Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо

2022.09.13

2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг I” төсөл Монгол улсын Засгын газрын Хэрэг Эрхлэх газрын дэргэд амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан хоёр дахь төсөл болох “Ухаалаг засаг II” - н талаар Дэлхийн банк болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам санал солилцлоо.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй цахим үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжсэнээр төрийн бүх шатны байгууллага дотроо, өөр хоорондоо, төрийн байгууллагаас иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах орчин нөхцөлийг бүрдүүлэн хэвшүүлж, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна төрийн цахим үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, аюулгүй байдлыг сайжруулж, үүлэн тооцооллын нэгдсэн систем ашигласнаар төсвийн хэмнэлт хийх ач холбогдолтой.

Мөн 10,000 иргэн, 3,000 төрийн албан хаагчийн дижитал ур чадварыг нэмэгдүүлснээр дижитал шилжилтийг хурдасгахад эерэг үр дүн гарна гэж тооцож байна.

Бусад мэдээ

Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв

ҮЙЛ ЯВДАЛ Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв 2021.02.21 Монгол Улс тоон технологи рүү шилжих туршилтыг 2010 оноос эхлүүлсэн. Тодруулбал, 2010 оны 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар дахь 50кВт-ын богино долгионы /HFB-8047/ 7260кГц-ийн давтамж дээр ажилладаг станц дээр DRM нэвтрүүлэгчийг суурилуулж туршсан юм. Туршилтанд DRM DMOD3 өрнүүлэгчийг ашиглан 50кВтын /HFB-8047/ аналоги станцын оролтонд холбон DRM дохиогоор модуляцлав. Энэ станц нь DRM-д тохиромжгүй учраас гаралтын чадлыг хянахын тулд DRM дохионд зөөгч дохиог ашигласан бөгөөд аналоги станцын хувьд үр дүн нь тооцоолсноос сайн гарч, DRM гаралтын чадал 15 кВт-д хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, аналоги 50кВт-ын станц DRM 15кВт чадалтай тэнцсэн юм. Ийнхүү 15 кВт-ын чадалтай болсон DRM богино долгионы тархалтын хамрах хүрээ нь антенны хэлбэрээс хамаараад дохиог бараг 600км алсад хүлээн авч сонсож байсан ба 600-аас дээш км алсад, тухайлбал: Говь- Алтайд маш их гажилттай сигналын хүлээн авалт хийгдсэн бөгөөд ялангуяа шөнийн цагаар нэг суваг дээр Хятадын их чадлын нэвтрүүлэгч маш хүчтэй нөлөөлж байсан. Иймд DRM модуляцийг (16QAM) буюу чадалтай горимд шилжүүлэхэд үр дүн нь үнэхээр гайхмаар, аналоги суваг шиг их гажилттай, Монголын үндэсний радиогийн өргөн нэвтрүүлгийн модуляци аналоги горимд осциллографт дүрс нь бараг л танигдахгүй, DRM горимд дууны/сигналын/ хүлээн авалт цэвэрхэн боловч заримдаа тасалдаж байв. Харин Хөвсгөлийн Мөрөнд DRM сигналын хүлээн авалт маш их сайжирсан, Хятадын нэвтрүүлэгчээс хол байсан болохоор интерференц тийм их биш байсан нь хажуугийн сувгийн интерференцгүй бол хүлээн авалт сайн байх ба тус богино долгионы /HFB-8047/ станцыг DRM-д шилжүүлж, өргөн нэвтрүүлгийг богино долгион дээр дамжуулахад маш сайн хүлээж авна гэсэн дүгнэлт гаргажээ. Хоёр дахь туршилтыг 2010 оны 11 дүгээр сард Чойрт хийсэн бөгөөд туршилтыг Чойрын радио релейны станцыг түшиглэн хийсэн. Цамхаг дээр нь DRM-ын антенныг суурилуулж, DRM DMOD3 өрнүүлэгчээр DRM сигналыг гаргаж, ердийн өргөн зурвасын өсгөгчөөр өсгөсөн бөгөөд гаралтын чадал 10Вт байв. Энэ туршилтаар төлөвлөсөн нэвтрүүлэгчийн чадлаар бүх нутаг дэвсгэрийг хамрах DRM хамрах хүрээний таамаглал зөв болох нь батлагдсан юм. Төсөлд тоон стандартыг хэрэгжүүлэгч тэргүүлэх орнуудын нэг Герман улсад үйлдвэрлэгдсэн урт болон дунд долгионы TRAM 300L, TRAM 100L, TRAM 100 маркийн DRM стандартын радио нэвтрүүлэх станцыг сонгож авсан юм. Одоо ашиглагдаж байгаа их хүчний радио станцуудын дэд бүтцийг ашиглан Улаанбаатар хотод 600 кВт, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад 200кВт-ын, Баян-Өлгий аймагт 50 кВт-ын урт долгионы, Хөвсгөл аймагт 200 кВт-ын дунд долгионы нэвтрүүлэх станцуудыг шинээр байгуулах юм. Энэ станцууд нь 85%-ийн ашигт үйлийн коэффициенттэй, аналоги/тоон (DRM) горимд ажиллах чадвартай, бүрэн тоон системд шилжих үед ямар ч суурилуулалт, тохиргоо шаардлагагүй, шууд шилжихээр загварчлагдсан, ашиглалтын зардал бага, ашиглахад хялбар, алсын хяналтын системтэй зэрэг олон давуу талтай. Тоон радиогийн “DRM” стандартыг Монголд хэрэгжүүлэв 2009-2012 онуудад Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хамт олон их хүчний радио станцуудыг тоон технологид шилжүүлэх Францын Томсон, ХБНГУ-ын Трансрадио компаниуд, ялангуяа Трансрадио компанитай хамтарч 2010, 2011 оны зуны туршид одоо байгаа аналогии