Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

2022.05.01

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.

“Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ

Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо уулзалтын хэсгээс: (2023.04.23 СБД) Иргэдээс ашигт малтмалын лиценз эзэмшил, газар олголт, барилгын зөвшөөрөл, тусгай сангуудад юу болж буйг мэдэх хүсэлтүүд ирсээр байна. Нутаг оронд нь хэний өмчлөлийн компани уурхай нээж, гэрийнх нь хажууд ямар компани барилга барьж, аль байгууллага, комисс ямар үндэслэлээр хэзээ, хэрхэн зөвшөөрөл олгосныг хардахаас илүү харах, мэдэх нь иргэдийн бодит шаардлага юм. Энэ шаардлагыг “Шилэн” ажиллагаа хангана. Нууц гээд байдаг мэдээллүүдийг технологийн шийдлээр алган дээр тавьсан юм шиг ил тод болгох “Шилэн” ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлнэ. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Гагцхүү иргэд ил тод болсон мэдээлэлд хяналт тавьж, оролцоотой байж эрүүл агаар шиг нийгмийг бүтээлцэнэ. Шилэн ажиллагааны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн иргэд, төрийн албан хаагчидтай “Шилэн төр, Цахим шилжилтэд таны оролцоо уулзалтыг ЦХХХЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс өнөөдөр /2023.05.15/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ажлын дэд хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, ажлын хэсгийн гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Ү.Амарбат, ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамдын 3000 гаруй албан хаагчид оролцлоо.