Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдэгдэл

2022.05.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан. Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Иймд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Түүнчлэн Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Цахим хөгжил харилцаа, холбооны яам хариуцдаггүй бөгөөд уг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Булган аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагай нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Цахим Булган” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан талаар мэдээлэл өгч, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим аймаг бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ … Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу, Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ “Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв….”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь 2021.05.27 Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ.