Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

2022.05.10

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллийг оролцуулан байгуулсан. Ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд өнөөдөр (2024.01.05) төсөл танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хуулийн төсөлд ХХЗХ-оос оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн саналыг, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн судлаач, менежер Я.Сувданчимэг “Үндэсний роуминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломж” судалгааны ажлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийв. Уулзалтаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК, Ондо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 30 орчим холбогдох албаны төлөөлөл танилцуулга, мэдээллийн хүрээнд санал солилцлоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт боллоо

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн. Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тус яамны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгалуурлалтыг “Мэдээлэл технологийн үндэсний паркийн “Цахим ур чадвар олгох төв”-д нээлттэй зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар нийт 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд 10 оролцогчийг бүртгэж, 8 оролцогч сонгон шалгаруулалтад оролцлоо.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Өвөрхангай аймагт үргэлжилж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын ахалсан ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах талаар ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Ганболд болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар хэлэлцлээ. Хөдөө сумдад иргэн бүр ухаалаг утас, өндөр хурдны интернэт ашиглах боломжгүй учраас иргэд цахим үйлчилгээ авахаас илүүтэй өөрийн биеэр очиж үйлчилгээ авах эсвэл Киоск машиныг ашиглахыг илүүд үзэж байна. Тиймээс эхний ээлжид иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг тус аймгийн удирдлагууд хэлж байна. Түүнчлэн “ХУРДАН” цэгийг сум бүрт нээх, киоск машины тоог нэмэгдүүлэх, иргэдийн цахим урч чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах шаардлага байгааг онцоллоо. Тус аймаг нь “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд “Цахим-Өвөрхангай” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төсөлд Ухаалаг засаглал, Ухаалаг төрийн үйлчилгээ, Ухаалаг иргэн, Ухаалаг орчин зэрэг дөрвөн зорилтын хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Төрийн байгууллагуудын интернэтийн хурд, дотоод сүлжээг сайжруулах, Гэрэгэ Системс ХХК-тай хамтран орон нутагт киоск машиныг нэмэгдүүлэх, “Хурдан” цэгийн тоог нэмж улсын хэмжээнд 504-т хүргэх, Иргэдийн цахим боловсролыг нэмэгдүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. Дээрх ажлын хэсэг 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулна.