Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2022.06.15

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны бүс нутгийн төслөөс хамтран “МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт худалдаатай холбоотой чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, цахим худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн нийт 65 байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим худалдааны хууль, эрх зүйн орчин болон өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр суурийг илэрхийлсэн.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд цахим худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой дараах  хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Тодруулбал,

  • “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Венийн конвенц
  • “Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай” Брюселлийн конвенц
  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц
  • Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (2022.04.28) зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна.

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа”-г хийсэн судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн

  • 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн;
  • 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга;
  • 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа;
  • 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн;
  • 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга;
  • 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ.

Цахим худалдааны сувгийг төрлөөр нь ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь цахим хуудас /amazon, Taobao/ 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж. Цар тахлын улмаас иргэд эрүүл, аюулгүй амьдралын хэв маяг баримтлахыг илүүд үзэх болсон төдийгүй аливаа үйлчилгээг цахимаар захиалан худалдан авах болсон нь цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг илүүтэй хурдасгасан. Гэсэн хэдий ч иргэдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт очиж биечлэн худалдан авахыг илүүд үзэх, цахим технологийн талаарх мэдлэг чадвар дутмаг, итгэлцэлийн асуудал, аюулгүй байдал, нууцлал, техникийн зэрэг асуудлаас болоод цахим худалдаанд төдийлөн оролцож чаддаггүй ажээ. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадвар, мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор үндэсний аян зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цаашид цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, цахим худалдааны мэдээлэл, нарийвчилсан статистик үзүүлэлт бүхий нэгдсэн санг бий болгох, хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банкнаас цахим худалдааны судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгөх ажээ.

Бусад мэдээ

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Энэ жил 16 дах удаагаа зохиогдож буй тус арга хэмжээний онцлог нь олон улсын хэмжээнд, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн цахим шилжилтийн санаачилга, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийг гадаад орны төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээхэд оршиж байна. “ICT EXPO – Mindgolia 2023” үзэсгэлэнгийн хүрээнд олон төрлийн арга хэмжээний зохион байгуулагдаж байгаагаас бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, дижитал эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцэх “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Тажикстан улсын Аж үйлдвэр, шинэ технологийн сайд Исожон Курбонзода, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн төлөөх технологи хариуцсан захирал, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зөвлөх Томас Эйбэл, Олон Улсын Харилцаа холбооны нийгэмлэгийн Азийн бүс хариуцсан захирал Ацуко Oкуда тэргүүтэй 40 гаруй зочид, БНЭУ, БНХАУ, Япон, Итали, Австрали, Лаос, Канад Франц, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсуудын улсын элчин сайд нар, Амазон, Гүүгл, Дэлл, Навер, Хуавей гэх томоохон байгууллагуудын удирдах түвшний 21 төлөөлөгчид болон Монголын үүрэн холбооны болон мэдээллийн технологийн бизнесийн төлөөллүүд уг арга хэмжээнд оролцож мэдээлэл солилцлоо. Тус хэлэлцүүлгээр цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал болох талаар санал нэгдэж, Монгол Улсын энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалт, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар танилцуулга хийлээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалтыг Мэдээллийн аюулгүй байдал, Тоон гарын үсэг, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, “Албан бичиг солилцооны дундын систем” зэрэг сэдвийн хүрээнд хийж, цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ хийх аргачлалыг танилцууллаа.

“Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар санал солилцлоо. Өвөрхангай аймаг нь “Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд холбогдох яамнаас бодлого арга зүйн зөвлөгөө авах шаардлага байгааг онцолж, хамтран ажиллахаар боллоо. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, тэдний мэдээллийн систем болон сүлжээний аюулгүй байдлыг сайжруулж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвших, интернэтийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр саадгүй авах нөхцөл сайжрах зэрэг томоохон үр дүнг хүлээж байгаа юм.