Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна

2022.10.15

Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Төрд мэргэшсэн, чадавхтай боловсон хүчин ажиллуулах нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр улам бүр боловсронгуй болж байна.

Энэ удаагийн шалгалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн шалгалт бөгөөд 5885 иргэн бүртгүүлсний 2788 нь Улаанбаатар хотоос бусад нь орон нутгаас байна. Төрийн албаны ерөнхий шалгалт цахимжсанаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд шалгалтад бүртгүүлэх, амьдарч байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.

Шалгалтын зохион байгуулалтад Төрийн албаны зөвлөлөөс гадна цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн систем, серверийн хэвийн найдвартай ажиллагааг Үндэсний дата төв хариуцан ажиллаж байна.

Бусад мэдээ

Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх системийг хөгжүүлж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар бүтээх зорилгоор “Хакатон-2024” тэмцээнийг зохион байгуулсан.  Тус тэмцээнд шалгарсан 2 багийг “JICA Mongolia”-ын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамруулж, хөгжүүлэлт хийжээ. Тэргүүн байранд орсон “Rookie systems” компанийн залуус 1111 төвд ирж буй мэдээллийг судлан, хиймэл оюунд суурилсан “Дуудлагын төв” байгуулах шийдлийг гаргаж ирсэн байна. Тэдний судалгаанд хамрагдсан иргэдийн 20 гаруй хувь нь утсаа авдаггүй, холбогдож чаддагүй гэх гомдол илэрхийлжээ. Тиймээс операторын үйлчилгээг хиймэл оюунтай холбож, иргэдийн дуудлагад хариу өгөх системийг нэвтрүүлэхээр хөгжүүлж байна. Харин дэд байранд орсон “Data med”-ийн залуус эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чатбот хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Тодруулбал, сошиал орчинд эх сурвалж нь баталгаагүй мэдээлэл түгээмэл. Тиймээс үндэслэлтэй, эх сурвалж нь тодорхой эрүүл мэндийн зөвлөгөөг иргэдэд өгөх юм. Мөн өөрийнхөө зовиур, оношид тохирсон эмийн зөвлөгөө өгөх чатботыг хөгжүүлжээ. ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Технологийн үсрэнгүй өөрчлөлтийн эрин үед хиймэл оюун өгөгдөл дээр суурилж байна. Засгийн газраас цахим шилжилтэд онцгойлон анхаарч, багц хуулиудыг баталсан. Цаашид өгөгдлийн засаглалыг бий болгохоор зорьж байна. Ялангуяа нээлттэй өгөгдлийг бизнес, судалгаа шинжилгээнд хэрхэн ашиглахад суралцаж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий” гэж онцоллоо. Багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан, бизнесийн загваруудыг боловсруулж өрсөлдсөн. Тэргүүн байранд “Rookie systems”, дэд байранд “Data med” 2 баг шинэ санаа, шилдэг бүтээлээрээ шалгарч байсан юм. Жайка УОХАБ-ын Хувийн хэвшил хариуцсан ажилтан Накамура сан “Японд нээлттэй өгөгдөлд суурилсан бизнес загвар нэлээд хөгжсөн. Энэхүү технологийгнэвтрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Мобиком корпорацтай хамтарч төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь нээлттэй өгөгдлийг бизнест ашиглах давуу тал бий болох юм” хэмээн ярилаа. Дээрх хугацаанд багуудыг зөвлөх үйлчилгээнд хамруулж, бүтээлийг нь хөгжүүлж, зах зээлд гаргахаар ажиллаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцож байна. Сайд Н. Учрал Дээд түвшний уулзалтын хүрээнд “Цахим шилжилт-Ирээдүйн замнал” болон “Цахим Засгийн газар-Бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, зорилт, сайн туршлагаас хуваалцав. Мөн энэ үеэр тэрээр АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав. Сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын ХЭГ болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хоёр орны Засгийн газар албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлж байгааг зарлах ёслолын арга хэмжээнд оролцоно. Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар анх санаачлан 2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд инновац, дэвшилтэт технологийн шийдэл, боломжуудыг ашиглах, Засгийн газруудын хамтын ажиллагааг хангах, туршлага солилцох боломжуудыг нээх зорилготой механизм юм. Энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 300 гаруй сайд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга К.Шваб, Дэлхийн банкны ерөнхийлөгч А.Банга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Гиоргиева зэрэг 80 гаруй олон улсын байгууллагын тэргүүн, нобелийн шагналтан, эрдэмтэн судлаачид болон “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч Сэм Алтман, Гүүгл компанийн Ерөнхий захирал асан Эрик Шмидт зэрэг технологийн салбарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид бүхий 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Үндэсний цахим шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлангийн уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын КТ корпорацийн зөвлөх багийн төлөөллийг өнөөдөр (2023.07.07) хүлээн авч уулзлаа. Тус зөвлөх баг нь Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн технологийн бодлого боловсруулах бүтцийн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ ЦХХХЯ-ны хамт олонд танилцууллаа. Судалгааны хүрээнд цахим шилжилтийн ирээдүйн зураглал, үндэсний цахим шилжилтийн тэргүүлэх чиглэл, эко системийн хөгжлийн талаар танилцуулж, талууд мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох боломжтой бөгөөд бусад уламжлалт салбаруудын ирээдүйн гол хөдөлгөгч хүч болохыг онцлов. Энэхүү судалгаа нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм.