Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

2021.12.27

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21 ажлаа олон нийтэд танилцуулж байна. 2021 оны хувьд тус газар “Цахим Үндэстэн” болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимтэй урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг БНСУ-ын талтай байгуулахын зэрэгцээ салбарын жендерийн тэгш бус байдлын бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр” -ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. “ЦАХИМ ҮНДЭСТЭН” БОЛОХ СТРАТЕГИЙН 6 ЗОРИЛГЫГ БАТЛАВ Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталлаа.

  1. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдсэн юм.

  1. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд  дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгож өгсөн. Үүний зэрэгцээ мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана.

  1. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛАВ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Ингэснээр “e-Mongolia” -д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон.

  1. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулав. Ингэснээр Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон юм. Тус хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болно. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ.

6. “E-MONGOLIA” ТӨРИЙН 59 БАЙГУУЛЛАГЫН 606 ҮЙЛЧИЛГЭЭ НЭГТГЭВ

“E-Mongolia” системд төрийн 58 байгууллагын 606 үйлчилгээнээс гадна 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Мөн Монгол Улсын 1.9 сая иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авч, 64.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн бөгөөд төлбөртэй үйлчилгээнээс улсын төсөвт 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
  1. “E-MONGOLIA” ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

“e-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээсэн. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, “e-Mongolia”-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.

Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм.

8. “E-MONGOLIA 2.0” ТАНИЛЦУУЛЛАА.

“E-Mongolia”систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 2021 оны 10 дугаар сарын 1-нд танилцууллаа. “e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй.

Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой.

Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

  1. “E-MONGOLIA” ТӨСЛИЙН БАГ УЛААНБААТАР ХОТЫН АЛСЛАГДСАН ХОРОО, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХҮРЧ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ.

“e-Mongolia” төслийн баг Улаанбаатар хотын алслагдсан нийт 6 дүүргийн 48 хороонд хоёр сарын хугацаанд ажиллаж, иргэд олон нийтэд тус системийг ашиглах заавар зөвлөгөө өгч ажиллаа.

  1. КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХАВЬТЛЫГ МӨШГӨХ “COVID-19 ERSDEL” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Дэлхийн нийтэд тархаад буй КОВИД-19  цар тахлын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс олон улс хавьтлыг мөшгөхөд технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Тэрдундаа Apple болон Google системийн бүтээсэн exposure notification буюу covid-19 ersdel системийг 2021 оны 04 дүгээр сарын 19-нд УОК монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Covid-19 ersdel систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан  судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Тус системийг өнөөдрийн байдлаар 700,000 орчим хүн ашиглаж байгаа бөгөөд халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,5 сая гаруй хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 200,000 орчим хүн товч асуумжийг бөглөж, өөрийгөө тусгаарлажээ.

  1. DIGITAL NATION-2021 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” -г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон “DIGITAL NATION-2021”  2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд харилцаа холбоо, технологийн салбарын болон бусад салбарын нийт 100 гаруй компани оролцож, Монгол Улсад анх удаа дрон шоу болон гэрлийн шоуг зохион байгуулсан юм.

Үүний зэрэгцээ, “Digital nation-2021” арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, мэдээллийн технологийн салбарын ач холбогдлыг тодорхойлох, цахим шилжилтийг оновчтой зохион байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох гэх мэт сэдвийн хүрээнд гурван өдрийн турш хэлэлцүүлэг, форум зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр технологийн салбарын түүчээлэгч залуус Цахиурын хөндий шиг гарааны бизнесийн чөлөөт бүсийг бий болгох нь уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах хамгийн оновчтой гарц байх болно гэдгийг онцолж байлаа.

  1. ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НӨӨЦ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО.
    1. ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМИЙГ (5G) НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫГ ХИЙЛЭЭ.

    Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний эхлэл болгон тус арга хэмжээний үеэр 5G сүлжээний туршилтыг хийлээ. Хамгийн эхэнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гэсэн салбарт 5G технологийг нэвтрүүлэх аж. Аж үйлдвэрийн IV хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Энэ технологи одоогийн ашиглаж байгаа 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг “бэлэглэнэ”. Мөн машин, таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд бидний эргэн тойрны эд зүйл 5G сүлжээнд холбогдоно. Ингэснээр бид их мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэнэ. Утасгүй технологийн энэ шинэ давалгаа нь хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой. Ингэснээр эрүүл мэндийн салбараар жишээлбэл, дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болно.

    14. “ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ” ТҮҮХЭН АЛЬМАНАХ НОМЫГ ХЭВЛҮҮЛЭН ГАРГАЛАА.

