Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

2022.03.01

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Үүний зэрэгцээ, тус яамны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нарт “Цахим жишиг аймаг” концепцийг танилцуулсан юм. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж юм. Иймд дэлхийн улс орнуудын жижиг хотууд хэрхэн цахим шилжилтийг хийж, өөрсдийн амьдралыг хөнгөвчилж, хотынхоо асуудлыг шийдвэрлэсэн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

BSI групп 2014 онд “Ухаалаг хот” хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тус ойлголтоор бол Ухаалаг хот гэдэг нь IOT буюу маш олон тооны мэдрэгчийн ашиглаж, цуглуулсан дата мэдээлэлдээ үндэслэсэн олон тооны цахим үйлчилгээг хэрэглэгчид болон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид санал болгодог ерөнхий архитектур гэж ойлгож болно.

Тухайлбал, АНУ, Флорида, St Pete хэмээх жижиг хот нь хотынхоо автозамын зогсоолын асуудлыг амжилттай цахимжуулж, шийдвэрлэж чаджээ. Тус хотын автозамын зогсоол бүр мэдрэгчтэй. Мэдрэгч нь сул зогсоол байгаа эсэхийг гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлдэг ажээ. Түүнчлэн хотын захиргаа нь хаана, ямар сул зогсоол байгаа эсэхийг хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Харин иргэд гар утасны аппликейшныг суулгаснаар сул зогсоолыг төвөггүйхэн олох юм.

 Австрали улс, Сидней хот – Замын төлбөр тооцооны систем (IoT + AI + GIS + Video)

Тус хот нь хотоос гарах, орох хөдөлгөөн, зарим хурдны зам тойрсон том замуудын төлбөр тооцооны асуудлыг ухаалаг системийн тусламжтайгаар шийдсэн байна. Сидней хотын нэвтрүүлсэн энэхүү туршлага нь дэлхий дахинд сайн туршлага гэгддэг. Тухайлбал, туннел доогуур гарах болгонд автомашины төлбөр тооцоо автоматаар бичигдэж, системд бүртгэлтэй жолоочийн банкны данснаас төлбөр нь хасагддаг ажээ. Зарим иргэд хотын төвийн түгжрэлтэй замаар бус хот тойрсон замаар төлбөрөө төлөөд хүрэх газраа хурдан шуурхай хүрэх тохиолдол бий. Хотоос гарах хураамжуудын асуудлыг нь мөн энэ байдлаар шийдсэн байдаг. Түүнчлэн тухайн төлбөртэй замаар хамгийн их явсан нь хамгийн өндөр төлбөрийг төлдөг зарчим үйлчилдэг.

Шинэ Зеланд улс, Аукланд хот – Авто замын торгуулийн систем (IoT + AI + GIS + Video)

Тус систем нь замын гэрлэн дохио улаан ассан үед тээврийн хэрэгсэл авто замын цагаан шугамыг давсан тохиолдолд асфальтан зам дээр суулгасан мэдрэгч ажиллаж тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг.

Австрали улс, Мельбурн хот – Авто зогсоолын систем (IoT + GIS)

Австрали хотын Мельбурн хотын нэвтрүүлсэн системийн тусламжтайгаар жолооч нар хаана, аль зогсоод хэдэн цаг үнэгүй тээврийн хэрэгслээ байршуулж болох талаарх мэдээллийг харах боломжтой. Энэхүү системийг гар утсандаа л суулгахад хангалттай. Ингэснээр таны гар утсанд үнэгүй зогсох хугацаа дуусаж байгаа талаарх мэдэгдэл ирнэ.

Хятад улс, Шинжөү хот – Ухаалаг гарц

Ухаалаг утасны хэрэглээ их болсон энэ үед зам тээврийн осол ч багагүй гарах болсон. Тэгвэл БНХАУ-ын Шинжөү хот замын гарцыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Тодруулбал, ногоон гэрэл асаж, явган хүний хөдөлгөөнийг нээх үед тухайн гарцын гэрэл асна. Ингэснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан аж.

Испани улс, Мадрид хот – Хог хаягдлын удирдлагын систем (IoT + AI + GIS)

Испани улсын Мадрид хотын удирдлагууд хот хаягдлын асуудлаа шийдэхийн тулд томоохон хогийн саванд мэдрэгчүүдийг байршуулжээ. Тухайн мэдрэгч нь хогийн савын ашиглалт, дүүргэлт хэр байгаа талаар хяналтын системдээ мэдээлэл өгдөг. Хэрэв хогийн савны хог дүүрвэл хяналтын системд мэдээлэл нь ирж, хогийг ачдаг. Мөн хотын захиргаа хяналтын системийн тусламжтайгаар дээрх асуудлаа хянах боломжтой.

