Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ХХМТГ, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан мэдээлэл хийлээ

2021.12.10

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Та бүхний мэдэж байгаачлан, энэ оны 10 дугаар сарын 1-нд “e-Mongolia 2.0” нээсэн. Өнөөдөр бид “e-Mongolia” системд 57 байгууллагын 574 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүнээс 138 нь лавлагаа, тодорхойлолт байгаа. Лавлагаа, тодорхойлолтыг дунджаар 2-3 минутад “e-Mongolia”-р авах боломжтой. Мөн 436 олон шатлалт үйлчилгээ байна. Олон шатлалт үйлчилгээ нь иргэн хүсэлтээ гаргаад төрийн байгууллага тухайн хүсэлтийг нь дотоод процессороо шалгаад, хариуг нь өгдөг 436 үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрсэн байгаа. Өнөөдөр “e-Mongolia” 1.9 сая хэрэглэгчтэй буюу насанд хүрсэн хүмүүсийн 86 хувь нь энэ системийг идэвхтэй ашиглаж байна. Үүнээс 806,826 хүн гар утасны аппликейшныг ашиглаж байна. Бидний хувьд нийслэл хотын болон улсын хэмжээнд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна аймаг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. “e-Mongolia” төслийн баг хөдөө, орон нутагт ажиллаж байгаа бөгөөд одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг “e-Mongolia” -д орууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 1000 гаруй үйлчилгээ цахимжсан гэж хэлж болно.

Бид хөндлөнгийн судлаачидтай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд “e-Mongolia” систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш нийт 64.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ. Бид энэ оны 12 дугаар сарын 20-нд салбарын статистик, судалгааг танилцуулна. Тухайн үед бид ямар судалгааны аргачлалаар яаж энэ дүнгүүд гарч байна вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.  Мөн бид энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд төрийн 600 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “e-Mongolia”-ийн хувьд өдөр тутам хөгжүүлэлт, сайжруулалт хийгдэж байна. “e-Mongolia” систем гэлтгүй төрийн цахим шилжилттэй холбоотой бид “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тун удахгүй батлуулах гэж байна. Эдгээр хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа. Мөн иргэн төрийн байгууллага хооронд бичиг цаас бариад гүйх шаардлагагүй болж байгаа. Хэрвээ төрийн алба хаагч танаас төрд байгаа мэдээллийг шаардвал өөрөө хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт орж байгаа. Үүний зэрэгцээ, нууц хэмээх зэрэглэлтэй 67 төрлийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ил болгож байна. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын хүний нөөц мэдээлэл гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой хууль байгаа.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн тухайд гэвэл Ардчилсан нийгэмд иргэн төрд өөрийнх нь ямар мэдээлэл байгааг хянах, тэрхүү эрхээ эдлэх гол хууль гэж ойлгож болно. Бидний хувьд Монгол Улсын иргэнийн мэдээлэл рүү хэн нэгэн халдсан, ялангуяа төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээлэлд халдах гэж оролдвол тухайн иргэнд “e-Mongolia”-р мэдэгдэл буюу notification очих болно. Тухайн иргэн энэ хүн миний мэдээллийг үзэх эрхгүй гэж үзвэл “e-Mongolia”-р гомдол гаргаж болно. Энэ чиглэлийн технологийн хөгжүүлэлт нь “e-Mongolia” дээр хийгдээд явж байна. Хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц “e-Mongolia” дээр тухайн хөгжүүлэлт нь иргэнд ил харагдаад явна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хувьд Монгол Улсын иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр технологи ашиглан гэрээ, хэлэлцээ хийх боломжууд бий болоод явна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хувьд гэвэл Монгол Улсад 15, 16 жил батлагдаж чадаагүйн улмаас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болж чадаагүй. Иймд бид энэ хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэний мэдээллийн аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл тодорхой болно.

ЭМНЭЛГИЙН ЦАГ АВАХ, ШИНЖИЛГЭЭ ХАРИУ ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, “E-MONGOLIA”-Д НЭГТГЭЛЭЭ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Цахим Засаглалыг бий болгох, Авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалын бий болгох зорилтын хүрээнд Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид “e-Mongolia” -д эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг иргэн цахимаар авахад бэлэн болголоо. Үүнд, ЭМЯ-ны харьяа 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэг, III шатлалын улсын эмнэлгүүдийн үйлчилгээг авах бэлтгэл ажил бол бүрэн хангагдлаа. Тодруулбал,

  • Эмнэлгийн цаг авах: Орон нутгийн иргэд урьдчилж цаг авах боломжгүй байсан бол энэ үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” апп ашиглан орон нутгаас ирэх хугацаагаа тохируулан, эмнэлгээ сонгож, үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 1707 иргэн “e-Mongolia” апп-р эмнэлгийн цаг авсан байна.
  • Шинжилгээний хариуг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан харах бүрэн боломжтой болсон. Бид анх 2016 онд анхны лабораторын шинжилгээнүүдийн дэд бүтэц болох программ хангамжуудаа хийсэн. Үүний суурь дээр бид “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгсөн шинжилгээнийхээ хариуг авах бүрэн боломжийг бүрдүүллээ.
  • Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээг “e-Mongolia”-с авах боломжтой болсон.
  • Вакцины гэрчилгээ. Вакцин хийлгэсэн бүртгэлтэй холбоотой алдаа гарсан тохиолдолд та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандах, Гадаадад вакцин хийлгэсэн бол нотлох баримтаа харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв хандаж, бүртгүүлэн, дараа нь “e-Mongolia” -с авах бүрэн боломжтой.
  • Эмнэлгийн магадалгаа
  • Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
  • Дархлаажлсан QR батламжийг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгөх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 550,465 хүн ашигласан байна.
  • Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг “e-Mongollia”-с авах боломжийг бүрдүүлж байна.
  • Хөдөлмөрийн чадвар бүрэн түр алдсан эмнэлгийн хуудсыг бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “e-Mongolia” нэгдсэн системд оруулах бэлтгэл ажлыг хангаад ирэх 7 хоногоос иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлж байна.

2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн “Цахим эрүүл мэнд-2” төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформыг угсрах ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байна.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, “E-MONGOLIA”-Р ДАМЖУУЛАН ИРГЭНД ХҮРГЭСНЭЭР 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭЛЭЭ

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн томоохон үйлчилгээний байгууллага. Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг дотор нь задалбал, 150 үйлчилгээ – лавлагаа болдог, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, хоригуудтай холбоотой Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, харьяат сэргээсэн, гэрлэлт гээд энэ бүртгэлээс бусад бүх бүртгэлийг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 59 төрлийн лавлагаа орсон байна. Үүний 22 нь лавлагаа, 37 нь хоёр шатлалтаас дээш үйлчилгээ орсон байна. Бид үйлчилгээнүүдээ гурван төрөлд хувааж үзэж байна. Нэгдүгээрт 100 хувь онлайн буюу иргэн компьютер, гар утаснаасаа үйлчилгээгээ 100 хувь цахимаар авах, Хоёрдугаарт, хагас хүргэлттэй буюу “e-Mongolia”-р дамжуулан захиалгаа өгөөд иргэд өөрийнхөө гар дээр хүргэлтээр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо авах, гуравдаарт, хоёр талдаа хүргэлттэй үйлчилгээ буюу төрсний бүртгэл зэрэг үйлчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна.

Цахим шилжилт гэдэг бол хамгийн гол нь үйлчилгээний процессыг сайжруулах явдал байдаг. Яг өнөөдрийн байдлаар зургаан үе шат алхмаар гадаад паспортын захиалга явагддаг. Үүнийг бид дөрвөн алхамтай болгосон. Энэ тохиолдолд бид нэлээн хэдэн судалгаа хийсэн. Иргэн улсын бүртгэлтэй холбоотойгоор бид 9 төрлийн 18 үйлчилгээг үзүүлж байна. Эндээс харахад иргэнээс  213 сая төгрөгийн  хэмнэлтийг бий болгосон гэсэн дүгнэлт гарсан.

Хуулийн этгээдийн бүртгэл дээр бид өнөөдрийн байдлаар 4 төрлийн 11 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байна. Үүнд хуулийн этгээдийн байгуулах ажлыг 100 хувь цахимжуулсан байгаа бөгөөд хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт бид, хуулийн этгээдийн гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн.

Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой хүргэлтийн үйлчилгээнүүдийг оруулсан. Ингэснээр “e-Mongolia” системд захиалга өгөөд холбогдох эх нотлох баримтаа хүргэлтээрээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээрээ үйлчилгээ бүрэн төгс хийгдэнэ. Одоогоор эд хөрөнгөтэй холбоотой 5 үйлчилгээ “e-Mongolia”-д орсон байна.

“e-Mongolia”-р дамжуулан Улсын бүртгэлийн байгууллага 1.1 сая лавлагаа, тодорхойлолт үйлчилгээг иргэнд үзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл “ХУР” системд орж, төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцдог болсноор 2021 оны эхний хагас жилээр 202 сая гаруй удаа бусад төрийн байгууллагуудад мэдээллээ хэрэглүүлсэн байна. Үүний цаана, ямар процесс болж байна гэвэл төрд өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, төрийн бусад байгууллага улсын бүртгэлийн байгууллага руу иргэдийг явуулахгүйгээр 202 сая гаруй удаа мэдээллийг татаж авсан байдаг. Бусад байгууллагатай мэдээллээ солилцох буюу дундын мэдээллийн сан болсон “e-Mongolia” гэдэг платформ дээр үндэслэн нөгөө талд нь буй “ХУР” мэдээллийн сан дээр хадгалагдаж буй мэдээллийг бусад байгууллагатай уялдуулан холбох асуудал нэлээн өндөр түвшинд хийгдэж байгаа гэдэг тоо баримт гарсан байна. Нийт үнийн дүнгээрээ иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн үр дүнд хүрсэн байна. Задалж харвал, иргэн улсын бүртгэлийн байгууллага ирэх, очих унааны зардал, бүртгэлийн үйлчилгээний тарифууд, тодруулбал, энэ оны 07 дугаар сарын 01-ээс цахим лавлагааг тодорхойлолт бүгд үнэгүй болсон, бусад нотариат, зураг авах зэрэг үйлчилгээнүүдийг тооцоод хамгийн багаар бодоход 13 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.

Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллага ирэх оноос тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага дээр иргэнийг таних биеийн давхцахгүй өгөгдөл бол хурууны хээ, регистрийн дугаар, бүртгэлийн дугаар байдаг. Хууль 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц тоон гарын үсэг бол интернэт, цахим орчинд танигдах давхардахгүй дугаар болж өгнө. Бүх нэгжээрээ дамжаад тоон гарын үсэг иргэн бүрт олгох ажил эхэлнэ. Иргэн бүрт хоёр тоон гарын үсэг олгоно. Нэг нь иргэний үнэмлэхтэй холбогдох бол нөгөөх нь e-passport-той холбогдоно. Улсын бүртгэлийн ерөнхий байгууллага 2022 оноос цахим гадаад паспорт нэвтрүүлж эхэлнэ. Цахим гадаад паспорт дээр тоон гарын үсгийн дэд бүтцийн систем шууд хэрэглэгдэнэ.

2022 оноос хойш Регистрийн дугаар биш Бүртгэлийн дугаар буюу давхардахгүй 12 оронтой тоогоороо иргэнийг таньж баталгаажуулна. Регистрийн дугаар нь хөгжлийн шатанд тодорхой хэмжээгээр шаардлага хангахгүй болж байна. Тодруулбал, иргэний улсын бүртгэл дээр хүйс өөрчлөгдсөний бүртгэл хэмээх шинэ бүртгэл орж ирсэн. Хэрвээ энэ бүртгэлийг хийлгэвэл дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын сүүлийн хоёр орон нь эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Шүүхээр ямар нэгэн байдлаар насаа тогтоолгох зэргээр регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл байдал бий. Мэдээллийн санд регистрийн дугаар өөрчлөгдөх бололцоо хуулиараа байдаг учраас энэ нь давхацгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах нэг түлхүүр байж чадахгүй болж байна. Иймээс бүртгэлийн дугаарыг өнөөдөр Монгол Улсад хүүхэд төрмөгц бүртгэлийн 12 оронтой тоог олгож байгаа. Иргэний үнэмлэх солигдох зэрэг ямар нэгэн байдлаар энэ 12 оронтой тоо өөрчлөгдөхгүй. Татвар төлөгч бас 12 оронтой тоогоор явж байгаа энэ мэтчилэн бусад бүх бүртгэлийн дугаарыг нэгтгээд Монгол Улсын иргэн бүр нэг л бүртгэлийн дугаараараа цаашид үйлчилгээ аваад явах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Регистрийн дугаарын мэдээллийн сангаас устгахгүй. Хэрэглээ дээр бүртгэлийн дугаарыг ашиглана гэсэн үг.

