Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

2022.09.01

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар яамны албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцаж байсан Л.Энх-Амгалан шинээр томилогдсон сайд Н.Учрал болон дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт ажлын амжилт хүсэж, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Яамны удирдлагууд шинээр томилогдсонтой холбогдуулан газар, хэлтсүүдийн бүтэц бүрэлдэхүүн, ажлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд зарим мэдээллийг нээлттэй болгох талаар хуульчилсан. Энэ мэдээллийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх, одоогоор 266 мянган иргэнд тараагдаад байгаа тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хурдасгаж ажиллах, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгож, хамтарч ажиллахыг уриалсан юм.

Бусад мэдээ

Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг байгууллаа

БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр сард ойролцоогоор 500 гаруй Монгол иргэн үйлчлүүлдэг. Хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ авах гэж ирсэн иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах хэрэгцээ гардаг. Тиймээс тус төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгууллаа. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

“Ekids” шийдэл ашиглалтад орлоо

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үүссэн эрсдэлт нөхцөл байдлуудаас сургамж авч, цаашид энэ байдал давтагдахгүй, даамжрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хамтран ажиллаж байна. Технологи хүүхдэд ээлтэй байх ёстой. Энэ ч үүднээс өнгөрөгч долоо хоногт хүүхэд хамгааллын чиглэлд “Ekids” шийдлийг бүтээж, эцэг эхчүүдэд үр хүүхдээ хянах, хөдөлгөөн, байршлыг нь тодорхойлох, яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, мэдээлэл солилцох, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх боломж бүрдүүлэхийг “И-Монгол” академид үүрэг болгосон. Мөн үүрэн холбооны оператор компаниуд буюу Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компаниудад хандаж “E-Mongolia” болон “Ekids”-д нэвтрэхэд дата огт шаардахгүйгээр бүх хэрэглэгч ашиглах боломж олгохыг уриалсан билээ. Энэ санаачилгууд биеллээ олж хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл өнөөдрөөс ашиглалтад орж байна. E-Mongolia-д Ekids цэс нэмэгдэж байна. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл төдийгүй 1.6 сая хэрэглэгчтэй төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia апп-г дата шаардахгүй, үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг үүрэн холбооны оператор компаниуд хамтран олгож байна. Энэ хүрээнд Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагууд болон миний бие нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарч ажиллахаар тохиролцлоо. Урьд нь “E-Mongolia” платформоор зөвхөн насанд хүрэгчид үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо “Ekids” шийдлийн хүрээнд 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой боллоо. Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад гарч ирэх QR кодыг эцэг эхийнх нь аль нэг нь өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн уншуулах юм. Ингэснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьсан үедээ ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх боломжтой болж байна. Мөн цахим орчны хүүхэд хамгаалал, яаралтай тусламж авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөгөө байршсан Ekids цэсийг нэмэлтээр хөгжүүлсэн. Хэрэв гэнэтийн болзошгүй аюул учрахад яаралтай тусламжийн 102, 103, 108 утаснуудад шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэл илгээх боломж бүрдлээ. Ekids цэсээр дамжуулан хүүхэд гадуурхалт, цахим дарамт зэрэг гэмт үйлдлүүдийн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх боломжтой юм.

Харилцаа холбооны 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн сан хөмрөг

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталснаар Монгол Улсад телефон холбоо үүссэн түүхтэй. Энэхүү телефон станц нь Соёлын өвд бүртгэгдсэн “Анхны холбооны байшин”-д байрлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тэртээ 1913 онд  Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад гурван сар зочлохдоо телефон утасны аппаратыг ихээхэн сонирхож байж. Үүнийг нь анзаарсан Оросын Николай хаан түүнийг нутаг буцахад нь 25 номерын гар багтаамжийн станц бэлэглэсэн үеэс манай улсын харилцаа холбооны түүх эхэлсэн гэлтэй. Монгол Улсад харилцаа холбоо үүссэн цаг үеийн анхны морзын аппаратнаас эхлүүлээд гар аргаар холбодог телефон станц, гудамжинд байрлуулдаг шуудангийн төмөр сав гэх мэт маш сонирхолтой үзмэрүүдийг 20 метр квадрат хүрэхгүй өрөөнд байрлуулжээ. Учир нь Холбооны анхны байшинд байрлаж байсан музей 1996 оноос хойш Баянгол дүүргийн 19 хороонд байрлах “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байрны нэг өрөөнд байрласан нь энэ. Иймд бид удаад Монголын харилцаа холбооны түүхийг өгүүлэх “Харилцаа холбооны түүхэн замналын музей”-гээр зочилсон юм. Ерөнхий сайд Т.Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан дээрх байшинд суурилуулсан тухай түүх болон дурдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. Харин өдгөө “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд байгааг дурдах нь илүүц биз. Тэнд Сайн ноён хан Намнансүрэнгийн хэрэглэж байсан телефон утас, суурин батерейтэй телефоны аппарат, “Рассвет” радио хүлээн авагч, морзын аппарат, VEF-TSB (3)-2 маркийн хагас автомат станц, шуудангийн төмөр сав гэх мэт музейн сан хөмрөгт 300 гаруй үнэт бүтээл, 120 гаруй номын фонд, 2000 фото зураг хадгалагдана. Энэхүү үзмэрүүдийг нүдний цөцгий мэт хайрладаг хүн бол эрхлэгч Г.Шаравдэмбэрэл. Тэрбээр өөрийнхөө амьдралыг энэхүү музейтэй холбоод даруй 25 жилийг үджээ. “Музейн үзмэрүүдээ ширхэгчлэн нүдлэн хамгаалж, өөрийнхөө хүүхдүүдийн түүхийг ярьж байгаа мэт хаана юу байгааг бүгдийг нь цээжээр үүх түүхтэй нь хэлж чадна” хэмээн бахархана. Тэнд Харилцаа холбоо, шуудангийн бүхэл бүтэн нэгэн зууны түүх бий. Сонирхолтой жишээ дурдвал, шууданг энгийн, яаралтай, маш яаралтай хэмээн ангилдаг байж. Шуудан дээрээ шувуу зурчихсан, доор нь нис нис гээд биччихсэн байвал “Маш яаралтай шуудан”-д тооцогдож, морин дэл дээрээс хүргэдэг байж.   Харилцаа холбоо, шуудангийн бүхэл бүтэн нэгэн зууны түүх бий. Музейд дийлэнхдээ ахмадууд ирж, үзвэрүүдийг хараад хуучнаа дурсдаг гэнэ. “Би ингэж ажиллаж байлаа, энэ ийм байсан” гээд л хуучилна.  Үүнээс гадна сүүлийн үед дунд сургуулийн  хүүхдүүд ирж үздэг болжээ. Хоёр, гурван сургууль холбогдох хичээлийн программдаа музейгээр зочлох арга хэмжээг багтаасан тул хүүхдүүд  ихэвчлэн мэргэжлийн чиг баримжаа авах зорилгоор ирж байгаа аж. “1898 оноос хойш хөгжсөн 100 гаруй жилийн түүхийг өнөөдрийн өдрийг иртэл манай үе үеийн холбоочид тухайн шаардлагатай үедээ ажил үйлчилгээгээ явуулж, холбооны үйлчилгээний чухлыг ард түмэндээ хүргэсээр ирсэн. Энэ түүхийг л хадгалж, ард түмэндээ мэдүүлэх зорилгоор манай музей ажиллаж байна” хэмээн Г.Шаравдэмбэрэл гуай хуучлав. Өнгөрсөн хугацаанд музейн сан хөмрөг, үзмэрийг зорин очсон цөөн тооны хүмүүс л сонирхдог байсан бол музейн зориулалтаар Холбооны анхны байшиндаа нүүж, олон нийтийн хүртээл болох өдөр тун удахгүй ирэх нь ээ.