
ҮЙЛ ЯВДАЛ
“Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав
2022.02.24

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” УТҮГ-ийн удирдлагууд өнөөдөр /2022.02.24/ 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, “Цахим жишиг аймаг” концепцыг танилцууллаа. Энэ 2022 онд тус яамнаас 21 аймгийг цахимжуулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Уг албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллах юм. Хурлыг нээж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийг бодлогын түвшинд дэмжиж, “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт бид 21 аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс та бүхэнд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний хамгийн эхний шалгуур нь бол цахимжилт байгаа. Өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон байна. Мөн найман аймаг нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулчихсан байна. Ирэх 03 дугаар сарын 15-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө” гэдгийг онцлов.
Үүний дараагаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав.
Тэрбээр “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа – 2050”, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр -2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсан гэдгийг онцлов. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, Инновац, үйлдвэрлэл, Хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын цахим шилжилт улс орон даяар хийгдэх ёстой ажил гэж харж байна. Нийслэл төдийгүй 21 аймаг цахимжиж байж бид “Цахим Үндэстэн” болох зорилтоо биелүүлнэ. Иймээс 21 аймгийн удирдлагууд үүнд манлайлж ажиллахыг уриалсан юм.
Үүний хүрээнд Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөнө. 5G технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээ, цахим худалдаа, логистик, шуудангийн олон улсын транзит тээврийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан өргөтгөн хөгжүүлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах тал дээр далайцтай ажил төлөвлөж байгааг мэдээлсэн юм.
21 аймгийн удирдлагуудтай хийж буй цахим хурлын үеэр “И-Монгол” академийн захирал Л.Энхбат “Жишиг цахим аймаг” концепцийг танилцуулсан юм. Тэрбээр аймгуудыг өөрсдийнх нь онцлогт тохируулан цахимжилтийн ажлыг хийхээр төлөвлөж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 8 аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжсан байгаа бөгөөд цаашид бүх аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, ойрын хугацаанд төрийн алба хаач болон иргэд олон нийтэд сургалт зохион байгуулна. Төрийн үйлчилгээ нэгдсэн төвийг аймаг бүрт байгуулах, мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгоно гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн тус яамны Бодлогын газрын дарга З.Гантогоо олон улсын жижиг хот, аймгуудын цахимжилтын туршлагын талаарх мэдээллийг өгсөн юм.
Мөн цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, цахим гарын үсгийн тухай хуулийн онцлох заалтуудын талаарх мэдээллийг өглөө.
Хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлагууд асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ цахимжилтийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцууллаа. Цаашид жилд дөрвөн удаа цахимаар хуралдаж, ажлын явцын талаар санал солилцож байхаар болов.
Бусад мэдээ


Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
ҮЙЛ ЯВДАЛ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ 2022.09.07 МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөгийг хэмнээд байна. Гэсэн ч илүү үр дүнд хүрэх нөөц бололцоо бий юм. Хэмнэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үргүй зардал хэмнэгдэх, зөв менежмент бүхий сайн жишээ зарим салбарт хэрэгжих боломжтой байна. Тэдний нэгэн жишээ бол технологийн шийдэл ашиглан 500 гаруй мянган хэрэглэгч, 18.000 жолоочийг нэгтгэсэн, УБ хотоос гадна 5 аймгийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг ханган ажиллаж буй UB cab компани юм. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тус компани олон тэрбум төгрөгийн зардалтай төрийн албан хаагчдын тээврийн хэрэгслийн хэрэгцээнд өөрийн үйлчилгээгээ нэвтрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах боломж бий гэдгээ танилцуулж хамтын ажиллагаа нэгэнт эхэлсэн юм. Харин өнөөдөр энэ чиглэлд хийгдэж буй ажлын явц, судалгааны үр дүн, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг төрийг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа оролцогч талууд онцолж байлаа. ЦХХХЯ-ны салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж авлигал, хүнд суртлыг бууруулахын төлөө ажиллана. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Амазон компани дэвшилтэт технологийн шийдэл болох MK30 дроныг хүргэлтэд ашиглана
Амазон компани Италийн Сан Салво хотод дрон хүргэлтийн анхны туршилтаа амжилттай хийжээ. Туршилтад тус компанийн хамгийн сүүлийн үеийн автоматжуулалт өндөр загвар болох MK30 дроныг ашигласан байна. Энэхүү загвар нь саад тотгорыг даван туулах чадвартай бөгөөд бусад онгоцноос зайлсхийхийн тулд компьютерийн харааны дэвшилтэт технологиор тоноглогджээ. Прайм Эйр Итали нь 2025 онд дээрх аргачлалаар арилжааны үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөж байна. MK30 дрон нь 5 фунт (2.27 кг) хүртэл жинтэй бөгөөд АНУ-д Beyond Visual Line of Sight (BVLOS) ажиллуулах зөвшөөрөлтэй аж. Амазон компани нь 2025 онд дээрх үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх зорилгоор Италийн эрх баригчидтай хамтран ажиллаж байна. Эх сурвалж: Technology innovation