Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

2022.05.10

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Бусад мэдээ

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Сансрын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Сансар судлалыг хөгжүүлэхэд хийгдэж байгаа ажлууд, тулгамдсан асуудлууд, зөвлөлийн гишүүн байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт мөн сансар судлалын салбартаа шинээр хэрэгжүүлж эхэлсэн болон хэрэгжүүлэх боломжтой ажлууд гэсэн шинэ сэдвүүдийг хэлэлцүүллээ.

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн хамгийн том үндэсний тэмцээн “КАНСАТ-2024” энэ амралтын өдрүүдэд (2024.05.26) Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар амжилттай зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд нийт 26 багийн 130 оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний бичил хиймэл дагуул хөөргөн өрсөлдсөн юм. Тэмцээний “КАНСАТ” төрөлд: I байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / II байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / III байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж// Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / Тэмцээний “БУЦАГЧ” төрөлд: I байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/ II байр: АРАВТ 2 /Батлан хамгаалахын их сургууль/ III байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/ тус тус шалгарлаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инноваци хөгжлийн газар ШУА-ийн Одон орон Геофизикийн Хүрээлэн Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology Park MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Space Academy Mongolia Оролцогч байгууллага, их сургуулиуд: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж” We Mongolia Тэмүүжин өрлөг Томүжин Алтернатив Сургууль Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль We Mongolia Шинжлэх ухааныг дэмжин, ивээн тэтгэсэн байгууллагууддаа баярлалаа. ДДИШ ТВ ХХК Ондо Спэйс ХХК Инженер геодези ХХК Infinity Tech Store Optimal Nmax

Хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр /2024.12.09/ боллоо.  Хурлын эхэнд “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “И-Монгол академи” төрийн албан хаагчдын цахим шуудан харилцааны соёлыг нэвтрүүлж, Засгийн газрын хурлын системийг шинэчлэх, төрийн байгууллагын вэб сайтуудыг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн ERP системийг цомхон болгох, хөгжүүлэлт хийв. Тодруулбал, Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэх ажил бүрэн дуусаж, 3 байгууллагад тест хийж, 16 яам, 34 агентлагийн админуудад сургалт зохион байгууллаа. Мэдээллээ оруулах хугацаа олгож, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хуучин вэб сайтын домэйн нэрийг хаах юм. Тэр болтол хуучин сайт нь архивын шинжтэй ажиллана. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд “Чимэгэ” болон “Аствишн” ХХК-тай хамтран ажиллаж байна. Эхний байдлаар 2025 оны нэгдүгээр улиралд дээрх шилжилтийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн” хэмээн онцоллоо. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Төрийн байгууллагуудын нэгдсэн вэб сайтыг сайжруулах, нэмж хөгжүүлэлт хийх, яамдын дарга, харьяа газар, салбар байгууллагуудын түвшинд тест хийж, мэргэжлийн багаар зөвлөх үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Админаар дамжин халдлага үйлдэх нь нэмэгдсэн энэ үед олон админтай байх нь өндөр эрсдэл дагуулна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн ярилаа. Дроны туршилтын бүс байгуулах 5-6 байршлыг тогтоож, эхний ээлжид Дархан-Уул аймаг, Баянзүрх Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Тендер зарлагдаж, ТЭЗҮ хийгдэж байна. Зориулалтаас нь хамаараад зүүн, баруун, говийн бүсэд туршилтын бүс байгуулах боломжтой. Ингэхдээ Батлан хамгаалах, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд туршилт хийгдэх юм. Харин энгийн зураг, бичлэг хийдэг сонирхоргчийн дроныг хязгаарлах газрыг тусгаж, системд нь суурилуулна. Мөн дроны операторыг БНСУ-тай хамтран бэлтгэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар оператор бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Түүнчлэн гадны улсууд үйлдвэрлэж буй дроноо турших орон зай Монголд бий. Япон, Солонгос зэрэг дрон үйлдвэрлэгч орнуудад онгоц нисдэггүй агаарын орон зай, агаараа экспортлох тухай ч яригдаж байна. Дроны хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд холбоотой хуулийг хаврын УИХ-ын чуулганаар оруулахаар төлөвлөж байна. Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийг нийслэлийн лавлахтай нэгтгэх ажлыг Засгийн газраас үүрэг болгосон. “Ухаалаг засаг” төслийн хүрээнд 1111 төвийг нэвтрүүлж байсан. Харин 2013 оноос нийслэлийн бүртгэлийн системийг хөгжүүлж, иргэдээс ирсэн санал, гомдол, өргөдлийг ангилж, холбогдох дарга нартай нь цахимаар холбож, асуудлыг шуурхай шийдвэрлэж иржээ. Тиймээс 1111 төвийг стресс тайлагч газар бус санал, гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэдэг төв болгохоор дээрх шинэчлэлийг хийж байна. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд дижитал шилжилтийг эрчимжүүлэх, цаасгүй засаг, төрийн байгууллагуудын вэб сайтыг нэгтгэх, дроны туршилтын бүс байгуулах, аппле пэй нэвтрүүлэх зэрэг 6 ажлыг үүрэг болгосон. Мөн төрд байгаа мэдээллийг дахин нэхэхгүй байх, тоон гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэх, И-Монголийн кодыг экспортлох, энэ чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах, шинэ санаачилга нэвтрүүлэхээр ажиллаж байна. ЦХИХХЯ-наас дээрх ажлуудыг эрчимжүүлж, гүйцэтгэл өндөр байна. Түүнчлэн сайдын шуурхайг дижитал хэлбэрт шилжүүлж,  дарга нарын ирцийг дашбоардад оруулж, нэгтгэх үүрэг чиглэл өглөө. Төрийн албан хаагчдад мэдээлэл нь нээлттэй байдаг, дотоод менежментээ нэмэгдүүлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, уламжлалт арга барилаасаа салж 2025 оноос сайдын шуурхай хурлыг дижитал байдлаар хийх үүрэг өглөө.