Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

2021.11.23

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нартай уулзаж, санал солилцлоо. Дундговь аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг гурван байрлалд ажиллаж байна. Ингэснээр орон нутагт аж төрдөг иргэд төрийн үйлчилгээг авахын тулд хот, суурин газрыг зорих шаардлагагүй болж буйг ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр онцлоод иргэдийн цаг хугацааг хэмнэх, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах хүрээнд төрийн үйлчилгээний шинэ өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж буй талаар мэдээлэв. Дундговь аймаг нь 2020-2024 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө “Цахим аймаг-Ухаалаг Дундговь” зорилтыг тусган цахим шилжилтийн үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Ингэснээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах дотоод удирдлагын ERP.ee-mongolia цахим системийг нэвтрүүлж, байгууллага хоорондын албан бичгийг 100 хувь цахимжуулсан байна. Мөн аймгийн төрийн болон бизнесийн байгууллагуудын үйлчилгээ болон бүх төрлийн мэдээллийн нэгдсэн “Дундговь” аппликейшныг хөгжүүлж нэвтрүүлээд байгаа аж. Цаашид тус аймагт цахим шилжилттэй холбоотойгоор эн тэргүүнд дээрх аппликейшныг илүү боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт мэдээллээр хангах шаардлага тулгараад байгаа талаар аймгийн удирдлагуудын зүгээс мэдээлэж, холбогдох яамнаас дэмжлэг хүслээ.

“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж буй “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр (2023.06.14) Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Хүүхдийг цахим орчноос хамгаалах техник, технологийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос хамгаалах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд ЦХХХЯ онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөллүүд оролцож 6 хэсэгчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс дахь цахим орчны хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаарх түргэвчилсэн үнэлгээ болон санал болгож буй цахим орчны хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны хүрээг тодорхойлоход хувь нэмэр оруулах, хэлэлцүүлгээр дамжуулан хүүхдэд аюулгүй цахим орчныг бүрдүүлэхийн чухлыг олон нийтэд ойлгуулах ач холбогдолтой юм.

“Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ

Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. Тэгвэл одоо “openstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асууудал бүрэн шийдэгдэж байна. Олон тооны сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний төхөөрөмжүүдийг нэгтгэж, ураалгаар, оновчтой, виртуалчилж удирдах боломж олгож буй уг шийдэл эдийн засаг, цаг хугацаа, аюулгүй байдлын чухал ач холбогдолтой. Төр хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллах бодлого хэрэгжиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Үүнд мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадагшаа экпортлож буй “Fibo cloud” компани шалгарч, энэ системийг амжилттай бүтээсэнд баяртай байна.