарьтай байдаг учраас цагаа төлөвлөхөд ч хялбар. Долоо хоногтоо дор хаяж хоёр цаг академик хичээлээ бие даан үздэг. Edx, coursera, MIT, Youtube гээд л нээлттэй сургалтууд нь цахим эриний хамгийн том үр өгөөж юм уу даа. Нээрэн, надтай ижил сонирхолтой залуустаа “Quantum Mongolia“, “Гэж юу вэ?” подкаст болон “Бүдэг цэнхэр цэг” хуудсыг санал болгоё. 

Манай улс сүүлийн жилүүдэд улам цахимжиж, би л гэхэд төвөггүй цахимаар хэрэгтэй зүйлсээ олж, суралцаж, хайдаг болсон байна. Яваандаа 100 хувь цахим үндэстэн болох байх. Гэхдээ тэр үед настай хүмүүс, хөгжлийн ялгаатай хүмүүстээ хүрч ажиллах, боломж олгодог байгаасай. 

#4 С.Эрдэнэцэцэг – Цахим үйлчилгээний хэрэглэгч

Эгч нь төрийн байгууллагад 26 жил, бараг л насаараа ажилласан хүн. Дүүрэг, хороо гээд л иргэдтэй шууд харилцаж ажиллаж байсан хүний хувьд иргэдэд тулгардаг өдөр тутмын асуудлуудыг маш сайн мэднэ. Саяхан л намайг хороонд ажилладаг байхад бүх иргэний бүртгэлийг цаасан дэвтэрт хөтөлж, бид нэгд нэгэнгүй шивж тулган бөөн л бичиг цаасны ажил болдог байлаа. Харин саяхан хороо орсон чинь мань мэтийн үеэс огт өөр, цахимжаад бүр амар аятайхан болчихсон байналээ. Тэтгэвэр буух тоолонд банк орох ч шаардлагагүй болж. Эгч нь утсан дээрээ банкны аппликейшн татаж ийш тийшээ шилжүүлэг хийчихдэг болсон. Ebarimt-аа ч уншуулчихна. Яг юунд зарлага гаргаж байна вэ гэдгээ хянахад амар юм билээ. Саяхан сувилалд явах гээд вакцины гэрчилгээгээ нэг цэгийн үйлчилгээний төвөөс авна даа гэж бодож байсан чинь харин охин зааж өгөөд утсаараа “e-mongolia”-д бүртгүүлээд л авчихсан. Одоо утсан дээрээ татаад авчихсан болохоор энд тэнд үзүүлчхээд явж байгаа. Ухаалаг утастайн хэрэг юу билээ, хааяа бас “фэйсдэнээ”. Сураг тасарсан багийн найз, холын хамаатан гээд хүмүүстэйгээ чаталж бариад, ач зээ нартайгаа видео коллдоод хөөрхөн байдаг юм.

#5 Э.Цэрэндорж – Олон улсын “Nike” компаний шинжээч (Inventory Operations Analyst)

Би хөл хорионы өмнөхөн Нидерландад магистрын зэргээ хамгаалж төгсөөд, хөл хорио тогтоох үед “Nike” компанид орсон. Зайнаас ярилцлага өгч, ажилд хэрэгтэй хэрэгслүүд ч цахим шуудангаар ирсэн. Цар тахлын өмнө нь ч манай компаний үйл ажиллагаа бүрэн цахимжсан байсан. Дэлхий дахин шинэ эринд нэгэнт хөл тавьсан тул ямар ч байгууллагын үйл ажиллагаа зайнаас амжилттай өрнөх болжээ. Миний хувьд онлайнаар цагийн хуваариа гаргаж, менежерүүдтэй холбогдох гэх мэтээр ажилладаг. Үүний өмнө Ирландад төвтэй “Felix” компанид ажиллах үед бүх ажлаа “Windows” программууд дээр шийддэг байсан бол “Nike”-ийн хувьд дотоодын систем дээр ажлаа шийддэг.

Төгсөхөөсөө өмнө үлгэр жишээ цахим үндэстэн гэгддэг 600 мянган хүн амтай Эстон улсад “E-Government” буюу цахим засаглалын чиглэлээр дадлага туршлага хуримтлуулж байсан. Тус улсад үл хөдлөх шилжүүлэх, гэрлэх, гэрээслэл өвлүүлэхээс бусад бүх төрийн үйлчилгээг цахимаар шийддэг нь үнэхээр л цахим засаглалын тэргүүн туршлага. Хүн ам цөөтэй манай Монгол Улс ч нэгдсэн нэг системтэй болох боломжтой. Үүнийгээ дагаад хүн амын бүх мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэгдэх учраас мэдээллийн аюулгүй байдал талаар анхаарах цаг болжээ. Нидерландад ирээд түрээсийн гэрээ, ID, даатгалын гэрээ гэх мэт хэрэгцээт үйлчилгээг бүгдийг нь цахим гарын үсгээр шийдсэн. Цахимаар хэн ч хаанаас ч хүссэн боловсролоо эзэмших боломжтойд баярладаг. Хэн нэг хувь хүний туршлага бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн докторын зэрэгтэй, профессоруудтай учраас “Coursera“-аас суралцах дуртай. Бизнесийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалсан ч дата анализаар сурах хүсэлтэй байсан учраас Колорадогийн Их сургуулийн хичээлийг уг сайтаас үзэж суралцсан. 

Дэлхий нийтээр цахимжиж буй өнөө үед Монголд ч өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх мэдээллийн технологиудыг нэвтрүүлж байна. Харин бүх хүн ам интернэтэд 24 цагаар холбогдож, тэгш хүртээмжтэйгээр дижитал төхөөрөмжтэй харилцах чадвартай байж, ихэнх интернэт хөтчүүд англи хэлээр учраас бүх нийтээр англи хэл сурах юм уу, эх хэлээрээ шинэ хөтөчтэй болох нь цахим улс болоход зайлшгүй шаардлагатай сорилт болоод байна. 

#6 С.Бадрал – “Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч

Хамгийн товчоор цахим эринийг хүн, робот хоёр чөлөөтэй хамтран ажиллах цаг үе гэж тодорхойлж болох юм. Дижитал шилжилтэд монголчууд хангалттай бэлэн биш байгаа боловч хурдтай хөгжье гэвэл цахим үндэстэн болохоос өөр зам байхгүй. Гэхдээ амар биш. DN9 орны гишүүн болоод DN10 болгох эсвэл бүх хүн Фэйсбүүк, Твиттер ашиглаж улс төрд нөлөөлөх, “e-mongolia”-г ашиглаад төрийн үйлчилгээгээ авдаг болчихвол цахим үндэстэн болчихно гэвэл хязгаарлагдмал. Эхлээд маш сайн цахим дэд бүтэц, дараа нь программ хангамж, тэгээд эдийн засаг, бизнес, цахим шилжилт, түүний дараа л цахим үндэстэн гэж ярих хэмжээнд очно. Хүн бүрийн барьж буй гар утас, тэдгээрийг хаанаас ч хамаагүй интернэтэд холбож буй 4G, шилэн кабель, Фэйсбүүкээс эхлээд хүн бүрийн өдөр тутамд хэрэглэж байгаа системүүдийн ард хиймэл оюун ажиллаж байна. “Чимэгэ” системсийн бүх бүтээгдэхүүний ард ч мөн адил. 

Бид “Чимэгэ” технологи өдөр тутмын хэрэглээ болж чадахгүй байна гэж харж байгаа. Цаг хугацаа болоод өөрийгөө үнэлдэг хэсэг бүлэг хүмүүс л манай хэрэглэгч болсон юм шиг санагддаг. Тиймээс цаашид бид та бүхний цагийг улам хэмнэж, амьдралын стандартыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, шийдлийг санал болгох болно. Өнгөрсөн хугацаанд болхи төлбөр тооцооны систем, байнгын хөгжүүлэлт хийж байснаас болж алдаа гарах, ачаалал хэт ихэдсэнээс болж систем унах асуудал нэлээд гаргалаа. Харин одоо Дата төвийн өргөтгөлөөс бусад асуудлууд цэгцэрсэн. 

Одоогоор бид “Чимэгэ бичээч”, “Чимэгэ уншигч” зэрэг бүтээгдэхүүнүүдээ сайжруулахын сацуу бизнес моделийг нь шинэчилж, технологийн зардлыг нь бууруулахыг хичээж байна. Мөн энэ ондоо багтан Дуудан, Сонур, Монсаб, Чимэгэ транслейтор зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн гар дээр тавихыг чармайж байна. Хиймэл оюуны судалгааны чиглэлд казак хэлний яриаг автоматаар таних технологийг хөгжүүлж, нарийвчлалыг 90% давууллаа. Мөн эрс бага нөөцтэй халимаг, буриад хэлний шийдлийг судалж, боловсруулж байна. Мөн бид Эгүнэ хэмээх дуут туслахыг бүтээж байна. Түүнийг ашиглан мөн Алекса шиг “Эгүнэ гэр” гэсэн Монгол Смарт яригчийг бүтээх санаа бий. Үүний гол гацаа нь хөрөнгө оруулалт л болоод буй. Цаашид виртуал оператор, виртуал угтагч гэх мэт робот ажилтнуудыг л бүтээхийг зорьж байна даа.

Бусад мэдээ

ЦХХХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ДЕЛЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийг “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан ажиллаж буй талаар онцоллоо. Делл компанийн зүгээс мэдээлэл технологийн инженерүүд байнга сурч, хөгжиж байх шаардлагатай. Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компанийн хувьд бусад үйлдвэрлэгч компаниудтай нээлттэй хамтран ажилладаг. Сайн туршлагаа хуваалцан, тоон бичиг үсгийн чадвар, үүлэн технологийн чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Делл технологийн компани нь дэд бүтцийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдэд компьютер, тоног төхөөрөмж, data, cloud, end-to-end шийдлийг санал болгож дэлхийн 182 оронд үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.

Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ. Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.  Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулах шийдвэрийг гаргасан билээ.  Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна.  Тус тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр “Монгол Улсын технологийн салбарт шинэ эдийн засаг бүтээх түүхийн хуудас нээгдэж байна. Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн бол Монгол Улсад дрон угсралт, үйлдвэрлэлд  чухал хувь нэмэр оруулна. Энэ тэмцээнээс үүдэлтэйгээр дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажил эхэлнэ. Дроны нисгэгч гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цоо шинэ ажил мэргэжил юм. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй залуучууд Монгол Улсын хүний нөөц, технологийн салбарт цоо шинэ, ажил мэргэжлийг бий болгож, дараагийн үедээ энэхүү ур чадвараа өвлүүлэх хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны хэрэглээг нэмэгдүүлэх анхны хуулийн төслийг боловсруулж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулахаар болсон. Мөн ирэх гуравдугаар сараас дрон жолоодлогын мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын хөтөлбөр танилцуулж, мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцолсон юм.  Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн дараах төрлүүдээр явагдаж байна. Үүнд  Тус тэмцээнийг Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.  Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд ням гарагт тодорно. 

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

ҮЙЛ ЯВДАЛ Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа 2021.10.24 Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн. Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Эх сурвалж:www.parliament.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