Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, өөрчлөлт хийх болсон тухай танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр /2023.05.16/ Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамдын 3000 орчим албан хаагчдад төслийг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

Пусан хотын консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгууллаа

БНСУ-ын Пусан хотод 10 мянга орчим Монгол иргэн оршин сууж байна. Тус хотод суугаа консулын газраар сард мянга орчим Монгол иргэн үйлчлүүлдэг. Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, “Хурдан” цэгийг байгууллаа. Ингэснээр тус хотын Монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авч эхэллээ. Иргэд бичиг, баримт бүрдүүлэхдээ итгэмжлэх авах, Монгол руу хамаатан садандаа захих, шуудангаар авах гээд хугацаа их зарцуулдаг байсан бол одоо төрийн үйлчилгээний” Хурдан” цэг ойртож, амар, хялбар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ

ҮЙЛ ЯВДАЛ Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ 2022.09.22 Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Нийтийн мэдээллийг нээлттэй болгохдоо нээлттэй өгөгдөл хэлбэрээр үүсгэж, нээлттэй өгөгдлийн тодорхой шаардлагуудад нийцүүлэн нийтэлж буй нь нийтийн мэдээллээс гадна нээлттэй өгөгдлийн салбарт суурь ойлголтуудыг нь эрх зүйн хүрээнд тодорхойлж, төрийн байгууллагууд жишиг нээлттэй өгөгдлийн санг бий болгох алхмыг нээсэн юм. Нээлттэй өгөгдөл бол дан ганц төрийн өгөгдлийн тухай асуудал биш цаашдаа бизнесүүд тодорхой өгөгдлөө нээлтэй болгох, иргэд өгөгдлөө нээлттэй ашиглуулах зэргээр хөгжих шаардлагатай. Цаашлаад нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэх замаар шинэ өгөгдөл гарган авах, өгөгдлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтууд бий.Өгөгдлүүд нээлттэй болсноор бид тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх, зөв гарц гаргалгаа олох боломжтой болох юмЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор дараах эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо. 1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Төрийн удирдлагын хэв маяг өөрчлөгдөж авлигыг бууруулж, ил тод байдлыг бүрдүүлнэ.2. Төрийн нээлттэй өгөгдөл нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тодорхой асуудлаар түргэн шуурхай шийдвэр гаргаж, оновчтой зохицуулалт хийж төр иргэний хооронд харилцааны шинэ хэв маяг төлөвшүүлнэ.3. Бизнес эрхэлж буй гарааны компани, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас олон талт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно. Ингэснээр зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, инновацад суурилсан эдийн засгийн шинэ сектор бүрдүүлэх боломжийг нээнэ.4. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг үнэн зөв бодитойгоор тодорхойлох, бодит дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.Тиймээс ЦХХХ-ны яам, Үндэсний статистикийн хороо ажлын хэсэг байгуулж нээлттэй өгөгдлийг бий болгох ажилд хамтран ажиллана.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