сүлжээний тархалтын хүрээг, дэвшилтэт техник технологи бүхий хэмжүүрийн багажаар хийж, олон улсад  мөрддөг зөвлөмж тооцоололоор хийсэн нь бараг анхны бөгөөд сүүлийн судалгаа шинжилгээний ажил болсон юм. Мөн 2010-2011 онд DRM стандартаар радио нэвтрүүлгийг Улаанбаатар, Мөрөн, Чойрт техник технологийн хэд хэдэн туршилтын нэвтрүүлэг хийж, хэмжилт судалгааны ажлуудыг бодитоор нь гаргаж, эдийн засийн үр ашигтай оновчтой хувилбарыг сонгох нөхцөл боломжуудыг олон талаас нь хийж хэрэгжүүлсэний эцэст Трансрадио компанитай цаашид хамтран ажилласан. ХБНГУ-ын Трансрадио компанитай хамтарч ажилласан хугацааныхаа туршлагад үндэслэн 2011 – 2016 онуудад радио сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийн нарийвчилсан төсөв төлөвлөгөөг боломжит санхүүжилтийн хувилбараар боловсруулж, хэрэгжүүлэхээр доорх хөрөнгө оруулалтын хуваарийг гаргаж батлуулж ажилласан байна. Үүнд: 1-р  үе: /2011-2012 он/ Баян-Өлгийн эрчим хүчний оролтын байгууламж болон газар доорх кабель шугмыг шинэчлэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 25,7 сая. төг/ Баян-Өлгийн Радио станцын барилгын дотор засвар хийж,  шинэ станц байрлуулахад бэлтгэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 15,0 сая. төг/ Баян- Өлгийн РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн “ТRAM-50” маркын станцаар шинэчлэх/Улсын төсвөөс санхүүжүүлэх – 550 сая.төг/ Баян –Өлгийд “DRM  exciter”  худалдан авах,/ Бүх нийтийн үүргийн сангаас санхүүжүүлэх 200 сая.төг/ Хонхорын станцын ТЗ-1-р танхимын эрчим хүчний оролтын болон хуваарьлах хүчний байгууламжуудыг шинэчлэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 36,5 сая. төг/    2-р  үе: /2013 – 2014 он/ Баян-Өлгийн станцын антенн-фидерийн байгууламжийг Трансрадиогийн төслийн дагуу шинэчилж, зурвасыг өргөтгөх/Улсын төсөв 300,0 сая. төг/ Говь-Алтай, Дорнодын станцын эрчим хүчний байгууламжинд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шинэ технологиор шинэчлэх/Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  61,0 сая .төг/ Говь-Алтай, Дорнодын станцын барилгын дотор засвар хийж, шинэ станц байрлуулахад бэлтгэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх 35,0 сая .төг / Говь-Алтайн РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн  “ТRAM-200” маркын станцаар шинэчлэх/ Улсын төсөв 0,996 сая.евро/ 3-р  үе: /2015 – 2016 он/ Дорнодын РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн “ТRAM-200” маркын станцаар шинэчлэх /Улсын төсөв 1,049 сая.евро/ Улаанбаатарын РНТС-ыг DRM стандартын Трансрадиогийн  “ТRAM-600”  маркын станцаар шинэчлэх /Улсын төсөв  2,705 сая.еврог/ Хөвсгөл, Өмнөговийн станцын эрчим хүчний байгууламжинд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шинэ технолигиор шинэчлэх/ Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  61,0 сая .төг/ Хөвсгөл, Өмнөговийн станцуудын барилгын дотор засвар хийж шинэ станц байрлуулахад бэлтгэх/ Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  35,0 сая .төг/ Улаанбаатарын станцыг суурилуулж ашиглалтанд оруулсаны дараа радио долгионы тархалтын хүрээний хэмжилт судалгааг дахин хийсний үндсэн дээр цаашид Хөвсгөл болон Өмнөговийн станцыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.            Телевизийн сүлжээг тоон технологид шилжив Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26-д “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар олон улсын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад улс орнуудын туршлага,  радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сүлжээний техник технологийн хөгжлийн хандлага зэргийг  харгалзан  “Монгол Улсын тоон  радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг  боловсруулсан  билээ. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлуулав. Олон Улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-ын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр (GЕ-06) гаргасан. Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын хэмжээнд аналогии радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх,  тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг  бүрдүүлэх талаар тусгасан. Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн орнуудад өгсөн чиглэлийн дагуу 2015 онд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радиог тоон технологид бүрэн шилжүүлэх, 2014 оны 07 дугаар сарын 31-ны 00.00 цагт аналогии радио, телевизийн дамжууллыг бүрэн зогсооно гэж зааж байсан билээ. Орон нутагт үндэсний телевизийн нэвтрүүлийг дамжуулж байгаа аналоги сүлжээг тоонд шилжүүлэх

