Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо.

Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр  сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм. 

БОЛОВСРОЛ

  • 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг
  • 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
  • 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг
  • 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
  • 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
  • 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч
  • 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх
  • 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач
  • 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан.

ОНЦЛОХ АЖЛУУД

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -г нэвтрүүлэв.

e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1284 үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж нэгтгэгдээд байна. E-Mongolia систем нь өнөөдрийн байдлаар 1.9 сая идэвхтэй хэрэгчидтэй болсон бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэд болон хуулийн этгээдэд хүргээд байна.

  • Цахим хөгжлийн багц хуулиудыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цахим хөгжлийн багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2022 оны 05-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраар 13, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 7, нийт 20 журмыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  • “Цахим үндэстэн” бодлогын бичиг баримт бичгийг боловсруулж батлуулав.

Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлэн Цахим үндэстэн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулав. Уг бодлогын бичиг баримт нь дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн  стратегийн зургаан том зорилттой.

  • Цахим үндэстэн – Digital Nation арга хэмжээг зохион байгуулав.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга болох ICT EXPO-г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 нэр дор 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав.

  • Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэв

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хүйсийн тэнцвэрийг хангах, ирээдүй хойч үеэ технологийн салбарт дурлуулах, хүүхэд залуусын сонирхлыг ХХМТ-ийн салбарт татах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрөөр 2021 онд 30 охидыг амжилттай хамруулсан бол 2022 онд 50 охидыг тус хөтөлбөрт хамруулсан.

  • Бусад салбарын хөгжлийг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэв

Засгийн газрын цахим хуралдааны системийг амжилттай нэвтрүүлснээр түргэн шуурхай болсон.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг анх удаа цахимаар борлуулав. Ингэснээр иргэд хүндрэл чирэгдэлгүй болсон.

Боловсролын салбарт иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэдэг байсан цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэлийг цахимаар бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

  • Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргав

Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сайн туршлага судлах, мэдээлэл технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор олон улсын байгууллагууд, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд болон донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, харилцаа холбооны салбарын хууль эрх зүй, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, шуудан холбооны чиглэлээр Дэлхийн шуудангийн холбооны байгууллага, Ази номхон далайн шуудангийн холбооны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.

Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглүүлж хэвших зорилгоор Майкрософт компанитай хямд үнийн хэлэлцээрийг амжилттай хийж байна. Цаашилбал мэдээллийн технологийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Google, Meta зэрэг дэлхийн нэр хүнтэй компаниудтай гадаад харилцаагаа өргөжүүлж байна.

Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлд Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Америкийн сансар судлалын байгууллага (NASA), Сансрын техник, технологийн тэргүүлэгч компани Space X, ОХУ-ын сансар судлалын улсын үйлдвэрийн газар Роскосмос, олон улсын сансрын холбооны байгууллага Интерспутник зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

Түүнчлэн цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эстони Улсын Цахим засаглалын академи, Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамтай тус тус хамтран ажиллах санамж байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг донор байгууллагуудтай харилцан уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж байна. 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр томилогдлоо.

 Тэрбээр 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан. 

БОЛОВСРОЛ

  • ЕБС-ийн 54-р сургууль
  • ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр

АЖИЛ

  • 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн
  • 2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист

Бусад мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх үйл ажиллагааг өнөөдөр (2023.12.28 ) зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЦХХХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Батцэцэг нар оролцон, төрийн жинхэнэ албан хаагч болж, төрийн албаны нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж буй нийт албан хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн, төрийн захиргааны албан тушаалд анх томилогдон ажиллаж буй ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийт 6 албан хаагч тангараг өргөв.

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

ҮЙЛ ЯВДАЛ 100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ 2021.01.27 Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ. 350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна 2022.03.08 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн байна. Тус хүний нөөцийн судалгаанд салбарын 151 байгууллагын захирал, удирдлага, инженер техникийн 286 ажилтнууд оролцсон байна. Судалгаанд хамрагдагчдын мэдээллийг авч үзвэл 64.2 хувь нь эрэгтэй ажилчид байсан бол 35,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг харвал 2020-2021 оны хичээлийн жилд 31,161 оюутан төгссөнөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 887 оюутан төгсжээ. Үүнээс 72,2 хувь нь эрэгтэй оюутан бол 27,8 хувь нь эмэгтэй оюутан байна. Харин бакалаврын зэргийг нийт 25,727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн байна. Үүнээс 591 буюу  70,07 хувь нь эрэгтэй, 229 буюу 29,93 хувь нь эмэгтэй оюутан байна. Магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь мэдээллийн технологийн оюутан байна. Үүнээс 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй бол 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутнууд байна. Олон улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт ажиллах хүчинд эзлэх хувиас доогуур байна. Тухайлбал 2018 оны байдлаар Канад улсад тус салбарын ажиллагчдын 25 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол Герман улсад 17.1% байна. Харин Сингапурт нийт ажиллах хүчинд эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь хэмжээ 45 орчим хувь байдаг бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 30%-ийг л эзэлдэг байна (IMDA, 2019). Хятад улсад тус чиглэлээр ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй байна. Ерөнхийдөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ нь мэргэжлийн дэд бүлгүүдээс ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, программ хангамж хөгжүүлэх, програмчлалын чиглэлээр ажил эрхэлдэг компанид эмэгтэй ажиллагчид хамгийн бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуйгаар их хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерүүдийн 89 хувь нь эмэгтэйчүүд байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