Хятад, Шэньчжэнь хот – Цэвэршүүлэх байгууламжийн систем (IoT + Video + AI + GIS)

БНХАУ-ы Шэньчжэнь хот цэвэрлэх байгууламжийн системээ цахимжуулсанаар усны бохирдол, үйлдвэрлэлийн ачааллыг хянах боломжтой болжээ. Тодруулбал, тус систем нь гол руу нийлүүлж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа эсэхэд хяналт тавьж, төв систем рүүгээ мэдээллээ илгээдэг юм байна. Мэдээлэл илгээгдмэгц хяналтын төв нь тухайн мэдээлэл бодит эсэхийг шалгаад тодорхой арга хэмжээ авдаг ажээ.

Их Британи, Нью Касл хот – Усны түвшин, бохирдол хянах систем (IoT + GIS + Cloud)

Нью Касл хот усны түвшин, бохирдол хянах системийг нэвтрүүлжээ. Тус систем нь барилга усанд автах, гамшгийн үеийн зарлан мэдээлэх системтэй аж. Мөн үерийн усны түвшнийг хэмждэг. Үүний зэрэгцээ аль байгууллага нь гол руу бохирдол илүү нийлүүлж байна вэ гэдгээс хамаараад татвар ногдуулдаг юм байна.

Итали улс, Салерно хот – Ухаалаг бордоо, усалгааны систем (IoT + GIS + Cloud Видео)

Салерно хот ухаалаг бордоо, усалгааны системийг хөдөө аж, ахуйн салбартаа нэвтрүүлжээ. Тус систем нь хөрсний чийг болон бордооны хэмжээг мэдэрч, хэмждэг бөгөөд усжуулалтын системтэй холбогджээ. Бордооны систем нь хөрсөнд бордоо багассан үед өөрөө автоматаар хэмжээг нь тааруулдаг аж. Харин хэрэглэгч гар утасны аппликейшнээрээ систем хэрхэн ажиллаж байгааг хянах боломжтой.

Шинэ зеланд, Велленгтон – Ухаалаг фермерийн систем (IoT + GIS + Cloud)

Веллингтон хот ухаалаг фермерийн системийн тусламжтайгаар мал тооллого, бэлчээрийн хяналтын асуудлыг цахимжуулсан байна. Тус системийн тусламжтайгаар малчин гар утсаараа малынхаа байршлыг хянах, тооллого хийхээс гадна бэлчээрийн хяналтыг хийх боломжтой.

АНУ, Вашингтон муж – Ухаалаг эрчим хүчний систем (IoT + GIS + Cloud)

АНУ-ын Вашингтон мужийн нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний систем дэлхий дахинд сайн жишгийн тоонд зүй ёсоор ордог. Тус систем нь өрх бүрийн цахилгааны хэрэглээний мэдээллийг сар тутмын тогтсон өдөр мэдээллийн төв систем рүүгээ илгээдэг. Харин иргэд гар утасны аппликейшнээрээ цахилгааныхаа хэрэглээг хянах боломжтой. Барууны орнууд ахуйн хэрэглээндээ хий ашигладаг тул тус систем нь хийн түвшнийг мөн адил хэмжиж, аюулгүй байдлыг давхар хянадаг.

Дубай хот – Ухаалаг хяналтын төв

Дээр дурдсан бүхий л ухаалаг систем,  мэдрэгчүүдийг ашиглан цугларсан датад суурилсан үйлчилгээнүүдийг хянадаг дэлхийн нийтэд жишиг болсон төв бол Дубай хотын хяналтын төв системийг онцолж болох юм. Тус хяналтын төв системээс цахимжсан бүхий л үйлчилгээний хяналтыг хийж, асуудал гарвал шуурхай шийдвэрлэх боломжтой ажээ.

Ухаалаг хотыг хүний биетэй адилтган үзвэл хүн биеийнхээ бүхий л эд эсийг мэдрээд шийдвэр гаргалтаа хийдэгтэй адил хот маань бүрэн цахимжсан тохиолдолд хүний бие шиг ажилладаг боломж үүсэх юм.

 

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтанд БНСУ-ын Eрөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Сайд Н.Учрал энэ үеэр “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан. Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.

Сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2023.12.28) “Стресс менежмент болон ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь” сэдэвт сургалтыг нийт албан хаагчдад зохион байгууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавъяатад хүндэтгэл үзүүллээ

Салбартаа олон жил, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан салбар агентлагийн анхны эмэгтэй захирал Д.Даника, Монгол Улсын зөвлөх инженер, Тэнгэр-Уул Констракшин ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхбаяр болон Юнител ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд нарт өнөөдөр (2024.01.03) ЦХХХ-ны Сайд Н.Учрал, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар хүндэтгэл үзүүлж, хүлээн авав. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавьяатад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Мөн ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар салбараас шагнагдсан гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд та бидний хамтын манлайлал, түүчээ чухал болохыг дурдаад амжилт хүсэн, хамтран ажиллахаа илэрхийлэв. Гавьяат холбоочин Д.Даника, Г.Энхбаяр, Р.Ганболд нарын зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид боловсон хүчний тогтвортой байдлыг ханган, салбартаа чин сэтгэлээсээ ажиллаж буй албан хаагчдыг дэмжин ажиллахыг хүсэж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буй явдалд яамны удирдлагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.