Шил ажиллагаа: Голын ай сав дахь барилгуудыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын мэдээлэл ил тод боллоо

“Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцуулж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3,683 дүгнэлт гаргажээ. Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ. Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов. Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13,59 нь үйлчилгээний зориулалттай барилга байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа. “Шил” ажиллагаагаар 5-р сард нь хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтанд хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтанд орж байна. Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно. Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм. Голын ай савд газар олгож, барилга, байшин барьсан нь олон мянган иргэдийн орон сууц, эд хөрөнгө, зам, талбайд их хэмжээний хохирол учруулж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх үндсэн эрхэнд халдаж буйг мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр онилон шүүмжилсэн. “Шил” ажиллагааны баг, ЦХХХЯ-ны ажилтнууд шилэн систем дэх мэдээллийг ашиглан нэгтгэж, олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд дахь мэдээ, баримтуудыг нягтлан тулгаж, зарим нотолгоог “egazar.gov.mn” газрын мэдээллийн нэгдсэн сангаас авч бүрдүүллээ.

Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх системийг хөгжүүлж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар бүтээх зорилгоор “Хакатон-2024” тэмцээнийг зохион байгуулсан.  Тус тэмцээнд шалгарсан 2 багийг “JICA Mongolia”-ын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамруулж, хөгжүүлэлт хийжээ. Тэргүүн байранд орсон “Rookie systems” компанийн залуус 1111 төвд ирж буй мэдээллийг судлан, хиймэл оюунд суурилсан “Дуудлагын төв” байгуулах шийдлийг гаргаж ирсэн байна. Тэдний судалгаанд хамрагдсан иргэдийн 20 гаруй хувь нь утсаа авдаггүй, холбогдож чаддагүй гэх гомдол илэрхийлжээ. Тиймээс операторын үйлчилгээг хиймэл оюунтай холбож, иргэдийн дуудлагад хариу өгөх системийг нэвтрүүлэхээр хөгжүүлж байна. Харин дэд байранд орсон “Data med”-ийн залуус эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чатбот хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Тодруулбал, сошиал орчинд эх сурвалж нь баталгаагүй мэдээлэл түгээмэл. Тиймээс үндэслэлтэй, эх сурвалж нь тодорхой эрүүл мэндийн зөвлөгөөг иргэдэд өгөх юм. Мөн өөрийнхөө зовиур, оношид тохирсон эмийн зөвлөгөө өгөх чатботыг хөгжүүлжээ. ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Технологийн үсрэнгүй өөрчлөлтийн эрин үед хиймэл оюун өгөгдөл дээр суурилж байна. Засгийн газраас цахим шилжилтэд онцгойлон анхаарч, багц хуулиудыг баталсан. Цаашид өгөгдлийн засаглалыг бий болгохоор зорьж байна. Ялангуяа нээлттэй өгөгдлийг бизнес, судалгаа шинжилгээнд хэрхэн ашиглахад суралцаж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий” гэж онцоллоо. Багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан, бизнесийн загваруудыг боловсруулж өрсөлдсөн. Тэргүүн байранд “Rookie systems”, дэд байранд “Data med” 2 баг шинэ санаа, шилдэг бүтээлээрээ шалгарч байсан юм. Жайка УОХАБ-ын Хувийн хэвшил хариуцсан ажилтан Накамура сан “Японд нээлттэй өгөгдөлд суурилсан бизнес загвар нэлээд хөгжсөн. Энэхүү технологийгнэвтрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Мобиком корпорацтай хамтарч төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь нээлттэй өгөгдлийг бизнест ашиглах давуу тал бий болох юм” хэмээн ярилаа. Дээрх хугацаанд багуудыг зөвлөх үйлчилгээнд хамруулж, бүтээлийг нь хөгжүүлж, зах зээлд гаргахаар ажиллаж байна.