    1. БНСУ-ЫН 100 ХУВИЙН ТУСЛАМЖААР “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛНА

    Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал /ICT Leadership Forum/-2021 өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдлаа. БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр  “Цахим Үндэстэн” болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан юм.

    Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай юм.

    Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах  санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм.

    Санамж бичигт тусгаснаар “Мэдээллийн технологийн төв” -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ.

    Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

    1. “КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын их сургууль, Хаан банк, Голомт банк, ICT Group, CNT tech ХХК, Faro боловсролын төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр “Код бичих охидын хөтөлбөр”-ийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн зорилго нь салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэхэд оршино.

    Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 30 охин хамрагдаж, найман долоо хоногийн туршид сурсан мэдлэгээрээ хөтөлбөрийн төгсгөлд веб сайт зохион бүтээх, тоглоом, санхүүгийн програм, аюултай үед сэрэмж өгөх систем, уламжлалт хичээлүүдийг онлайн тоглоом болгох, 1-5 дугаар ангийн хичээлийг бүтнээр нь цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг сонирхолтой бүтээлийг туурвисан юм.

    1. МОНГОЛЧУУД АМАЗОН ПЛАТФОРМ ДЭЭР БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

    Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ.

    Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ.

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм.

    Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

    1. “ЦАХИМ ҮНДЭСТЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран танхим болон цахим хэлбэрээр Цахим технологи-Хөгжлийн түүчээ уриан дор 2021 оны 6 сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

    Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн үндсэн 6 сэдвээр хүлээн эрдэм шинжилгээний материалыг хүлээн авч, шилдэгүүдийг шалгарууллаа.

    Цахим хэлэлцүүлгийн өрөөнд үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн.

    Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогч 120 гаруй өгүүлэл ирүүлсэн.

    Шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон.

    1. ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО
    • Хөдөлгөөнт холбооны 2G/4G сүлжээ оруулж, үйлчилгээ хүргэсэн
    • 14 аймгийн 26 баг
    • Үүрэн холбооны шинэ хэрэглэгчийн тоо: 3960         
      1. ДЭД БҮТЭЦ
      • Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосон
      • 2 аймгийн 3 баг, тосгон
      • Шилэн кабелийн нийт урт: 123 км         
        1. ИНТЕРНЭТ
        • Интернэтийн үйлчилгээ хүргэсэн
        • Баянзүрх дүүргийн 21, 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо
        • 2045 айл өрх, 2886 хүүхэд
        • 8 цэгт утасгүй интернэтийн бүс         

Бусад мэдээ

Инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапуудыг дэмжих бодит орчныг бий болгох зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо. Хурлаар: Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ. Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм. Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.   ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.  Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub  нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна. Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож,  665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна. УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна.

Монголд дроны үйлдвэр байгуулна

“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Монгол Улсад дронтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгох, дроны технологи, ноу-хауг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана. Ц.Баатархүү сайд “Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй хэрэгцээ бий. Тэр дундаа, Засгийн газраас дрон хөгжүүлэх чиглэлд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон. Энэ чиглэлээр гурван ажлыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, дроны хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулах, хоёрдугаарт, дрон нисгэх оператор бэлтгэх, сургах, гуравдугаарт, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн чиглэлд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичиг нь технологийн салбарт шинэ түүхийн хуудсыг эхлүүллээ” гэдгийг онцлов. БНСУ-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛД ДРОН ҮЙЛДВЭРЛЭНЭ Мөн “Блью скай дрон” болон “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэх юм. “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”-ны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн, сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу-хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дроныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн” гэдгийг дурдав. БНСУ-ын GCNC-ийн захирал Хонг Юн Гын “Хамгийн түрүүнд дроны эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлд өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн дроны оператор бэлдэх, сургалт зохион байгуулахад хамтран ажиллана. Цаашлаад дрон үйлдвэрлэхэд технологийн шийдлүүдээ хуваалцана” гэдгээ дурдлаа. БНСУ нь 2023 оноос хүргэлтэд дрон нэвтрүүлж, 2.3 км зайд 7 минутад хүргэлт хийж байна. Тус улсаас дроны стратегийн 4 бодлогыг хэрэгжүүлж, дроны хүргэлтийн стратегийг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн алслагдсан бүсэд усны түвшин нэмэгдсэн тохиолдолд 5 кг ачааг хүргэдэг. Ингэхдээ хот доторх зам, маршрутыг тогтоож, нарийвчилж өгчээ.  Хөдөө аж ахуйн салбарт 2 га газарт 28 минутад хор цацах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ мэтээр орчин үед дроныг тоглоомоос илүүтэй мэргэжлийн түвшинд ашиглаж байна.

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан. Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон. Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав.