Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бусад мэдээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭД ЖАЙКАТАЙ ХАМТАРНА

Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын зөвлөх С.Тэнгис Япон Улсын Deloitte зөвлөх үйлчилгээний компанийн дэд захирал ноён Шосэй Ямамото болон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Хоккайдо дахь төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улсад мэдээллийн технологид тулгуурласан цахим үйлдвэрлэл болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын программ хангамж үйлдвэрлэгч стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд сурталчлах, мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, стартап компаниудыг бизнесээ тогтвортой эрхэлж, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрхэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар санал солилцов. Төсөл 2023-2025 онд хэрэгжих бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим үйлдвэрлэлийг бий болгох, гарааны бизнесийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бүхий л талын оролцоог хангаж, харилцан мэдээлэл солилцон, уялдаа холбоог хангаж ажиллах юм.

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага: Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19 Багийн мэдүүлэг хүлээн авах цахим хаяг КАНСАТ 2023 тэмцээнд оролцох багийн бүртгэл (google.com) Холбоо барих утас: 89011918, 80878888 Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжтай энд дарж танилцана уу.

Дроны туршилтын бүс байгуулна

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Дроны туршилтын бүс байгуулах шийдвэрийн төслийг баталлаа. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс (төрөлжсөн)-ийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна. Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ. Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглах юм. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Энэ бүхнийг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар холбогдох бусад байгууллагатай хамтран агаарын замаас зайдуу, өндрийн хязгаарлалтай болон өндрийн хязгаарлалтгүй цэгийг тогтоожээ. Улмаар радио давтамж, радио долгион, цахилгаан соронзон орны нөлөөллийн судалгаа хийн, дроны туршилтын бүс байгуулах боломжтой газрын байршлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, батлууллаа.   Монгол Улсад аливаа агаарын хөлөг, төхөөрөмжөөр гүйцэтгэх нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн тухай (1999), Радио долгионы тухай (1999), Улсын нисэхийн тухай (2003), Агаарын зайг нисэхэд ашиглах тухай (2003) хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулдаг. Үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, аюулгүй байдлын эрсдэл, нислэгт тэнцэх чадварын норм нормативыг тогтоон, нисэхийн агаарын зайг А, В, С, Е, F, G гэсэн ангилалд хувааж, холбогдох зөвшөөрлийг олгох байдлаар хэрэгжүүлж ирсэн.   Үүнээс дроныг нисэхийн агаарын зайг ашиглах G ангилалд хамааруулж, 25 кг-аас ихгүй жинтэй, газрын түвшнээс дээш 120 метрээс хэтрэхгүй өндөрт, зөвхөн өдрийн цагаар нисгэх зохицуулалттай. Мөн үндэсний болон нисэхийн аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын бусад шалтгаанаар олон улс болон орон нутгийн нисэх буудал, “Иргэний нисэхийн дүрэм 71”-д  заасан хязгаарлалттай, хамгаалалттай бүсэд нислэг үйлддэггүй. Гэвч дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад дээрх хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулж байсан дроны жин, хурд, нислэгийн өндөр болон зайн хязгаарлалт зэргээс давсан үзүүлэлттэй дронууд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Энэ нь агаарын зай болон аливаа нислэг хөдөлгөөнд аюул учруулах, хууль бус зүйлс тээвэрлэх, тагнуулын үйл ажиллагаа эрхлэх, кибер халдлага үйлдэх, зөвшөөрөлгүйгээр дроны туршилт хийж олон нийтийн аюулгүй байдалд халдах зэрэг эрсдлийг бий болгожээ. Тиймээс улс орнууд дэвшилтэт шинэ технологийг турших, нэвтрүүлэх суурь орчныг бүрдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зорилгоор туршилтын чөлөөт бүс (Dron testing zone, Geo zone) байгуулан, нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжихээр зорьж байна.