Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бичил хиймэл дагуул хөөргөх "Кансат - 2022" үндэсний V тэмцээн Ням гарагт болно

2022.06.03

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, ШУТИС, МУИС, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголсат нетворкс компани тус, тус ажиллаж байна.

Тэмцээнд зориулагдсан нийт 5 нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал,

  • Нийтийн тээвэр № 1, 2, 3:  2022 оны 06 дугаар сарын 05-ны 08.00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө.
  • Нийтийн тээвэр №4: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Хорооллын эцсийн буудлаас хөдөлж, хойд чиглэлийн автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэж өгөх юм.
  • Нийтийн тээвэр №5: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Саппорогийн буудлаас хөдөлж, төв зам дагуух автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэх юм.

Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

ҮЙЛ ЯВДАЛ Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар 2021.06.03 Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2022 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутаны тоо 1 Хиймэл дагуулын холбоо ба байршил тогтоох хиймэл дагуулын систем Satellite Communications and Global Navigation Satellite System (GNSS) Магистрын хөтөлбөрт 2-3 оюутан Докторын хөтөлбөрт 1-2 оюутан 2 Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) 3 Бага оврын хиймэл дагуулын технологи Micro-satellite Technology Хугацаа: Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар Докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань); Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу); 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзийн төлбөр (зөвхөн 1 удаа олгох); Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ); Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.) Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Ажлын газрын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж); Бүтээл, судалгааны ажлын жагсаалт Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ Гадаад паспортын хуулбар Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/ Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт /татаж авах/ Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас /татаж авах/ Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас /татаж авах/ Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 100 тоот Холбоо барих хаяг: Утас: 11-323945, 99083475 /мэргэжилтэн Б.Заяабаяр/ Цахим шуудан: fr@mddc.gov.mn zayabayar@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн алба хаагчийн тангараг өргөлөө

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн алба хаагчийн тангараг өргөлөө 2021.12.24 Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 3 алба хаагч тангараг өргөлөө. Тодруулбал, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Харилцаа холбооны сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадолгор, Цахим хөгжлийн газрын Мэдээллийн технологийн аудит, харилцаа холбооны дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Н.Чулуунчимэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Г.Хонгорзул нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 3, 8, 11-т заасныг тус тус үндэслэн зохион байгуулав. Share on facebook Share on twitter Бусад мэдээ