Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллалаа

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2023.04.10/ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, асуултад хариуллаа. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлага, албан хаагчид оролцлоо.

ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо 2022.08.31 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр  сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм.  БОЛОВСРОЛ 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль АЖЛЫН ТУРШЛАГА 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан. ОНЦЛОХ АЖЛУУД Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -г нэвтрүүлэв. e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1284 үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж нэгтгэгдээд байна. E-Mongolia систем нь өнөөдрийн байдлаар 1.9 сая идэвхтэй хэрэгчидтэй болсон бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэд болон хуулийн этгээдэд хүргээд байна. Цахим хөгжлийн багц хуулиудыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цахим хөгжлийн багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2022 оны 05-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраар 13, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 7, нийт 20 журмыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Цахим үндэстэн” бодлогын бичиг баримт бичгийг боловсруулж батлуулав. Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлэн Цахим үндэстэн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулав. Уг бодлогын бичиг баримт нь дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн  стратегийн зургаан том зорилттой. Цахим үндэстэн – Digital Nation арга хэмжээг зохион байгуулав. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга болох ICT EXPO-г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 нэр дор 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав. Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэв Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хүйсийн тэнцвэрийг хангах, ирээдүй хойч үеэ технологийн салбарт дурлуулах, хүүхэд залуусын сонирхлыг ХХМТ-ийн салбарт татах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрөөр 2021 онд 30 охидыг амжилттай хамруулсан бол 2022 онд 50 охидыг тус хөтөлбөрт хамруулсан. Бусад салбарын хөгжлийг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэв Засгийн газрын цахим хуралдааны системийг амжилттай нэвтрүүлснээр түргэн шуурхай болсон. Үндэсний их баяр наадмын тасалбарыг анх удаа цахимаар борлуулав. Ингэснээр иргэд хүндрэл чирэгдэлгүй болсон. Боловсролын салбарт иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэдэг байсан цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэлийг цахимаар бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргав Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сайн туршлага судлах, мэдээлэл технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор олон улсын байгууллагууд, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд болон донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, харилцаа холбооны салбарын хууль эрх зүй, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, шуудан холбооны чиглэлээр Дэлхийн шуудангийн холбооны байгууллага, Ази номхон далайн шуудангийн холбооны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглүүлж хэвших зорилгоор Майкрософт компанитай хямд үнийн хэлэлцээрийг амжилттай хийж байна. Цаашилбал мэдээллийн технологийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Google, Meta зэрэг дэлхийн нэр хүнтэй компаниудтай гадаад харилцаагаа өргөжүүлж байна. Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлд Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Америкийн сансар судлалын байгууллага (NASA), Сансрын техник, технологийн тэргүүлэгч компани Space X, ОХУ-ын сансар судлалын улсын үйлдвэрийн газар Роскосмос, олон улсын сансрын холбооны байгууллага Интерспутник зэрэг байгууллагуудтай ажиллаж байна. Түүнчлэн цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эстони Улсын Цахим засаглалын академи, Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамтай тус тус хамтран ажиллах санамж байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг донор байгууллагуудтай харилцан уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж байна.  ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр томилогдлоо.  Тэрбээр 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн.  Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан.  БОЛОВСРОЛ ЕБС-ийн 54-р сургууль ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр АЖИЛ 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27 Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай. ТАВИГДАХ ШААРДЛАГА • Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх • Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг /5009718233-Хаан банк Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана. • 30 суралцагч элсүүлнэ. • Шалгалт: математик, физик, эсээ бичлэг СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372