Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

2022.08.18

Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Уг кодыг хэрэглэснээр хаягийн мэдээлэл алдаатай байсан ч код зөв тохиолдолд илгээмж төөрч цаг алдахгүй, шуурхай хүргэгдэх бөгөөд дэд (авто тээвэр, авто зам болон аялал жуулчлалын бүс нутаг), статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол зэрэг олон нийтэд чухал, шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлэх юм. Шуудангийн нэгдсэн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn, zipcode mongolia гар утасны аппликейшн, 1800-1613 тусгай дугаараас авах боломжтой.

Бусад мэдээ

Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation 2021” энэ сарын 17-19-ний өдөр болох гэж байна. Урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарч, олон улсын шинжтэй зохион байгуулагдах тус арга хэмжээнд үндэсний 100 гаруй байгууллага оролцож, дижиталчлалын эрин үетэй хэрхэн хөл нийлүүлж буйгаа, улс орны алс хэтийн хөгжлийн зураглал, төлөвлөгөөтэй дэлгэн үзүүлэх юм. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбартаа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй цуврал ярилцлага хийж буй билээ. “Юнител” группын Гүйцэтгэх захирал Д. Энхбат: Цахим шилжилт хийснээр дотоодын нийт бүтээгдэхүүн тав дахин өсөх боломжтой Юнител компани 2006 онд байгуулагдан, үйл ажиллагаа явуулж эхлэхэд айл өрхийн интернэтийн хурд одоогийнхоос  бараг 100 дахин бага байсан. Тэр үетэй харьцуулахад бид одоо дэлхий ертөнцтэй 100 дахин хурдан холбогдож, мэдлэгийг 100 дахин хурдтай олж авч байна гэсэн үг. Сум суурин газруудад хүмүүс цахилгаан холбоон дээр очиж, сансрын хиймэл дагуулаар ярьдаг байсан бол одоо багийн түвшинд 4G интернэт ашиглаж байна. Технологийн түвшинд хүмүүс хоорондоо ийн холбогдож буйгаараа бид дэлхийн топ 50 улсын нэгт тооцогддог. Биднийг анх энэ зах зээлд нэвтрэхэд нийт хүн амын 40 хувь нь үүрэн телефон хэрэглэж байсан бол одоо 120 орчим хувьд хүрсэн. Юнител бий болсноор өрсөлдөөн бий болж, үнэ тариф, бүтээгдэхүүн үйлчилгээ дагаад боловсронгуй болж, сайжирсан. Тэр үед нийт зах зээлийн 80-90 хувийг эзэмшиж байсан томоохон үүрэн компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай тул санхүүгийн үр ашиг нь менежментийн түвшиндээ гадагшаа чиглэлтэй байсан. Өнөөдөр харин Юнител, Скайтел, Жи-мобайл бүгд монгол хөрөнгө оруулагчидтай, монгол инженерүүд ажиллаж, монгол хүмүүс  удирдаж байна. Үүгээрээ бүхий л нөү- хау маань монголчуудын чадавх болж дотооддоо шингэж,  мэдлэг ур чадвараараа  дэлхийд өрсөлдөх сууриа бэлдэж байна гэж ойлгодог. Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой тохиож буй энэ үед бид салбартаа оруулсан хувь нэмрээ ийн дүгнэж байна. Өнөөдөр Монгол Улс цахим үндэстэн болох зорилго тавиад байна. Энэ ажлыг Засгийн Газрын таван том зорилтын нэг болгож, мэдээлэл технологийн салбар хөгжлийн хурдасгуур хэмээн тодорхойлж, Ерөнхий сайд нь манлайлан ажиллаж буй нь маш том дэвшил гэж харж байна. “Government to consumer” буюу төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах энэ процесс маш хурдацтай явж байна. Үүний хажуугаар бид бүтэц, зохион байгуулалтаа сайжруулж “Business to business” гэх зах зээлийг өргөжүүлж, үүндээ төвлөрөн цахим шилжилт хийж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн, тухайн салбарын ашгийг 5 дахин өсгөх ач холбогдолтой юм. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн салбарт бид судалгаа, шинжлэх ухааны статистик, өгөгдөл дээр суурилан оновчтой арга хэмжээ аваад явбал маш их үр дүн гарна. Усалгааны систем, шавж устгалын арга барил зэргийг их хэмжээний датан дээр тулгуурлан шийдвэрлэдэг бизнесийн хэлбэр лүү шилжвэл тариа хураалтыг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой. Эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй, уул уурхайн салбаруудыг ойрын хугацаанд ийнхүү технологийн тусламжтай инновацжуулан, 3-5 жилийн төсөл хэрэгжүүлэхэд бодит үр дүн гарна. Боловсрол, эрүүл мэндийн салбар ч мөн богино хугацаанд маш боловсронгуй хөгжинө. Ингэхийн тулд засгийн түвшинд салбарын сайд нарын манлайлал хэрэгтэй байна. Юнител хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг 2016 оноос хойш ашиглан, хөгжүүлж байна. Үүнийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч компаниудын нэг юм. Зөвхөн технологийн компаниуд ч биш бусад бүх салбарынхан хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, цахим шилжилт хийх хүсэл мөрөөдөлтэй байгаа. Улс орны хэмжээнд энэ ажлыг тодорхой түвшинд хэдийн хэрэгжүүлж эхэлсэн. Ийм дэвшилтэт, чухал цаг үед Digital Nation 2021 арга хэмжээг зохион байгуулж буй нь төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг болох нь. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийж, дижитал шилжилтийн асуудлаар төр, хувийн хэвшлүүд ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих ач холбогдолтой гурван өдөр болох гэж байна. “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Боломжийг алдахгүйн тулд бүгдээрээ ширээ тойрч суугаад ярилцах хэрэгтэй Монголыг Цахиурын хөндий болгоё, оюуны экспорт хийе, IT салбараа хөгжүүлье, эдийн засгаа солонгоруулъя гэж бид сүүлийн 20 жил ярьсан. Бодитой өөрчлөлт явагдахгүй байж байгаад сүүлийн 3,4 жилд төр, хувийн хэвшлийн үйлчилгээ эрчимтэй цахимжиж байна. Хүн бүр E-Barimt ашиглаж, E-Mongolia аппликэйшнээр дамжуулан төрийн үйлчилгээг авч, ихэнх бүртгэлийн ажлууд цахимжлаа шүү дээ. Банк, санхүүгийн салбарынхан ч ялгаагүй цахим шилжилтэд онцгой ач холбогдол өгсний үр дүнд иргэд гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийх, дансаа шалгах, цахимаар зээлээ авах, дэлгүүрт ороод гар утаснаасаа бүх тооцоогоо хийдэг болсон. Харин Ард Санхүүгийн Нэгдэл өнгөрсөн хугацаанд Ард Аппликэйшныг нэвтрүүлж, салбаргүйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогоор Ард Апп дээр 1.3 сая хэрэглэгч бүртгүүлж, үүнээс 120 мянган хүн аппаар дамжуулан хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцож, АрдКойныг эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Түүнчлэн тэтгэврийн хуримтлал үүсгэсэн иргэдийн тоо 60 мянгад, манайхаас гар утсаараа зээл авдаг хэрэглэгч 50 мянгад хүрсэн. Салбартаа манлайлагч байгууллагын хувьд бид бүхэн Digital Nation арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн, дараагийн алхмуудаа зарлахаар зэхэж байна. Тухайлбал, UBX.mn үнэт цаасны биржийн нээлтийг энэ үеэр хийнэ. Шинэ хөрөнгийн бирж гарч ирснээр өрсөлдөөн үүсч,үйл ажиллагаа нь цахимжина, цаашлаад монголчууд биржийн хувьцаа эзэмших боломж гарч ирж байна. Түүнчлэн Монголын нууц товчооны NFT хувилбарыг Digital Nation арга хэмжээний үеэр Засгийн газарт гардуулж өгнө. Үүнээс гадна бид дараагийн том алхмаа олон нийтэд зарлах юм. Манай компани монголчуудыг хөрөнгө оруулагч үндэстэн болж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгвэл Ард Санхүүгийн Нэгдэл олон улсыг байлдан дагуулж, цахим гүрнийг бий болгох дараагийн ажлаа эхлүүлсэн. Төвлөрсөн бус санхүүгийн шинэ технологиудыг Монголд нэвтрүүлэх цаашлаад дэлхийн зах зээлд гарах ажлууд шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Ард апп, Ард койн, DAX-аар Хойд Америкийн зах зээлд гарахаар бэлтгэл ажлуудаа базааж байгаа. Монголчууд 800 жилийн өмнө зэр зэвсэг, эр зориг, хамтын ажиллагаагаар их гүрнийг байгуулж байсан бол 21-р зуунд бид цахимаар, мэдлэгээр үүнийг хийх гэж байна. Одоогоор төвлөрсөн бус санхүүгийн шинэ технологийг зохицуулах хууль, эрх зүйн орчин Монголд хараахан бүрдээгүй байна. Жишээ нь, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл өгнө гэж яриад байгаа. Төр зохицуулалт хийнэ гэхээсээ эхний ээлжинд тайланг нь аваад олон нийтэд эрсдэлтэй, эрсдэлгүй гэдгийг мэдээлэх хэрэгтэй. Мэдэхгүй болохоороо зохицуулах нэрийдлээр хориглочихож болохгүй. Нөгөө талаас хүмүүс мөнгөө алдах эрсдэлтэй учраас зүгээр орхиж бас болохгүй. Энэ тогтолцоонд хувь хүн ашиг хийсэн ч, алдагдал хүлээсэн ч хариуцлагаа өөрөө үүрнэ гэдгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэлж байна. Би ч тэрийг дэмждэг. Төр өөрөө хариуцлага үүрч болохгүй. Харин эрсдэлийг олон нийтэд таниулж, тэдний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй. Энэ мэтчилэн цахим шилжилт, шинэ технологитой холбоотой

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой. 150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ. Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана. Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Technology innovation

Монгол Улс цахим хөгжил, инновацын чиглэлд Казахстан Улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Габит Койшибаевыг өнөөдөр (2024.08.28) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Казахстан Улсад Монгол Улсын олон стартап компани бойжиж, хөгжиж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Казахстан Улс нь цахим хөгжил, инновацийн чиглэлээр дэлхийд үлгэр жишээ орноор тооцогдож байгаа бөгөөд Ази тивийн стартап компаниудыг бойжуулж, дэлхийд гарахад дэмжиж ажиллаж буйг онцлоод Монгол Улсын стартап компаниуд Казахстан Улсад үйл ажиллагаа явуулах, Астана Hub –д туршлага солилцох хүсэлтэй байгааг уламжлав. Мөн Монгол Улсын Засгийн газар бүх яамд, төрийн байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж Казакстан улсын туршлагаас хуваалах хүсэлтэй байгааг онцлов. Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүүд хандаж, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан, бүх яамд, төрийн байгууллагуудын нэгдсэн платформтой болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Казахстан Улсын зүгээс иргэдийн цаг хугацааг хэмнэсэн төрийн үйлчилгээг цахимжуулсан туршлага, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болон бусад олон асуудлаар туршлага хуваалцах, цаашид мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэлд дэмжин ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.