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСАНААР 487 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ

 

Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар А.Энхманлай: Газрын харилцаатай холбоотой үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон талаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын дарга А.Энхманлай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар нь газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, газрын харилцааны мэдээллийг цахим бүртгэлд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд газрын цахим шилжилтийн программ хангамжуудыг нэвтрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хүргэх, иргэдийн хүнд сурталд өртөж буй асуудлыг шийдэх зорилгоор газрын үйлчилгээнүүдийг цахммжуулах ажлууд хийгдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн газрын харилцааны байгууллагууд, нийслэлийн газрын албад, дүүргүүдийн газрын албад болон 330 сумын газрын даамал www.egazar.gov.mn цахим системд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал болон чөлөөт бүсийн газрын асуудал тус системд багтсан.

Уг систем нь төрийн бусад системтэй мэдээлэл солилцдог. egazar.gov.mn-ээр дамжаад e-Mongolia систем рүү үйлчилгээнүүдээ холбож өгч байгаа.

Газрын харилцаатай холбоотой бичиг баримт, шийдвэрүүд нь QR кодоор баталгаажсан гэрчилгээ, кадастрын зураг гэсэн бусад лавлагаа мэдээллийн хэрэгслүүдийг дамжиж авна.

Манай системд 64 үйлчилгээг нэвтрүүлсэн байгаагаас өнөөдрийн байдлаар 45 үйлчилгээг e-Mongolia системд хүргүүлсэн.Иргэд газрын харилцаатай холбоотой 35 үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон. Үүнд,

  • 5 нь мэдээлэл, лавлагаа
  • 30 нь газрын үйлчилгээ багтаж байна.

Цаашид үлдсэн 19 үйлчилгээг энэ ондоо багтаан е-Mongolia системд бүрэн хамруулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг гэрээг цахимаар авах боломжийг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд олгосон. Өнөөдрийн байдлаар 21,118 иргэн, хуулийн этгээд тус үйлчилгээг авсан байна. Ингэснээр 487 сая төгрөг хэмнэжээ.

Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Дархан_Уул_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудын хамтарсан мэдээллийн технологийн нэгдсэн экспо зохион байгуулагдаж, технологийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим шийдлийг таниулан сурталчиллаа. Мөн Дархан-Уул аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагуудад төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцож байна. Сайд Н. Учрал Дээд түвшний уулзалтын хүрээнд “Цахим шилжилт-Ирээдүйн замнал” болон “Цахим Засгийн газар-Бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, зорилт, сайн туршлагаас хуваалцав. Мөн энэ үеэр тэрээр АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав. Сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын ХЭГ болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хоёр орны Засгийн газар албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлж байгааг зарлах ёслолын арга хэмжээнд оролцоно. Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар анх санаачлан 2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд инновац, дэвшилтэт технологийн шийдэл, боломжуудыг ашиглах, Засгийн газруудын хамтын ажиллагааг хангах, туршлага солилцох боломжуудыг нээх зорилготой механизм юм. Энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 300 гаруй сайд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга К.Шваб, Дэлхийн банкны ерөнхийлөгч А.Банга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Гиоргиева зэрэг 80 гаруй олон улсын байгууллагын тэргүүн, нобелийн шагналтан, эрдэмтэн судлаачид болон “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч Сэм Алтман, Гүүгл компанийн Ерөнхий захирал асан Эрик Шмидт зэрэг технологийн салбарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид бүхий 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ 2021.11.23 Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм. Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